Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Н.Удвал эгчийн яриа

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал эгч хэвлэлд часхийсэн ярилцлага өгчээ. Түүнийг уншаад олон юм бодогдож байх чинь. XXI зууны Монголын урвагчид ингэж тодордог байжээ. “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” хөдөлгөөний буянаар л өнөөгийн олигархиуд, урвагч­дыг мэдэж авах юм даа. Монгол­чуудын үнэт зүйл бүх­нийг хуу хамж, хөдөлгөөндөө нэр өгсөн тэд сайн ажиллаж байгаа юм байна. Энэ хөдөлгөөнийхний зохион байгуулсан “Монголын түү­хэнд байгаагүй урвалт” нэр­тэй хэлэлцүүлэгт оролцсон “эрдэмтэн, судлаач, улстөрчид” ямар дүгнэлт гаргасан талаар Н.Удвал эгч ярьж өглөө.

Тэрбээр  “Эдийн засгийн хөгжлийн шинэ эрин эхэллээ”, “Их бүтээн байгуулалт өрнөж байна” гэхчлэн  бидний  хөөрч баярлаад байгаа Оюутолгойн  ордыг ашиглах Хөрөнгө оруу­лал­тын гэрээ муу болсон, түү­нийг  байгуулсан явдал бол “айм­шигтай урвалт” гэж байх юм. Н.Удвал эгч худлаа хэлэ­хээргүй хүн. Түүний ярьснаар бол хэлэлцүүлэгт орол­цогчид “Монголын түү­хэнд байгаагүй урвалт” номи­на­цийн эзэд тус бүртээ зэрэг дэв, цол гуншинтай гэнэ. Тухайл­бал, Оюутолгойн гэрээнд га­рын үсэг зурсан гурван сай­дыг “Гүйцэтгэгч урвагч”, түүнийг дэмжиж УИХ-д өр­гөн барьсан Засгийн газ­­рын ги­шүү­дийг “Хамтрагч урвагч” гэж нэрлэжээ. Мөн айхавтар нэр­лэсэн байгаа биз. Бо­лоо­гүй ээ, хамгийн олон хү­нийг багтаасан урвагчдын баг нь  “Өөгшүүлэгч урвагч” номи­нацид  багтана. Үүнд УИХ-ын гишүүд ба­раг тэр чигээрээ орчих юм байна. Аан тийм, бас “Зохион бай­гуулагч урвагч” гэж бий. ­“Энэ нь МАНАН-ийн толгойд бай­гаа удирдлагууд, нэр бү­хий бүлэглэлүүд” хэмээн тэд тодорхойлжээ.

Цаана нь хүн үлдэв үү, үгүй юү. Хэлэлцүүлгийг зохион байгуулагч “Экс МАНАН” л үлдэж байна. Гайхалтай мундаг дүгнэлт гаргасан байгаа биз.

Гоё нэртэй хөдөлгөөнийхөн ийм дүгнэлт гаргаж, түүнийг Н.Удвал эгч тайлбарлаж өгөөгүй бол монголчууд бид урвалт гэдгийг ердөө л эх орноосоо урвасан хэрэг, цэрэг дайны үеийн асуудал, Арслан тайж мэтхэнээр төсөөлж суух байж шүү. “Энэ цагийн эгэл баатрууд”, Монголын түүхэнд бай­гаагүй урвагчид”-ыг тодруулдаг ийм ажил үүрэгтэй хүмүүс заавал байх хэрэгтэй юм байна. Ингээд “Монголын түүхэнд байгаагүй урвалт” юу болох, урвагч нь хэн болохыг мэдэж авлаа.

Оюутолгойн гэрээ  Монголын 2.7 сая иргэнд, цаашилбал бидний хойч үед хэрэгтэй гэж бодож явлаа. Гэтэл энэ бүхэн ард түмэнд таалагдаагүй гэнэ. Ард түмний төлөөлөл болсон их хуралдайнхан ингэж үзсэн байна. “Оюутолгойн гэрээг дэлхийд байхгүй маш сайн гэрээ” хэмээн олон улсын экспертүүд магтдаг. “Ийм их хэмжээний нөөцтэй орд, түүнийг ашиглах дөрвөн тэрбум ам.долларын гэрээг гадны хөрөнгө оруу­лагчдаар гаргуулчихна гэ­дэг гайхамшиг. Өөрсдөө мөнгө гаргаж эхлээгүй байж, боломжийн урьдчилгаа түрүүлж аваад цохичихдог Монголын улстөрчид бас их эд ээ” гээд л шуугиад байсан. Гэтэл одоо юу вэ. Ард түмнээсээ урвасан  гэрээ хийчихсэн юм байна шүү дээ. Би худлаа хэлээгүй. Баримт нь бий шүү. Худлаа гэвэл Н.Удвал эгчийн ярьсныг уншаарай.

Н.Удвал эгчийн яриа маш сонирхолтой мэдээлэлтэй байсан. Тухайлбал,  Ард түмний их хуралдай ойрын үед бүр ч их ажилтай байгаа юм билээ. Тэр бол маш том ажил. Юу гэвэл Ард түмний их хуралдай саяхан хуралдаж, Монголын бүх ард түмний дунд санал асуулга зохион байгуулахаар болсон байна. Ердөө ирэх хагас сайнаас эхлэхээр болсон гэнэ. Уг нь хуульд бол Ерөнхийлөгч л санал асуулга зохион байгуулах эсэхийг шийддэг. Ард түмний их хуралдай хууль, энэ тэр гэж хүнд сурталд автахгүй. Ерөнхийлөгчийн энэ эрхийг нь шууд өөрсдөдөө өмчилчихсөн. Маш шуурхай. Ердөө 14 хоногийн дотор иргэн бүхнийхээ саналыг авчихна. Санал асуулгад  хоёрхон асуулт тавихаар бэлтгэсэн. Амархан. “Одоогийн төр засагт итгэж байна уу”, “Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд 100 хувь өгөх нь зөв үү”. Хэн үүнд хариулахгүй гэх юм бэ. Ард түмний их хуралдай аргагүй ухаалаг шийдсэн байгаа биз.

Энд олон “гоё” хүмүүс бий. Тийм ч учраас ямар ч номинациар хэнийг ч шалгаруулахад удаж сүйд болдоггүй. Үнэхээр чадвартай. Н.Удвал эгч л гэхэд Монголын гэр бүлүүдийн сайн сайхны тухай ярьдаг байсан “гоё” эгч байв. Удалгүй хуучнаар МАХН-д Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж эхэлсэн. Гэтэл “гай” дайрч, Н.Энхбаяр дарга сонгуульд ялагдав. Бухимдаад,  аймаар ууртай сууж байсан чинь Н.Удвал эгч бүсгүй хүний өр зөөлөн зангаар өрөвдөж очоод урхидуулчихсан. Дараа нь Н.Энхбаярыг “Баяртай” гээд хаяад явалтай биш гээд нам байгуулахад нь дагаад явсан.

“Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг. Аль намаас гарч, алинд нь орохыг тэр гэх вэ. Энэ бол урвалт биш сонголт гэж тэр үзсэн байх л даа. Ингээд Н.Удвал эгч урьдынхаасаа тэс өөр болчихсон. Юун С.Баяр дарга. Түүнээс том хүнтэй ажиллах болсон юм чинь cancel хийхээс өөр яах юм бэ. Нэгэнт Ардын намд эмэгтэй хүн генсек болсон түүхгүйгээс хойш шинэ МАХН-д очиж даргаа хийхэд яагаад болохгүй гэж. Н.Удвал эгчийн тухай төсөөлөл нэг иймэрхүү дүр зурагтай сэтгэлд бууж байх юм.

Н.Удвал эгч бусдын адил Маргарет Тетчер, Махатма Ганди, бүр Мадонна энэ тэр болох гэдэггүй өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой улстөрч билээ. Магадгүй өнөөх улс төрийн дахин бүлэглэлт гэгч нь л түүнийг эргүүлэгтээ  хамж аваад энэ нам руу шидчихсэн юм болов уу. Гэхдээ түүнтэй “жентельмэн” тохироо хийсэн хүмүүс хамгийн найдваргүй “урвагчид” гэдгийг өөрөө гадарладаг л байлгүй дээ. Тэдний намын эрчүүд генсек хатаг­тайдаа зориулан wine задал­лаа гэхэд өөрсдөө уучихаад лон­хыг нь дурсгачихаад явчихаар хэмжээний л соёлтой хүмүүс шүү дээ. Зангианыхаа ард зангаа нуусан тэдэнтэй хийсэн гэрээнээс ханхлах урвалт нь Оюутолгойн гэрээтэй харьцуулбал инээдтэй л дээ. Оюутолгойн гэрээ наанадаж Монгол Улсын 2.7 сая иргэн, цаанадаж дэлхий дахины хараа, хяналтад байгаа. Харин нам доторхи гэрээ бол нууц чигээрээ үлддэг. Их л удаж сонгуулиас сонгуулийн хооронд хүчин төгөлдөр байх жишээтэй. Хөшигний цаана хэн хэрхэн шударга бус авирлаж, урваж шарвасан ч хохирогч нь ганцаараа нулимсаа арчаад хоцордог. Нууц юм чинь олон нийт мэдэхгүй шүү дээ. Ийм л тоглоомд Н.Удвал эгч минь орчихоод, элдвийн юм ярьж өгч байна даа, бидэнд.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж