Спортын сэтгүүлчдийн малгай, бөмбөг, өмсгөлтэй шинэ жил

Хуучирсан мэдээ: 2014.12.27-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчдийн малгай, бөмбөг, өмсгөлтэй шинэ жил

Спортын сэтгүүлчид дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг хамт олон байдаг нь шинэ жилийн цэнгүүнээс илт харагдав. Энэ мэдрэмж бараг л үнэртэж, амтагдаж байлаа. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, манай “Спортын өнгө” сонин хамтарч энэ сарын 20-нд зохион байгуулсан шинэ жилийн баяр ярих, дурсах зүйл олонтой сайхан болсон. Шинэ жилийн баяр Монголын үндэсний циркийн “бөөрөнд” байх “Krone Brauhaus”-т болсон нь бас сонирхолтой байсан юм. Албан ёсны нээлтээ хийгээд удаагүй байгаа шар айрагны шинэхэн “ордон” спортын сэтгүүлчдийг хүндэтгэн хүлээж авсанд бүгд талархалтай байлаа.

Ширээ дүүрэн амттан, дарс, сархад элбэг дэлбэг орчинд гоё бүсгүйчүүд, ганган эрчүүд эгээ л театрын хөшиг нээгдэхийг хүлээж ядах мэт догдолж байснаа тусгай зочдын ширээ спортын ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуунаар дүүрэхтэй зэрэгцэн хөтлөгч цэнгүүнийг эхлүүлсэн юм. Тусгай зочид гэдэг маань сая нэр дурдсан Р.Чулуун, ахмад сэтгүүлч Л.Тогоохүү, Д.Гэнээ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МССХ-ны хүндэт ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, шатрын их мастер А.Энхтуул, гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нар юм. Спортын сэтгүүлчид хүндэтгэн Ото, Сато хэмээн авгайлдаг Ж.Отгонцагаан, Ч.Отгонбаатар нар хүндэт зочдын зэрэгцээ үүрэгт ажлаа хийж буй сонгуультнууд. Ахмад гурван сэтгүүлч залуус дүү нарынхаа хүндлэлийг хүлээж ёстой л нэг Хан Хэнтий шиг налайж суусан бол залуу гурван алдартан тус бүртээ үүрэгтэйгээр энэ цэнгүүнд уригдсан нь сүүлд тодорхой болсон юм.

“Амьд” хөгжмийн “Sour bite” (Исгэлэн хазалт) хамтлагийн зүрх догдлуулсан тоглолт, латин бүжгийн ДАШТ-д есдүгээр байр эзэлж, УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн бахдаж бишрэм бүжиг, “Universe Best Songs” уралдааны 2009 оны шилдэг оролцогч Тэмүүжингийн сэтгэл татам дуунуудын дор шинэ жилийн цэнгүүн үргэлжилж байх зуур хөгжим түр завсарласан юм. Гурав дахь жилдээ болж буй спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баяраар хэний ч төсөөлж байгаагүй гэнэтийн бэлэг задлах торгон мөч тохиов. Энэ бол улиран одож буй онд амжилтаар тэргүүлсэн гурван сэтгүүлчид соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулууны нэрэмжит шагнал гардуулах ёслол байлаа. Уг шагналыг МССХ санаачилж, МЖБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга санхүүжүүлсэн. Ахмад сэтгүүлч Р.Чулуун энэ жил анх удаа олгож байгаа уг хүндтэй шагналыг өөрийнх нь нэрэмжит болгосонд туйлаас талархаж байгаагаа илэрхийлсэн.

“Спорт гэдэг ганц тодотголтой олон зүрх энд цугласан байгаа нь хамгийн гол юм. Шилдэг сэтгүүлчдэд ийм сайхан шагнал олгож байхыг залуучууд санаачилж, ивээн тэтгэгчид сэтгэл, хөрөнгө зарахад миний нэр хавчуулагдсан байна. Олон жил спортын сэдвээр бичиж, МССХ-г байгуулалцсан хүн гэдэг утгаар энэхүү шагналаа миний нэрэмжит болгоё гэж шийдсэнийг дуулаад өвгөн би их баярласан. Мөн ахмадууд дундаа арай илүү буурал толгойтой байгаа маань нөлөөлсөн биз ээ” хэмээн даруухан хэлж байлаа. Түүний нэрэмжит шагналыг телевиз, сонин болон сайт, гэрэл зурагчид болон зураглаачид гэсэн гурван ангилал тус бүрээс нэг нэг сэтгүүлч тодруулан олгохоор шийдвэрлэснээ зарласан юм. “ETV” телевизийн сурвалжлагч С.Шижирбат, gogo.mn сайтын сурвалжлагч У.Бадамцэцэг, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэд боллоо.

Спортын сэтгүүлчид МССХ хэмээх нэгэн дээвэр дор нэгдээд 25 жил болох гэж буй. Энэ тэгш ой ирэх онд тохионо. Зууны дөрөвний нэг хугацааг ардаа орхисон, хийсэн ажил, хэлэх үгтэй тус холбоо хамт олон дундаасаа Оны шилдэгээ тодруулж шагнаж, урамшуулан баяр хүргэж ирсэн уламжлалтай. 2014 оны шилдгээр www.bukh.mn вэбсайтын гэрэл зурагчин Ч.Ганбат, “ETV” телевизийн спортын сэтгүүлч Т.Ганзул нар тодорч тус бүр хагас сая төгрөгийн шагнал хүртэв. Гэрэл зурагчин Ч.Ганбатын хувьд 2014 онд Сочигийн цагаан олимпийн наадам, Инчёны Азийн зуны спортын наадмыг сурвалжилж, тухай бүрт нь үзэсгэлэнгээ гаргаж олон нийтийн хүртээл болгосон төдийгүй Монгол орны хилийн дагуу долоон сар гаруй үргэлжилсэн “Морьтон Монгол” төслийг амжилттай зохион байгуулсан юм. “ETV” телевизийн гүйцэтгэх захирлаар саяхнаас ажиллаж эхэлсэн Т.Ганзул хөлбөмбөгийн ДАШТ-ий “FIFA World Cup 2014” төслийг удирдаж, спортын бусад олон төрлийн тэмцээнийг Монголын үзэгчдэд хүргэсэн амжилттай тул ийнхүү “Оны шилдэг сэтгүүлч”-ээр тодорлоо.

Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баярын цэнгүүн агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд сайн болж байгааг сэтгүүлчид ам нэгтэй хэлж байсан. Баримтат кино хийж, сэтгүүлчдийн дундаас онцгойлон нэр дурдаж “Хэн нь хэн бэ” хэлбэрээр танилцуулсан нь нэг ёсны урамшуулал байлаа. Мөн цэнгүүнд оролцож буй сэтгүүлчдээс “Өөртөө итгэлтэй залуу”, “Өөртөө итгэлтэй бүсгүй” тодруулж алхаа гишгээ, олны өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг нь хөгжилтэй байдлаар тодотгох, уламжлал ёсоор нийт оролцогчдыг сугалаанд хамруулж азтанууд тодруулсан нь ч ирэх оны аз хийморь бэлгэдсэн дурсамжтай мөчүүд байсан юм. Сугалааны супер хожлыг манай сонины сурвалжлагч У.Баярсайхан татсан. Энэ нь тэмцээнд ид хэрэглэж буй “Адидас” брэндийн бөмбөг юм. Мөн дэд сүпер хожил манай сонинд ирсэн юм. Энэхүү сурвалжлагыг уншигчиддаа хүргэж буй миний бие Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч А.Мөрөнгийн Тайландын “Краби” клүбийн 12 дугаартай өмсгөлийг 18 дугаартай сугалаагаараа татаж сонины хамт олныхоо баяр дээр баяр нэмлээ. Гэрэл зурагчин залуу “Эгч ээ, таны өмсгөл хожиж, гардаж авч байгаа зургийг А.Мөрөнд илгээж харуулна аа, эх орноосоо хол байгаа хүн хэн хожсон юм бол гэж бодож л суугаа байх” гэж байсан. Шилдэг хөлбөмбөгч дүүгийн өмсгөл хэдийнэ “Спортын өнгө” сонины маань редакцид байраа эзлээд байна аа. Бразил, Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн 2013 оны нөхөрсөг тоглолтын хүзүүний ороолт хожсон хөлбөмбөгч тайлбарлагч Э.Балжинням “Энэ ороолтыг би анх хараад минийх л болох ёстой юм байна даа гэж бодож байтал яг л ирлээ. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж байдаг юм байна. Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ” хэмээн олонд танил болсон, өөрөөр хэлбэл “брэнд дуу хоолой”-гоороо нэрийн хуудас болсон хэллэгээ давтаж, шинэ жилийн цэнгүүний уур амьсгалыг өөрийнхөөрөө хөглөж өгсөн юм. Мөн “Морины” М.Оюунбаатар 21 дугаартай сугалаа татаж азтан болоод “Би баяртай байна. Моринд 21 гэдэг бас л чухал тоо байдаг юм” гэж мэргэшлийн үнэр ханхийлгээд л авсан. Гэх мэтчилэн дуулгах сонин ихтэй цэнгүүн үргэлжилсэр байсан бөгөөд хараа булааж, сэтгэл гижигдэн бүжиглэсэн “Moon dance” хамтлагийнханд МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар талархсанаа илэрхийлэхдээ “Манай холбоо энэ хамтлагтай гэрээ байгуулж, сэтгүүлчдээ дараа жилийн шинэ жилээр хамт бүжиглүүлэх сэтгэгдэл төрлөө. Хойтонгийн 25 жилийн ойн шинэ жилээр хамтлагийнхан, сэтгүүлчид нийлээд 32-уулаа бүжиглэе” гэж сэтгэл хөдлөлөө барьж ядан ам гарсан. Санаж сэдэж, хийж бүтээхдээ үлгэр жишээ Сато ерөнхийлөгч хэлсэн л бол хэрэгжүүлнэ л дээ.

Дээр спортын гурван алдартны нэр дурдсан. Тэд соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулууны нэрэмжит шагналыг эздэд нь гардуулж өгч спортын сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Нэрэмжит шагналт С.Шижирбатад шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг, У.Бадамцэцэгт гавьяат тамирчин С.Батцэцэг, Э.Харцагад их мастер А.Энхтуул нар шагналыг нь гардуулсан. Энэ мөчид гавьяат тамирчин С.Батцэцэг “Тамирчид бид спортын сэтгүүлчиддээ баярлаж явдаг. Биднийг ялахад хамт ялж, ялагдахад хамт ялагдаж явдаг, тэмцээн уралдааны дүн, амжилт, явцын талаар хамгийн түрүүн мэдээлж, бидэнтэй үргэлж хамт байдаг хүмүүс бол спортын сэтгүүлчид юм. Тиймээс энэ цэнгүүнд оролцож, нэр хүндтэй шагналыг эзэнд нь гардуулж өгч байгаадаа их баяртай байна” гэж байлаа.

Мөн энэ үеэр ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун их мастер А.Энхтуулд баярлаж байгаагаа илэрхийлж гар барихдаа толгой, цээж гудайлган мэндэлсэн нь нас залуу ч дэлхийн хэмжээний шатарчин болсон бүсгүйг ихэд хүндэтгэж явдгаа олон үггүй илэрхийлсэн сэтгэл хөдөлгөм агшин байлаа.

Шагнал хүртсэн гэрэл зурагчин Э.Харцага “Ээж минь надад сайхан амьдарна гэдэг баян байхын нэр биш. Сайхан амьдарна гэдэг сэтгэл зүрхээ өгсөн ажилтай, сайхан хамт олонтой байхын нэр юм шүү гэж хэлсэн. Ээжийн минь үг ямар үнэн юм бэ гэдгийг би яг одоо мэдэрч байна. Баярлалаа, улам илүү хичээх болно оо” гэсэн нь бүхий л спортын сэтгүүлчдийн цээжний гүнд явдаг сэтгэгдэл мэт санагдсан. Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баярын өвлийн өвгөн аав нь МҮОНТ-вийн спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн спортын мастер, Бээжингийн олимпод монгол тамирчин анх удаа алтан медаль авахад эфирт, үзэгчдийнхээ өмнө “толгой өөд татахгүй” баярын нулимс унагаж, хоолой зангируулан байсан Д.Баярсайхан байсан нь бас л нэгэн өвөрмөц шигтгээ байсан юм.

Гэх мэтчилэн дурдаж бичээд байвал сонирхуулах, гайхуулах зүйл олонтой сайхан цэнгүүн хамт олон, багууд тус бүртээ дурсгалын зураг авахуулж бужигналдсанаар өндөрлөсөн юм. Бас нэгэн гайхуулах зүйл бол эдүгээ энэхүү цэнгүүнд оролцсон спортын сэтгүүлч бүрийн ширээн дээр байгаа өөрийнх нь, чимэг зүүлт бүхий гацуур модны дэргэд баярын хундага өргөж инээмсэглэн зогсоо хөрөг зураг. Энэ бүгдийг Ч.Ганбат зохицуулсан. Шинэ жилийн баярын зохион байгуулалтын гол ажлыг нугалсан МССХ-ны дэд Ерөнхийлөгч А.Тамир, манай сонины тоймч Л.Олонбаяр, О.Наранбаатар нарын гавьяаг дурдахгүй өнгөрч яавч болохгүй.

Ч.Отгонбаатар: Бидний санаачилгыг МЖБХ анхлан хүлээж авсанд баяртай байна

Цэнгүүн өндөрлөх мөчид МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатараас сэтгэгдлийг нь сонссон юм.

-Спортын сэтгүүлч­дийн маань шинэ жил сайхан, урьд урьдынхаас давуу тал олонтой болж байна. Энэ удаа бид баяраа “Спортын өнгө” сониныхонтойгоо хамт тэмдэглэж байна. Их баяртай байна. Тусгай хөтлөгчтэй, “амьд” хөгжмийн хамтлагтай, хөгжилтэй, сугалаанууд эзэн эзэндээ очих ёстой мэтээр таарч байгаа нь хүртэл сайхан санагдаж байна. Сэтгэл хангалуун байна. Энэ жилээс шилдэг сэтгүүлчдэд тусад нь соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуайн нэрэмжит шагнал олгож эхэлсэн маань амжилт юм. Бидний санаачилгыг спорт холбоодоос МЖБХ анхлан хүлээж авч дэмжлээ. Дараа нь бусад холбоо санаачилга гаргах байх гэж найдаж байна. Манайд спортын ахмад сэтгүүлч олон. Тэдэн дундаас өнөөдөр бидэнтэй хамт мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч яваа буурлуудаасаа Р.Чулуун гуайг сонгож, шагналыг түүний нэрэмжит болголоо. МССХ-г үүсгэн байгуулалцсан хүн гэдэг бол чухал үзүүлэлт. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга нэрэмжит шагнал авч буй сэтгүүлчдийн зэрэгцээ Р.Чулуун гуайд өөрт нь сая төгрөг олгож урамшуулахыг хүссэнийг гардуулаа. Өвгөн сэтгүүлч сэтгэл их хангалуун байна гэж байна. Энэ мэтчилэн сайн, сайхан мэдээлэл ихтэй цэнгүүн болж байна.

А.Тамир: Сэтгүүлчдийнхээ сэтгэлд нийцтэл гоё байлгахыг хичээсэн

Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуу­лах арын алба­ны их ажилд сэтгэлээ дэвсэн зүтгэсэн хүмүүсийн нэг бол “Integrated financial services” ХХК-ийн захирал, МССХ-ны дэд ерөн­хийлөгч А.Тамир юм. Түүний сэтгэгдлийг сонслоо.

-Би анх удаа спортын сэтгүүлчидтэйгээ шинэ жилийн баяр тэмдэглэж байна. Их сайхан санагдаж байна. МССХ-ны дэд ерөнхийлөгчийн ажилтай болохоор цэнгүүнээ сэтгүүлчдийнхээ сэтгэлд нийцтэл гоё хийчихсэн гэж их хичээсэн. Эхний байдлаар манай удирдлагууд энэ жилдээ өнжвөл яах вэ гэж ярьцгааж байтал энд тэндээс дэмжих хүмүүс гарч ирээд, ялангуяа “Спортын өнгө” сониныхон маань нэлээд дорвитой санаачилга гаргаснаар баяраа сайхан тэмдэглэлээ. Яг үнэнийг хэлэхэд цаг жаахан давчуу байлаа. Тиймээс хөтөлбөрт байсан урлагийн нэг номерыг алгасах жишээтэйгээр зохицуулсан. Гэсэн ч хотын төвийн “А” зэрэглэлийн сайхан ресторанд тав тухтай үйлчлүүлж, шилдгүүдээ тодруулж, хөгжилдөж цэнгэж чадлаа. Миний хувьд яах вэ, бага зэргийн 1.6 сая төгрөгийн мөнгөн хандив өгсөн. Асуугаад байгаа болохоор хэллээ (инээв). МССХ-ндоо дэд ерөнхийлөгчийн ажилтайн зэрэгцээ өөрийн байгуулсан санхүү, татварын зөвлөгөө өгдөг “Integrated financial services” ХХК-иа удирддаг. Багаасаа спорт сонирхож өссөн, гар бөмбөг, хөлбөмбөг тоглодог байсан, улсын зэрэгтэй. Ер нь спортод дуртай бүхий л хүний адил спортын чиглэлийн сонин, сэтгүүл байнга уншиж мэдээлэл авч, хуваалцаж явдаг. Одоо тэр бүхнийг бичдэг, сурвалжилдаг хүмүүстэй илүү ойр дөт ажиллаад сайхан байна. Ер нь завтай таарвал гадаадад болж байгаа тэмцээн үзэж ирсэн л дээ. Өнгөрсөн өвөл “Сочи-2014”-д явж байхдаа МССХ-ныхоо ерөнхийлөгч Сато ахтай танилцаж, улмаар холбоонд дэд ерөнхийлөгчийн ажил хийгээч гэсэн санал тавихад нь хүлээж авсан юм. Сая Инчёнд сэтгүүлчидтэйгээ хамт явахдаа ажлаа хийхийн зэрэгцээ тэмцээн уралдаануудыг гүнээс нь үзэж маш таашаал авсан. Зөвхөн үзээд зогсохгүй харилцан ярилцаж, анализ дүгнэлт хийж явсан. Ер нь энэ ажилдаа их дуртай байгаа.

Б.Батзаяа: Олзыг олуулаа хувааж идвэл илүү амттай

Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баярыг зохион байгуу­лахад санхүү­гийн дэмжлэг үзүүлсэн “Хүчит Чулуут” компанийн захирал, МЧБХ, МССХ-ны дэд ерөнхийлөгч, “Спортын өнгө” сонины үүсгэн байгуу­лагч Б.Батзаяагийн сэтгэгдлийг мөн сонсч, спортыг яагаад дэмжлэг талаар нь сонирхож асуусан юм.

-Манай “Спортын өнгө” сонин энэ жил МССХ-нд шинэ, отгон хүүхдээр мэндэлж, бүл нэмсэн. Спортын сэтгүүлчид гэдэг бол спортын амьдралын амьсгалах гол агаар нь юм. Энэ салбарт болж буй үйл явдал бүхний талаар мэдээлж, нийтэлж, хөндөж, олон нийтийн харилцаанд оруулж байдаг учраас ингэж хэлж байгаа юм. Тиймээс манай сониныхны “Энэ жил МССХ маань шинэ жилээ тэмдэглэх эсэх нь тодорхойгүй байна. Жаахан дэмжлэг үзүүлээд, сониныхоо шинэ жилийн баярыг хамт тэмдэглэчихвэл сайнсан” гэж санал болгосныг хүлээж авснаар бид өнөөдөр сайхан баярлаж байна. Манай аав “Хүчит Чулуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Бат-Эрдэнэ гэж хүн байдаг. Монголынхоо үндэсний бөх, морин спорт, чөлөөт бөх зэрэг төрлүүдийг дэмжиж, санхүү хөрөнгө болоод сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн. Дайн тулааны бус энэ цаг үед спортын үнэлэмжээр улс орны нэр, байр суурь тодорхойлогддог болсон болохоор спортод элэгтэй хүн бүр энэ салбарын хөгжилд хариу нэхэлгүй хувь нэмрээ оруулж байвал улсынхаа хөгжилд гар бие оролцож байгаа хэрэг. Манай хоёр дүү спортоор хичээллэдэг, аав спорт дэмжигч болохоор би багаасаа энэ салбарын амьдралыг сонирхож өссөн. Өвөө маань ч морин спорт болон үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Аав маань 1990 оноос бизнес эрхэлж, 1994 оноос Ж.Мөнхбат, Г.Өсөхбаяр аваргуудыг дэмжиж ажилласан. Манай гэр бүлийнхэн 2002 оноос морин спортыг илүү дэмжих болсон. 2008 оноос Монголынхоо чөлөөт бөхийн спортыг дэмжиж байсан бол 2013 оноос хөлбөмбөгтэй холбогдож эхэлсэн. Улмаар одоо “Спортын өнгө” сонин үүсгэн байгуулаад мэргэжлийн сэтгүүлчидтэй хамтарч ажиллаж байна. Ер нь бид олзыг олуулаа хувааж идвэл илүү амттай гэсэн зарчмаар ажиллаж, амьдардаг. Тийм учраас спортыг дэмждэг.

Ч.Ганбат: Өөрийгөө шилдэг болно гэж төсөөлөө ч үгүй

Сонин хэвлэл, сайтын оны шилдгээр тодорсон “Монгол буйдан” ХХЗ-ийн захирал, bukh.mn сайтын эрхлэгч, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын сэтгэгдлийг сонссон юм.

-Манайд олон шилдэг сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач байхад өөрийгөө шилдгийн шилдэг болно гэж огт бодоогүй. Гэтэл намайг шалгаруулж, анх удаа ийм нэр хүндтэй шагналын эзэн болгосонд баяртай байна. Өнгөрсөн он миний хувьд асар их хөдөлмөрийн жил байлаа. Сурвалжилж, мэдээлэл хүргэсэн томоохон тэмцээн уралдаанаас дурдвал Сочигийн өвлийн олимп байна. Тэнд ажиллаж, нийслэлчүүддээ зориулж үзэсгэлэнгээ дэлгэсэн. Дараа нь Инчёны Азийн наадамд гэрэл зурагчин Э.Харцага, Э.Магнайбаяр, Б.Мөнхзул нарын хамт явж ирээд хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан. Мөн би анх удаа “Морьтон Монгол” төслийг санаачилж таван залууг удирдан эх орноо тойрох аяллыг зохион байгууллаа. Тэд маань Монголынхоо үзэсгэлэнт газраар аялж, 10494 км замыг туулж ирсэн. Аливаа зүйлийг хийхэд хөрөнгө оруулалт чухал байдаг. Энэ аялалд УИХ-ын гишүүн Х.Баттулга санхүүгээр тусалсан. Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баярыг зохион байгуулсан МССХ болон “Спортын өнгө” сонины хамт олон энэ бүхнийг минь өндрөөр үнэлж, “Оны шилдэг сэтгүүлч”-ээр тодруулсанд баярлаж байна. 2015 он дөнгөж гармагц чөлөөт бөхийн УАШТ-ээс эхлээд гадаад, дотоодын олон тэмцээн болно. Тэр бүхэнд гэрэл зураг, гэрэл зурагчин шаардлагатай байх хойно аппаратаа үүрээд чадахаараа ажиллана даа.

Т.Ганзул: Өнгөрсөн он манай телевизийн жил байлаа

Телевиз, радиогийн оны шилдгээр тодорсон “ETV“ гүйцэтгэх захирал Т.Ганзулын сэтгэгдлийг сонссон юм.

-2014 он “ETV” телевизийн он байсан гэдгийг би нүүр бардам хэлнэ. Учир нь манай телевиз хөлбөмбөг, жүдо бөхийн ДАШТ-ийг албан ёсоор шууд дамжуулан үзэгчиддээ хүргэсэн. Инчёны Азийн наадмыг ч онцгой эрхтэйгээр дангаараа дамжуулсан. Ингээд дурдаад байвал том жижиг олон тэмцээнийг ард түмэндээ хүргэхэд чухал үүрэгтэй байлаа. Тиймээс миний авсан энэ шагнал манай телевизийн хамт олны буян. Оюуны өмч гэдэг асар их баялаг. Тухайн тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр дамжуулна гэдэг асар их хариуцлага байдаг. Спортын сэтгүүлчид мэднэ дээ, 2015 он олимпийн өмнөх жил болохоор спортын ертөнц нам жим байна. Тамирчид энэ онд олимпт оролцох эрх авах тэмцээнүүдэд оролцоно. Энэ хариуцлагатай тэмцээнүүдийг бид үзэгчиддээ дахин шууд дамжуулна. Ялангуяа боксын ДАШТ-ийг дурдах хэрэгтэй. МЖБХ-той гэрээ хийснийхээ дагуу онд болох бүх тэмцээнийг үзэгчдэд хүргэнэ. Би телевизийнхээ гүйцэтгэх захирлаар ажилладаг. Биднийг ирэх онд их, олон ажил хүлээж байна аа.

Р.ОЮУНЖАРГАЛ, У.БАЯРСАЙХАН

Эх сурвалж: "СПОРТЫН ӨНГӨ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж