Шинэ он гарахад хэдхэн хоног үлдэж байна. Энэ жилийн хувьд шинэ жилийн баяр хэт нүсэр байдлаасаа татгалзаа юу гэлтэй, фээсбүүк, твийттер дэх баярын зургуудаас харахад хүүхнүүдийн гоё зүүсгэл хүртэл хээнцэр чамин гэхээсээ энгийн даруухан болжээ.
Монголчууд баяр наадмыг хэтэрхий өргөн дэлгэр, бас тансаг тэмдэглэхийг хүсдэг. Харин эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ жилийн баярыг компаниуд ёс болгон тэмдэглэхээ больжээ. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн шинэ жилийн баярыг харахад даруухан, хэн нэгнийгээ шилдэг, сайн гэж өргөмжлөхөөсөө илүү зохистой хэмжээнд баярлахыг чухалчилдаг болсон нь нэг олол гэхэд буруудахгүй байх. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал чамирхал хөөцөлддөг монголчуудыг зөв, зохистой хэмжээнд баярлаж сургасанд нь талархмаар.
Өдийд энэ тэндгүй гял цал, саа болсон хүүхнүүд, тасарч унах шахсан хүмүүс гудамжнаа хөлхөлдөж байдагсан бол энэ өвөл тэс өөр дүр зураг харагдаж байгааг та анзаарсан байх.
Арванхоёрдугаар сар гаргаад л бар, ресторанууд захиалгад дарагдаж, такси ч олдохоо байтлаа ховорддог нь худлаа биш. Тэгвэл өнөөдөр зоогийн газруудын захиалга багасч, албан газрууд шинэ жилийн баярыг албаны арга хэмжээ гэж хүлээж авахаа больсон байна.
Төрийн байгууллагууд ч төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгээ илэрхийлж, хувийнхаа мөнгөөр яаж ч наргиж болно гэсэн нь хямралтай байгаа эдийн засгийн хувьд халааснаасаа мөнгөө гаргаад наргих хүмүүсийн тоог багасахад нөлөөлөв.
Хүний юм, үнэгүй юманд дуртай гэгддэг монголчууд бидний хувьд өөрөөсөө мөнгөө гаргаад шинэ жилээ тэмдэглэнэ үү байна уу гэсэн ч бараг л зөв шийдвэр болсон нь илэрхий.
Урьд нь бол нэг албан газар шинэ жил тэмдэглэхдээ 60-100 сая төгрөгийг зарцуулдаг байсан гэх тооцоо бий. Үүнийг хэмнэсээр нэг талаасаа архидан согтуурахад үрдэг мөнгө багасч, нөгөө талаасаа баяр наадмын үеэр өсдөг гэмт хэрэг ч буурах хандлагатай байна.
Эдийн засаг хямарч, монголчууд бүгдээрээ халаасаа тэмтрэх дээрээ тулсан энэ үед шинэ жилийн нүсэр баяраасаа ийнхүү татгалзаж байгаа нь сайн хэрэг. Хэн нэгнээс илүү тансаг баярлахаар, бие биенээсээ өрсдөг, бие биенээсээ илүүрхдэг, баярхдаг монголчууд зөв зүйтэй баярлаж байгаа нь нэг талаар хэмнэлтэд, нөгөө талаар соёлтой хэрэглээнд сургаж байна. Баяраас баярын хооронд мөнгийг хайр гамгүй цацсаар ирсэн хямралтай Монголын морин жилийн шилдэгүүд тун цөөхөн байгаа нь бас олзуурхууштай. Энд тэндхийн баяр наадмаар янз бүрийн шилдгүүдээр баялхдаг монголчуудад эдийн засгийн хямрал том хичээл болж байна даа.
Баярлах гэдэг үнэндээ баар, зоогийн газарт хамт олноороо, найз нөхдөөрөө тасартлаа архидахын нэр биш билээ. Үүнийг олж харахад нөлөөлсөн хямралын нэг таатай үр дүн нь энэ юм даа.
Б.ХОНГОР