Үд хүртэл унтдаг, үхрийн дуунаар сэрдэг…

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Үд хүртэл унтдаг, үхрийн дуунаар сэрдэг…

Хэсэг хугацаанд жаал ажилтай байлаа. Гэхдээ бас юу бичихээ хэсэг хугацаанд бодлоо.

Монгол түмэн маань "Эрт босвол нэгийг үздэг, орой унтвал нэгийг
сонсдог" гэлцдэг билээ. Бас ихээхэн нойртой, залхуу хойрго нэгийгээ "Үд
хүртэл унтдаг, үхрийн дуунаар сэрдэг, Овоо болтол …даг, Үер болтол …
дэг " хэмээн баалах нь ч бий.
Бид зах зээлд шилжээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд
дассан амьдралын хэв маягаасаа салах гэж хөөрхөн юм болсон доо. Ямартай ч
ардчиллын буянд хүн өөрөө өөртөө эзэн болсоныг ухаарсан нь нэг том
дэвшил байлаа. Гэхдээ өнөөг хүртэл өөрчилж чадаагүй зүйлс цөөнгүй байна
даа. Гэхдээ хүн дассанаасаа салах тун дүргүй дээ. Тэрний нэг нь өглөө эрт босох.



За би жишээ дурдая л даа. Үүнийг уншигч эрхэм авгай та дургүйцнэ гэдгийг би сайн мэдэж байна. Амьдрал шаардаад байна шүү дээ.
Ингээд жишээндээ ороё.

Монгол оронд жилийн дөрвөн улирал ээлжлэн ирж, хорвоогийн наран
урган гарахад л малчин түмэн маань адуу малаа эртлэн бэлчээрт нь
гаргадаг, оройд хотлуулан заримыг манаж хонодог айхтар нарийн цагийн
хуваарьтай. Харин орчин үеийн малчдын мал нь наран ханын толгойд орж
байхад хотондоо л хэвтэж байдаг болсонтой цөөнгүй л таараа биз. Үүнтэй
адил хот, суурин газарт оршин суугчдын амьдрал ихэнхдээ хорвоогийн
нарнаас хамаарах нь үгүй болжээ.

Нисэх, төмөр зам гэх мэт цөөн байгууллагынх 8 эхэлдэгийг эс тооцвол
ихэнх хүмүүсийн ажлын цаг 9 цагт эхэлж 18 цагт дуусдаг. Сургууль,
цэцэрлэгийн хичээл, ном арай өмнөхөн эхэлнэ. За тэгээд бүх хүний зэрэг
ажил нь эхэлдэг болохоор Улаанбаатард бол сайхан бөглөрч түгжрээд ажлын
өдрийг уур унтуугаар эхлэхээр яаж ч үр бүтээлтэй ажиллах билээ. Зарим
сэргэлэнчүүд нь үүнийг далимдуулж ажлаас хоцорсоноо түгжрэл рүү бухна
даа.    Өвөл ч, зун ч тэр энэ цаг хөдөлнө гэж байхгүй.

Цагаа барьдаг төрийн албан хаагч ажилдаа 9 цагт л ирдэг. Цагаа
барьдаггүй нь тэгэсгээд 20, 30 минут хоцорс хийгээд л ирнэ. Ирмэгцээ
ажилдаа орохгүй шүү дээ. Сониноо гарчиглана. Мэйлээ шалгана. Эсвэл
мессенжерээр чаатлаад сууна. Ингэсээр байтал ажлын цагийн 1 цаг нь алга
болно. Ингээд ажилдаа орно доо. Тэгэж байтал үдийн завсарлага дөхөөд
ирэхээр (12 цаг өнгөрөөд дөө)  цайндаа орлоо гээд алга болно. Алга
болоод юу хийдгийг та сайн мэднэ. Ингээд цайны цаг нь 14,30-аас дуусч
үдээс хойшхи ажил эхэлнэ. Тэр нь тэгээд 17,50 хавьд дуусна.
Бидний амьдралын дүр зураг иймэрхүү  байна даа.

Гэхдээ бас ажил хийж амжилт  олъё гэсэн хүн байгаа.  Тэрэнд садаа мундахгүй. Түүний нэг нь дээр дурдсан түгжрэл.

Манайхаас бусад оронд ажлын цаг өөр үед эхэлдэг. Ялангуяа хувийн
хэвшлийнх бол бүүр эрт эхэлдэг. Гадаадад очиж ажиллаж байсан хүмүүс бол
сайн мэдэж байгаа даа. Хятадад гэхэд л үүрийн таван жингээр оёдлын машин
тачигнаад л эхэлдэг юм билээ. Германд очоод саваагүйтэж нэг удаа
барилгын ажил хийх гэж үзлээ. Өглөө 6.30-д очоод 7 цагаас ажил нь
эхэлдэгийг биеэрээ харсан даа. Тэнд очиж сонин зарж байсан бол бүүр эрт
ажилдаа гардаг. Гэх мэтчлэн хувийнхан бол ажлаа эрт эхэлдэг. Гэтэл манай
ихэнх хувийн байгууллагын ажил  9-д л эхэлдэг.
За тэгээд зун нар өндөөр хөөрөөд байхад манайхан унтаж л байдаг. Харин
муу хэлэгдээд байгаа хятад ажилчид нарны эртэд ажилдаа гарсан байдгийг
та харсан л байх.

Нэг иймэрхүү. Ер нь ажлын 9 эхлэх ёстой гэсэн хууль байхгүй. Миний ойлгосноор байгууллага бүр дотоод журмаараа зохицуулдаг байх.
Цагийн ажил ч гэж алга байна. Хөдөлмөрийн үнэлгээ гэж бодитой тогтоосон
юмгүй болохоор ойрын үед цагийн ажил гарахгүй. Гарвал нэг хүн хэд хэдэн
өөрт тохирсон ажил хийж орлогоо нэмэгдүүлэх боломжтой л болох юм даа.
Full time, part time гэдэг ойлголт ч одоохондоо манайд нэвтрээгүй зүйл.

Тиймээс ажлын цаг эхэлдэгийг өвөл, зуны улирал, хувийн, төрийнөөс нь
хамаарч уян хатан байхаар зохицуулмаар байгаа юм. Бүүр тодруулбал,
төрийн байгууллагынхан хүнд сурталтай тул өвөлдөө 9 цагаас ажил нь
эхлэг. Харин 4 сараас 10 сар хүртэл 8 цагаас эхэлдэг байг. Хувийн
хэвшлийнхэн бол ажлаа 7 цаг, бүүр эсвэл 6.30-д эхэлсэн ч болно. 6.30-д
эхэлсэн ажил 15.30-д дуусаг л дээ. Эсвэл үдийн халуунд хувийн ажлаа
амжуулаад үдээс хойш 15 цагаас ажилдаа ороод  орой тардаг байг.   Тэртэй
тэргүй өглөө 6-д автобус хүнгүй л давхидаг. Ингээд солбиод байвал
цахилгаан станцын ачаалал жигдэрч өртөг нь буурна. Замын түгжрэл ч
багасах болно доо.

Ийм санаа саяын хэдэн хоногт төрлөө. Хүлээж авбал улс орны хөгжилд ч,
айл гэрийн амьдралд ч, хувь хүнд ч хэрэгтэй гэж мунхаглаж байна даа.

Эрт боссон хүний хииморь сэргэдэг л гэдэг дээ.

http://boldbaatarb.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж