АН гурван даргаа улираав

Хуучирсан мэдээ: 2014.12.27-нд нийтлэгдсэн

АН гурван даргаа улираав

Засгийн газрыг хамтран барилцах гэрээ байгуулсан МАН УИХ-ын төвшинд ч хамтрах ёстой гэж АН-ыг шахсаныхаа хүчинд гурван ч байнгын хороог удирдах боломжтой болов.

Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Су.Батболд нар томилогдож, ажлаа хүлээж авлаа.

Байнгын хорооны дарга болно гэдэг дэд сайдаар томилогдсоноос хавьгүй илүү хангамжтай, албан тушаал болохоор зиндаа дээшилсэн гэж хэлж болох ч нөгөө талдаа хариуцлага өндөрсөж ажлын үр дүн шаардах болж байна.

АН гурван даргаа улираав

УИХ-ын төвшинд МАН “бялуу” хуваалцсан тул Ардчилсан намын бүлэг Байнгын хороодын дарга нараа цөөлөв. Ингэхдээ бие даагчдад хуваарилсан байсан Төсвийн байнгын хороог харьяандаа авч, УИХ-ын гишүүн Б.Болорыг даргаар нь томилов.

Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд Төсвийн байнгын хороог удирдсан Ц.Даваасүрэн тахимаа өгч байгаа шалтгаанаа 2015 оны төсвийн таналттай холбон тайлбарласан ч Төсвийн зарлагын хяналтын дэд хороог удирдах “шаанс” бий гэдгийг мөн зарласан. Гэхдээ тус дэд хороог хэн удирдах вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Эрх баригч хүчний хувьд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороог харьяандаа үлдээж, УИХ-ын гишүүн Д.Батцогт, А.Бакей, Д.Ганбат нарыг улираав.

Тэднийг ийн улираасан нь өмнөх ажлыг нь үргэлжлүүлж, гүйцээхэд чиглэв. Ингэхдээ А.Бакей даргын хувьд АН, МАН-ын хамтран байгуулсан гэрээнд тусгагдсан  Сонгуулийн ерөнхий хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Улстөрийн намуудын санхүүжилтийн тухай хууль зэрэг чухал  төслүүдийг батлахад голлож ажиллахаар болж, улирч байна.

Шударга ёс эвслийн нэр дэвшигчийг батлаагүй байна 

МАН УИХ, Засгийн газарт хамтарсанаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт харьяалагдаж байсан Байнгын хороо танагдаж нэг болов. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэр дэвшүүлсэн ч хараахан УИХ-аар батлаагүй байна.

Уг нь тус бүлэгт анх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод харьяалагддаг байсан ч УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намд элссэнээр тус байнгын хороо эрх баригч хүчинд шилжиж, энэ хуваарилалтаа ахиулж чадалгүй нэг дээр тогтсон нь энэ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж