Уг аяны хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудаас Гоц авъяастны 93-р сургууль, Хан-Уул дүүргийн 41-р дунд сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай дунд сургууль зэрэг шилдгийн шилдэг сургууль, анги хамт олонд R & B дуучин Д.Болдын хамтаар гарын бэлэг барьсан юм. АПУ компанийнхан Монголын рок попын ертөнцөд жинтэй хувь нэмэр оруулж, олны хайр хүндэтгэлийг хүртэн, урлагийн тайзнаа “Од” болон гялалзаж яваа олон хамтлаг, дуучдыг төрүүлэн гаргасан Хөгжим бүжгийн коллежоос аяны буухиагаа эхлүүлээд байна. Учир нь дуучин Д.Болд 1986 онд энэ сургуулийг төгсөж байсан учраас түүний их амжилтын эхлэл болсон ХБК-оос авьяаслаг уран бүтээлчид төрөн гарахыг билэгшээснээ АПУ-гийн хамт олон дурьдаж байлаа. ХБК-ийн Р.Дүүрэнжаргал багштай сонгодог хөгжмийн 7-а ангид олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, улс эх орныхоо нэрийг дуурсгаж, сургууль хамт олныхоо бахархал болсон бяцхан авьяастнууд сурдаг юм. Хүүхдүүд дуучин Д.Болдтой зургаа авахуулж, гарын үсгийг нь авч, түүний гараас бэлэг гардсандаа сэтгэл тэнүүн байж, АПУ-гийн ах эгч нартаа “Маш их баярлалаа” гэсэн сэтгэлийнхээ үгийг манай сониноор дамжуулахыг хүссэн юм.
Монголын анхны Boyband хамтлаг болох “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд их амжилтынх нь үндэс суурь, урлагийн хүн болох гараа болсон төрөлх сургуулийнхаа сурагч дүү нартаа амжилт хүсч, өөрийнхөө тав дахь бие даасан “Монгол поп” цомгоо бэлэглэж, хамт дурсгалын зургаа татуулсан юм.
Дуучин Д.Болд ирэх зургадугаар сарын 04-ны өдөр урлагийнхнаас анх удаа Төрийн ордонд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа аж. Энэ үеэр Монгол поп гэх хөгжмийн урсгалын цагаан хивсний ёслолын ажиллагаа болох юм. Тусгай хамгаалалттай Төрийн ордонд болох тоглолтынхоо урилгыг үе тэнгийнхнээ сурлага, урлаг, спорт, амжилтаараа тэргүүлсэн дөрвөн сурагчид бэлэглэсэн юм.
Дуучин Д.Болд:Үе тэнгийнхнээ өөрийн амжилтаараа тэргүүлсэн хамгийн шилдэг хүүхдүүддээ Төрийн ордонд болох тоглолтынхоо урилгыг өгсөн
-Хэдхэн хоногийн дараа Эх үрсийн баяр болох гэж байна. Хүүхдийн баярыг тохиолдуулж дунд сургуулиудын шилдэг хамт олонд АПУ компанитай хамтарч, өөрийнхөө гарын бэлгийг өгч байгаадаа баяртай байна. Би энэ сургуулийн төгсөгч. Тиймээс монголын урлагийг хөгжүүлэх уран бүтээлчдийг төрүүлэн гаргадаг ХБК-ийн багш хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн хүүхэд багачуудын сайн сайхны төлөө олон ажил хийж, тэднийг баярлуулдаг АПУ компанийнхандаа талархлаа илэрхийлье. Би ирэх 6 сарын 4-ний өдөр Төрийн ордонд анх удаа бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тиймээс анги хамт олноо тэргүүлсэн шилдэг хүүхдүүдэд тоглолтынхоо урилгыг өглөө. Бүх хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
ХБК-ийн 7-а ангийн сурагч А.Төгөлдөр: АПУ компанийн ах эгч нартаа, дуучин Болд ахдаа маш их баярлалаа
-Миний дүүг хэн гэдэг вэ, ямар чиглэлээр сурдаг вэ?
-Намайг Ариунболдын Төгөлдөр гэдэг. Би морин хуур хөгжмийн ангид суралцдаг.
-Өнөөдөр АПУ компанийнхан, дуучин Болдтой хамтарч танай ангийнханд бэлэг өглөө. Анги хамт олноо амжилтаараа тэргүүлж Төрийн ордонд болох Д.Болд ахынхаа тоглолтыг үзэх урилга авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Өнөөдөр АПУ компанийн ах эгч нар манай сургууль дээр ирж бидэнд бэлэг өгч, ангиараа нэг өдөр парк дээр тоглох эрх болон “Тэнгис” кино театрт кино үзэх тасалбар бэлэглэсэнд маш их баяртай байна. Д.Болд ахын тоглолтыг үзэх урилга авсандаа их баярлаж байна. Би том болоод улс эх орныхоо нэрийг дуурсгасан алдартай хөгжимчин болно гэж мөрөөддөг.
АПУ компанийн ОНХА-ны асуудал хариуцсан зөвлөх П.Сайнбилэг: АПУ компани нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил хийдгийн дунд хүүхдийн төлөө ажлууд өргөн хүрээтэй явагддаг
-АПУ компани дуучин Болдтой хамтарч хүүхдийн баярыг тохиолдуулаад нийслэлийн хамгийн шилдэг сургуулиудын шилдэг анги хамт олонд бэлэг гардуулах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ аян маань хүүхдийн баяр хүртэл долоо хоногийн турш үргэлжилнэ. АПУ компани нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил хийдгийн дунд хүүхдийн төлөө ажлууд маш өргөн хүрээтэй явагддаг. Энэ жилийн Эх үрсийн баяраар нийслэл хотын хэмжээнд зохиогдох 20 гаруй арга хэмжээнд АПУ компани хамтран, бие дааж 10 гаруй үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, үр хүүхдийнхээ төлөө хийх үйлсэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа юм.