УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Засгийн газраас “Цахилгаан станц барих ажлыг ирэх сард эхлүүл” гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ Оюутолгой, Тавантолгойн алинд нь түшиглэж барих вэ?
-Энэ бол Засгийн газрын ажил. Бид оролцох шаардлагагүй. Гэхдээ эрчим хүчний инженер хүний хувьд хэлэхэд Тавантолгойн ордод түшиглэж барих нь зөв. Учир нь тэнд нүүрсний нөөц бий. Нүүрсээ зөөх нь өндөр зардалтай болохоос биш шугам татаад цахилгаан нийлүүлэх нь хамаагүй бага зардалтай. Магадгүй Оюутолгой хамгийн том хэрэглэгч нь болох байх. Цахилгаан станц барихад “Оюутолгой” төслийнхөн оролцож болно. Харин “Эрдэнэс МГЛ”-ынхон станц барьчихаад дуртай үедээ цахилгаанаа таслаад байж болохгүй. Байршлын тухайд нүүрсээ дагах нь зүйтэй юм. Олборлож байгаа нүүрсийг станцад ашигладаг. Бас төмөр замаар ачдаг л байх ёстой. Бид улс орнуудын цахилгаан станц, уурхайг харж, судаллаа. Ер нь Тавантолгойг тойроод хэд, хэдэн станц байх хэрэгтэй гэж үздэг. Тэнд ажиллаж байгаа “Энержи ресурс”, “МАК” зэрэг компани жижиг станц барих бус Тавантолгойн станцаас цахилгаанаа авах ёстой. Харин станцынхаа хүчин чадлыг нэмээд 1000 мгв болгох нь чухал юм. Ингэвэл арай хямд үнэтэй цахилгаантай болно. Станц төрийн мэдлийнх байх ёстой. УИХ-ын тогтоолыг батлах үеэр Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж байхад станц, төмөр зам, эрчим хүчний асуудал бүгд төрийн мэдлийнх байна шүү гэж анхааруулсан. “Оюутолгой” төслийнхөн станц барих техник, эдийн засгийн үндэслэлээ хийж байгаа гэнэ лээ. Үүнийгээ Тавантолгойд түшиглэж байгуулах станцтай нэгтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүтээн байгуулалтаа хурдлах ёстой. Тэгэхгүйгээр энд барих нь зөв, тэнд барья гээд хэрүүл үүсгэх шаардлагагүй.
-“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт хувьцаа олгоно. Харин нэгж хувьцааны үнэ хараахан тодорхой болоогүй байна. Та хэд байх бол гэж бодож байна вэ?
-Хувьцааны нэгж хэд ч байж болно. Нийтдээ хэдэн сая хувьцаа гаргах вэ гэдгээ л тооцох ёстой. Тавантолгойн орд дэлхийд эхний хоёр, гуравдугаарт орох томоохон орд юм. Ийм том ордын үнэлгээ өөр байна.
Тавантолгойн нийт хувьцааны 10 хувь нь хэд байх вэ, түүнийг 2.7 сая хүндээ хуваахаар хэд ногдох вэ гэсэн зарчмаар гаргаж байгаа юм билээ. Нэг үгээр хэлбэл, хэдэн ч ширхэг хувьцаа байж болно. Харин нэгж хувьцааны үнэ бол өөр. Монголын ард түмэн 10 хувийг нь авах талаар ярьж байгаа. Энэ нь Тавантолгойн асуудлыг бүхэлд нь ярьж байгаа хэрэг. “Жижиг” Тавантолгойгоос бусад нь үүн рүү орох ёстой. Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд хэлэхэд энэ талаар иргэддээ маш сайн ойлгуулах нь зүйтэй. Тэгэхгүй бол хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна.
-УИХ дахь Ардын намын бүлэг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэдэг дээр санал нэгдсэн. Гэсэн хэдий ч танай намынхан дотроо аль тогтолцоо нь дээр вэ хэмээн хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. Харин УИХ-ын 2012 оны сонгуулийг холимогоор явуулах нь оновчтой хувилбар байж чадах болов уу?
-Бид эхлээд сонгуулийг будилаангүй явуулдаг журмыг цэгцлэх хэрэгтэй. Үүний хажуугаар сонгуулийн тогтолцооны талаар хэлэлцэж байна. Ирэх сонгуулиар холимог тогтолцоотой байх нь зөв гэж бодож байгаа. Пропорциональ тогтолцооны зарим элементийг оруулж байж намаа бэхжүүлэх ёстой юм болов уу. УИХ-ын 2008 оны сонгуулийг харсан ч, сонгуулийн дараах будилааныг бодсон ч Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Намын нэр дугуйлах бус, нэр дэвшигчээ дугуйлахгүй бол Үндсэн хууль зөрчсөн болох байх. Тиймээс зарим нь пропорциональ хувилбараар нэр дэвшдэг, харин бусад нь мажоритараар орох нь зүйтэй.
-Гэхдээ холимог дотроо пропорциональ нь хэдэн хувь, мажоритар нь хэд байх вэ гэдэг асуудал гарч ирэх байх?
-Намын байр суурийг төлөөлж ярьж байгаа зүйл надад байхгүй. Гэхдээ нэр дэвшигч нь иргэдээ төлөөлж орон нутгийн болон тойргийнхоо асуудлыг шийдэхгүй бол болохгүй зүйл харагддаг. Намайг орон нутагт ажиллахад иргэд, сонгогчид “Бидэнд ирээд загнуулдаг гишүүд ч байхгүй болж, иргэдийнхээ төлөө зүтгэх хүн цөөрөх юм байна” гэж байсан.
-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулахыг өмнөх парламентын үед хуульчилсан. Ингэж нэгэн зэрэг явуулах нь хэр зохимжтой вэ?
-Америк ч гэдэг юм уу, бусад улсад Ерөнхийлөгч, мужийн сонгуулиа хамтад нь явуулчихдаг юм билээ. Манай улсын хувьд ингэж явуулж арай чадахгүй байх. Тиймээс тус, тусдаа байсан нь оновчтой.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Харин та уг хуулийг санаачлагчдын нэг. Ямар заалтыг нь өөрчлөхөөр ажиллаж байна вэ?
-Үндсэн хуулийн засаг захиргааны нэгжийн тухай заалтад хот гэдэг үгийг л оруулах гэсэн юм. Одоо бол аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо гэж байгаа. Ер нь хот “ургаж” бий болдог. Тиймээс нэмэгдэж болно. Хот улсын нэгж болбол улам олон болно гэдгээс хүмүүс болгоомжлоод байх шиг байна. Энэ олон аймаг байх шаардлагагүй гэж боддог. Одоогийн 21 аймгийг 10 аймаг, 360 гаруй сумыг 100 болгодог ч юм уу. Ингэж байж л хөгжинө. Хөдөөгийнхөн яагаад Улаанбаатар руу нүүж, шигдэцгээгээд байна вэ гэвэл энд нэг сая гаруй хүнтэй учир сонгодог утгаараа зах зээл бий болчихсон. Төрийн оролцоогүйгээр зах зээлтэй болсон болохоор хувийн хэвшлийнхэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж нь бүрдэнэ. Дархан, Эрдэнэт ч мөн адил. Эдгээр аймгийг дэмжих хэрэгтэй. Хөшөөтийн уурхайг түшиглэн Ховдод өөр нэг хот байгуулахыг үгүйсгэхгүй. Өмнөговийн Цогтцэций, Ханбогдод хүссэн ч, хүсээгүй ч хот бий болно. Сум гээд дараад байх хэрэггүй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг одоо хэлэлцэж байна. Гэвч нийслэлээ Хархорин руу нүүлгэлээ гэж бодъё. Тэгвэл Улаанбаатар аймаг болж хувирах байхгүй юу. Жишээ нь Улаанбаатар аймгийн Хан-Уул сумын нэгдүгээр багийн иргэн гээд төсөөл дөө. Энэ бол үнэхээр хэцүү асуудал. Гадаадынхан улсаа хөгжүүлэхийн тулд хот байгуулдаг атал манайхан эсрэгээрээ хотоо устгаж, аймаг, сум гээд багасгаад байгаа нь зохимжгүй. Тосонцэнгэл, Хялгант, Бор-Өндөр гэж ямар хот байлаа. Гэтэл эдгээрийг сум, баг л болгочихлоо. Ер нь амьдралд нийцэхгүй асуудал их бий. Эдгээрийг шийдэх гэхээр жалга довныхоо талаар яриад байж болохгүй.
-Жишээ нь хаана, хаана хот байгуулбал тохиромжтой вэ?
-Болж өгвөл баруун хязгаарт байх хэрэгтэй. Мөн Чойбалсан, Сүхбаатар, Эрдэнэтийг томруулах нь зүйтэй юм. Улаанбаатар ийм замбараагүй байгаа учир Эрдэнэтэд нийслэлээ зөөгөөд аваачихад болохгүй гэх газаргүй. Эрдэнэт бол анхнаасаа цэгцтэй явсан газар. Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жил боллоо. Гэхдээ амьдралд нийцэхгүй зүйл байгаа нь харагдлаа. Өөрчлөх зайлшгүй шаардлагатай заалтууд байгаа учир ажиллаж байгаа. Түүнээс биш Үндсэн хуулийг барьж аваад, эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэх гээд гүйгээд байгаа зүйл огт алга. Болохгүй бүхнийг цэгцлэх иргэний зориг улстөрч хүнд байх хэрэгтэй шүү дээ.
-Аймгуудыг нэгтгэе гэж ярьж байна. Тэгэхээр хол, хол зайтай аймгуудын төвлөрлийг хэрхэн бий болгох вэ?
-Бүсчилсэн аймаг гэдэг чинь л энэ шүү дээ. Сэргэлэн сумын сургуульд 45-хан хүүхэд сурдаг. Ийм сумыг байлгах хэрэг байна уу гэхээр “Энэ чинь А.Сүхбат аваргын маань сум байгаа юм. Тиймээс сумын иргэд зөвшөөрөхгүй байна” гэдэг. Гэтэл сумын иргэд гэхээр хүн байхгүй. Нөгөө талаас нь сумын Засаг дарга, ажилчид ажилгүй болно. Эдгээрийг эрүүлээр харах хэрэгтэй юм. Эрдэнэтийн тухайд Увс аймгийн хоёр сумынхан нүүгээд ирсэн. Увсад бараг хүн үлдээгүй шахуу. Иргэд хотод төвлөрч байгааг хуулиар шийдэж чадахгүй. Хаана амьдрах нь тухайн хүний эрх учир хэн ч түүнд “Битгий нүү” гэж хэлэх эрхгүй байна шүү дээ.
-Аймаг, сумыг нэгтгэн хөгжүүлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй юм бол. Хэдий нэгтгэсэн ч гэсэн хуучнаараа байвал бас хэцүү шүү дээ?
-Нэгтгэснээр зах зээл бий болно. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх бололцоотой. Аймгийн төв 20, 30 мянган хүн амтай байгаа. Орон нутгийнхан аймгийн төв дээр л үйл ажиллагаа явуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Түүнээс биш сумдад сургууль, эмнэлгээ засах барилгын компани байхгүй. Ер нь суманд ямар компани байх юм бэ. Байлаа гээд тэр компанид ямар ч ирээдүй байхгүй. Мөн нийслэлийн компаниуд орон нутгийн компанийн ажлыг булааж авч хийгээд байгааг би эсэргүүцдэг. Харин ч орон нутгийн компаниудыг хөгжүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Ер нь бид зах зээлийнхээ жамаар хөгжих гээд байгаа юм уу, эргээд социалист нийгмийг бий болгох гэж үзээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг гишүүд дэмжсэн. Барьцаалж, шилжүүлэхийг ч мөн хориглох талаар зарим гишүүн санал болгож байсан. Энэ нь зөв гэж үзэж байна уу?
-Тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш нэлээд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж чадахгүй хэцүү байх шиг байна. Олборлолт хийхийг зөвшөөрөх л хэрэгтэй. Гэхдээ манайхан олборлох, хайгаад олох бус талбайг нь авчихаад зараад байгаад асуудал бий. Энэ наймааг хаах талын арга хэмжээ авахаас биш олгохыг нь зогсоох хэрэггүй болов уу. Гадныхан лиценз авч, зарж байна гэх яриа байдаг. Үүнийг л болиулчих ёстой юм. Оюутолгойн талаар 2008 онд хэлэлцэх үед Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулъя гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад Ашигт малтмалын тухай хууль шинэчлэхгүй байна вэ. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30 хүртэл гэж тодорхой хугацаа тавьж өгсөн. Гэсэн ч энэ хугацаандаа багтсангүй. “Зургадугаар сарын 15 гэхэд оруулж ирье” гээд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байх шиг байна. УИХ-ын ажлын хэсгийнхэн ч зөвшилцлөө. Хуулиа сайжруулъя л гэж байгаа бол сайжруулаад ажиллах ёстой. Үгүй бол бүр орхи. Асуудлын гол нь нэг хүнд гэхэд 130 лиценз байх жишээтэй. Энэ хүмүүс мэдээлэл сайтай байсан учраас олон лиценз авчихсан. Харин түүнийгээ дамлаад замбараагүй үнэ хэлж байгааг л хориглох нь чухал гэж би хэлээд байгаа юм. Тусгай зөвшөөрөл наймааны хэрэгсэл болсон болохоор арга ядахдаа л хориглож байна шүү дээ. Салбарын сайд нь “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг хамарсан лицензийг 16 хувь болгосон. Одоо үүнээс ч багасгана” гэж ярьж байна лээ.
-Лиценз олголтыг хориглосноор уул уурхайн салбар дахь ажлын байр багасах юм биш үү?
-Уул уурхай бол ажлын байрыг ихээр бий болгодог газар биш. Оюутолгой, Тавантолгойгоос 2013 он гэхэд мөнгө орж ирнэ. Энэ мөнгийг үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрт зарцуулж ажлын байр бий болгох хэрэгтэй. Уул уурхайгаас орж ирэх орлогыг зөв зарцуулж байж ажлын байр гаргах ёстой.
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөхөөр намын бүлгүүд болон гишүүд байр сууриа илэрхийлж байна. Харин та хамтарсан Засгийн газарт ямар дүн тавих вэ?
-Засгийн газар хамтарсан учир хэд, хэдэн ажлыг хэрэгжүүлж байна. Ажлаа явуулах ёстой юм уу, эсвэл хэрэлдээд суух хэрэг үү гэдэг нь өөр асуудал. Ажил хийсэн хүнийг нь элдвээр гоочлоод байх нь ч бас өөр асуудал. Мэдээж ажил сайн, муу ч хийсэн шүүмжлэлд өртдөг. Хамтарсан Засгийн газар ийм боломжтой нөхцөлд их зүйлийг бүтээх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, гүйцэтгэх засаглалын ажил удаан байна уу даа гэж бодох үе бий. Оюутолгой, Тавантолгойгоос гадна хүний нүдэнд харагдах томоохон ажлууд нь хурдан эхлээсэй гэж бодож байна. Үүгээр нь тэдний хийсэн ажлыг дүгнэнэ шүү дээ. Наад зах нь зэс хайлуулах болон газрын тосны үйлдвэрийг барих томоохон төслийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. УИХ-ын хувьд энэ Засгийн газрыг аль болох дэмжиж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг нь гаргаж өгч байгаа. Жишээ нь Сайншандын төсөл, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, Хөгжлийн банк байна. Эдгээр бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хийгээгүй бус хийж байгаа юм. Түүнээс биш бүхнийг хэдхэн өдрийн дотор хийнэ ч гэж юу байх вэ.
-УИХ-ын гишүүд сайд нарыг хэтэрхий том толгойтой, хариуцлага хүлээдэггүй гэж шүүмжилдэг. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах эсэхийг ийм шалтгаанаар хэлэлцлээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-УИХ-ын гишүүд сайд нарыг томилдог. Сайдыг огцруулах санал өргөн барьсан нь хувь хүний хоорондын асуудал байхыг үгүйсгэх зүйл алга. Төрийн ажил ярьж байгаа үед шаардлага тавих нь зөв. Сайд нь УИХ-ын гишүүний үгийг сонсох ёстой юу гэвэл тийм. Амьдрал баян учир муудалцах, сайдалцхыг алийг тэр гэх вэ. Хамгийн гол нь ажлаа л явуулах нь чухал. Ажлын төлөө муудалцаж байвал үүнд ямар ч асуудал байхгүй гэсэн үг. Түүнээс биш хувь хүн рүү дайраад яах ч юм билээ.
-Парламент, гүйцэтгэх засаглал хаа, хаанаа хариуцлагын тогтолцоогүй болжээ гэх яриа иргэдийн дунд бий. Хариуцлагыг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй юм бол?
-УИХ гүйцэтгэх засаглал болон орон нутагт хийх ажил, эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. “Даахгүй нохойнд булуу хураана” гэдэг шиг бүгдийг нь өөр дээрээ хураах шаардлагагүй. Ингэснээр эцэстээ УИХ руу дайрч, давшлах нь ихэсч байгаа юм. Парламентад бүх асуудалд төвлөрснөөр гадуур 76 сайд гэж ч ярьж байна. Энэ их баялаг олдсон ийм үед парламентын засаглалтай байгаа нь монголчуудын аз завшаан гэж боддог. Манай улс сүүлийн 20 гаруй жил үндсэндээ өөрсдийн толгойгоор ажиллалаа шүү дээ.
-Нөгөө талаар хариуцлагыг бий болгохын тулд хоёр танхимтай парламент хэрэгтэй юү. Эсвэл нэг танхимтай парламентаа сайжруулах нь зөв үү?
-Парламентыг боловсронгуй болгох ёстой гэдэгтэй би санал нэг байгаа. Хоёр танхимтай байх нь зөв гэдгийг хэлж мэдэхгүй юм.
-Ярилцсанд баярлалаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин