Хятад, Монгол, Орос гурван улсын хэвлэл мэдээллийнхний уулзалт БНХАУ-ын Манжуур хотод 2014.12.24-ний өдөр боллоо. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү уулзалтад Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, Үндэсний олон нийтийн радио, “Үндэсний шуудан” сонин, NTV, UBS, Ийгл телевиз,inet.mn, шудрага.мн сайт зэрэг газруудын төлөөлөл оролцлоо. БНХАУ-ын талаас Синьхуа агентлаг, CCTV, BTV болон ӨМӨЗО, Манжуурын хэвлэл мэдээллийнхэн, ОХУ-ын талаас Буриадын төв телевиз, Өвөр байгалийн хэвлэл мэдээллийнхэн оролцсон байна.
Нийтдээ 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцсон энэхүү арга хэмжээний ач холбогдлыг Манжуур хотын орлогч дарга, Гадаад соёлын солилцооны нийгэмлэгийн ерөнхийлөгч Бай Шао Жүэн “Гурван улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаашид хамтран ажиллаж, энэхүү хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байхын эхлэл” гэж үнэлсэн байна.
МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Ийм гурвалсан харилцаа, хамтын ажиллагаа аль аль талдаа ашигтай, гурван орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байх болно” гэлээ.
Гурван орны хэвлэл мэдээллийнхэн хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцсэнээс гадна энэ үеэр Манжуурт зохиогдсон “Гурван улсын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны хөгжлийн тухай хурал”, гурван орны бүсгүйчүүд оролцсон гоо бүсгүй шалгаруулах олон улсын 11 дэх удаагийн тэмцээн, Манжуурт 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын цас мөсний баярын үйл ажиллагааг сонирхон сурвалжиллаа.
Манжуурт нэгэн зэрэг болсон эдгээр гурван талт арга хэмжээнүүдэд ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газар, Нийслэлийн соёлын газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, шууд харилцаат байгууллагуудын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүн манай талаас оролцлоо.
Манжуур нь 3 орны хил дээр оршдог Хятадын хамгийн том хуурай боомт, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буй олон улсын нээлттэй туршилтын бүс бөгөөд хил залгаа нутагт аялал жуулчлалыг хамтран хөгжүүлж, харилцан ашигтай ажиллах талаар ихээхэн санаачлага гаргаж буй юм. Манжуур өнгөрсөн жил дотоодын 5 сая, гадаадын хагас сая орчим жуулчин хүлээн авчээ.