“Airbus” осолдсон байж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.12.28-нд нийтлэгдсэн

“Airbus” осолдсон байж магадгүй гэв

 

Сингапур хүрэхээр хөөрсөн “Indonesia AirAsia” компанийн онгоц Индонезийн Банка-Белитунг мужийн ойролцоо осолдсон байж магадгүй  хэмээн “The New Straits Times” жиргэжээ. Түүнчлэн “CCTV” “Airbus A320-200” онгоцны сэгийг олсон талаар мэдээлэл цацаад байна. Харин “AirAsia” компани болон Индонези, Сингапурын албаныхан сураггүй болсон онгоц осолдсон эсэхийг мэдээлээгүй байна. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэг орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутанд хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан юм. Тус нислэг орон нутгийн цагаар 08:30 минутанд Сингапурт газардах хуваарьтай байсан аж.  

 

Индонезийн Тээврийн сайд Хади Мустофагийн мэдээлснээр онгоц холбоо тасрахаас өмнө цаг агаарын шалтгаанаар өндрөө нэмэх хүсэлт тавьсан гэнэ. Онгоц Сингапураас 370 гаруй км-ийн зайтай нисч явахдаа холбоо тасарчээ. Одоогоор Индонези, Сингапур болон “AirAsi” компанийн албаныхан сураггүй болсон онгоцыг хайж байна.

 

Индонезийн албаныхны мэдээлснээр “Airbus A320-200”  онгоцонд 162 хүн зорчиж яваа аж. Онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа хэмээн Австралийн албаныхан мэдээлжээ. “QZ8501” нислэгт Индонезийн 156, Солонгосын гурав, Сингапур, Малайз, Францын нэг иргэн байгаа аж. Иргэний тээврийн “AirAsia” компани нь Малайзын Куала Лумпурт төвтэй бөгөөд Азийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг аж.

 

Үүнээс өмнө Малайзын агаарын тээврийн МН370 нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас хөөрснийхөө дараа холбоо тасарч одоо болтол ор сураггүй байгаа билээ. Сураггүй болсон Боинг 777 онгоцны 239 хүнийг Малайзын Засгийн газар амь үрэгдсэнд тооцсон юм. Малайзын онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд 20 гаруй  орны хамтарсан баг өмнөд эрэл хайгуул хийсэн боловч олоогүй байна.

 

Түүнчлэн Малайзын МН17 нислэг өнгөрсөн долдугаар сарын 17-нд Украины салан тусгаарлах үймээн дэгдсэн зүүн хязгаарт нисч явахдаа пуужинд оногдон сүйрсэн билээ. Үүний улмаас онгоцонд зорчиж явсан 283 зорчигч, нислэгийн багийн 15 хүн бүгд амь үрэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Asian Correspondent, Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж