Би 2.7 сая монголчуудын нэг. Жирийн л
эх хүн. Хүүхдүүдийнхээ дуртай чихэр, жигнэмэг, гэртээ хэрэгцээтэй
хүнсний бүтээгдэхүүнийг авахдаа чанар, баталгааг нь анхаардаг
хэрэглэгчдийн нэг. Эрүүл, чанартай, аюулгүй байдлын баталгааг дээд
зэргээр хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх эрхтэй иргэн. Харин
саяхан сонссон нэг мэдээ энэ эрх маань алдагдахад хүрч байгаа юм биш биз
гэсэн эргэлзээ төрүүллээ. Тодруулбал, “MSM” компани Японоос хүнсний
бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай автомашин оруулж иржээ. Нийт 83 ийм
автомашин оруулж ирэхээс эхний ээлжинд 10-ыг нь авчирч, түгээлтэд
гаргасан байна. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж, түгээх зориулалттай
автомашин оруулж ирсэн нь яагаад хүнсний аюулгүй байдалд нөлөөлж,
чанартай, баталгаатай хүнс хэрэглэх эрх алдагдахад хүргэнэ гэж хэмээн
асуух байх. Гол учир нь тэдгээр автомашиныг Японоос оруулж ирсэнд байгаа
юм.
Өнгөрөгч гуравдугаар сард Японд болсон байгалийн гамшиг цунамийн
учруулсан аюулын талаарх баримтуудыг бид дэндүү сайн мэднэ. Фүкүшимагийн
атомын цахилгаан станцын реактор дэлбэрч, цацраг идэвхт бодис агаарт,
далайн усанд тархаж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн
хордлого илэрсэн тухай бид хангалттай уншиж, сонссон. Олон улсын
мэргэжилтнүүд Фүкүшимагийн атомын станц дэлбэрсний улмаас тархсан
цацрагийн аюулын зэргийг Чернобыльтэй адилхан буюу VII зэрэгт хүрсэнийг ч
зарласан билээ. Японы эрх баригчид атомын цахилгаан станц орчмын бүсэд
байрлах бүх фермийн малыг устгах шийдвэр гаргахдаа “энэ нь цацраг идэвхт
бодисонд хордсон малын мах худалдаанд гарахаас сэргийлэх ганц арга” гэж
тайлбарласан. Түүнчлэн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа агаарт
дэгдсэн цацраг идэвхт бодис нь хур тунадас болон салхиар дамжиж Токио
хот, зэргэлдээх мужуудад тархаж, ундны ус, хүнсний ногооноос бохирдол
илэрч эхэлснийг сэрэмжлүүлсэн. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээгээр
Токиод тарьсан хүнсний ногооноос зөвшөөрөгдөх хэмжээг давсан цацраг
идэвхт бодис илэрчээ. Эдогава дүүргээс хураасан комацүна хэмээх хүнсний
ногоонд цацраг идэвхт бодисын агууламж 890 Bg/kg болж, зөвшөөрөгдсөн
хэмжээг хоёр дахин давсан байна. Зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь 390 Bg/kg
юм. Фүкүшима, Ибараки, Гүнма, Точиги мужид броколи, байцаа, бууцай зэрэг
хүнсний ногоо, сүүнээс ч цацраг идэвхт бодис их агууламжтай илэрч.
Атомын станц дэлбэрсний дараа Фүкүшимагаас 240 км зайтай орших Токиогийн
агаар дахь цацраг идэвхт бодисын төвшин эрс нэмэгджээ. Энэ бүхэн бодит
аюул. Цацраг идэвхт бодисын хор хөнөөлийн талаар мэдэхгүй хүн үгүй байх.
Цацраг туяанд хордсоны улмаас хорт хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж,
гажигтай, эрүүл бус хүүхэд олноороо төрсөн жишээ их. Олон жилийн турш
урхаг нөлөө нь агаараас, хүрээлэн буй орчноос, хүний биеэс салж өгдөггүй
цацрагийн хордлогын аюулыг хэдхэн үгээр илэрхийлэх аргагүй. Тэгвэл
цацрагийн бохирдолттой хүнсний бүтээгдэхүүн ямар хор нөлөөтэйг
төсөөлөхөөс ч бэрхшээнэ.
Японд үүссэн нөхцөл байдлаас үүдэн Сингапур, Хонконг зэрэг Азийн
импортлогчид Японоос тэр дундаа Фүкүшима, Ибараки, Точиги, Гүнма мужаас
жимс, хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү авахыг
хоригложээ. Австрали, Европын холбоо, АНУ, ОХУ ч мөн иргэдийнхээ аюулгүй
байдалд санаа тавьж, дээрх арга хэмжээг авсан байна. Хүнсний аюулгүй
байдал гэдэг хүний эрүүл мэнд, амь нас, цаашлаад удмын санд нөлөөлдөг.
Тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, орших эс оршихын
асуудлыг ч хөнддөг тул ийм арга хэмжээ авах нь зүй ёсных.
Харин манайх…Тухайн үед улсын хилээр орж гарах зорчигчдын бие, авч
яваа тээш зэрэгт нь цацрагийн хэмжилт хийснээс өөрөөр сэргийлэх арга
хэмжээ аваагүй гэхэд хатуудахгүй. Сэргийлэх нь байтугай өнөөдөр Японоос
хүнс тээвэрлэх автомашин оруулж ирчихээд түүгээр бүтээгдэхүүн түгээж
эхэлж байна. “Хэдийгээр Япон дахь үйлдвэр болон оффис нь аймшигт цунами,
газар хөдлөлтийн улмаас түр хаалгаа барьсан байгаа ч эдгээр автомашин
хугацаандаа нийлүүлэгдэх” тухай автомашин оруулж ирж байгаа компанийнхан
ярьжээ. Тэгэхээр цацраг идэвхт бодис тархаж, нэг үе аюулын зэрэг нь
өндөр төвшинд хүрсэн, ихэнх орон хүнсний бүтээгдэхүүний импортоо зогсоох
шийдвэр гаргасан улсаас хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх зориулалттай
дахиад 70 автомашин орж ирэх нь. Иргэдийн хэрэглэх хүнсний
бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлөхгүй гэх баталгааг хэн өгөх вэ. “Та
цацрагийн хордлогогүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна, эрүүл мэнд,
амь насанд тань халгүй, удмын санд урхаг учруулахгүй” гэж хэн батлах вэ.
Хяналтын байгууллагууд тэдгээр автомашинд хэмжилт хийсэн юм уу. Хүнсний
бүтээгдэхүүнийг түүхий эдийг нь сонгохоос эхлээд үйлдвэрлэх, тээвэрлэх,
түгээх, худалдах бүх шатанд аюулгүй байдлыг хангаж гэмээнэ сая
хэрэглэгчдэд баталгаатай, чанартай бүтээгдэхүүн хүрдэг. Гэтэл үйлдвэрээс
гарсан бүтээгдэхүүнийг тээвэрлэхээс эхлэх шатанд ийм эргэлзээ төрөхөөр
яах билээ. Иргэдэд баталгаа хэрэгтэй байна.