Барак Обама Вестминистрийн ордонд парламентын өмнө үг хэлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байгаа юм. Ерөнхийлөгч Барак Обама илтгэлдээ Их Британи, АНУ-ын найрсаг түүхэн харилцаа, хоёр орны үнэт зүйлс, болон дэлхийн нийтийн өмнө тулгараад буй сорилтын талаар ярьсан юм. Парламентийн хуралд Барак Обамагийн 35 минут үргэлжилсэн илтгэлийг сонсохоор Британийн Ерөнхий сайд асан Жонн Мейер, Тони Блейр, Гордон Браун нар хүрэлцэн ирсэн байв. Обама илтгэлээ эхлэхдээ “Маш онцгой хэвлэлийн хурал болох нь” гэж хошигножээ. Тэрбээр мөн Ардчилалын үнэт зүйлсийг хамгаалах АНУ, Их Британиас илүү хүчтэй, чадалтай улс үндэстнүүд гарч ирж байгааг онцолсон байна. Дэлхийн санхүүгийн хямрал, Ойрхи Дорнод дахь улс төрийн зөрчил тэмцлийн энэ ээдрээтэй цаг үед АНУ, Их Британи дахин “нэгдэж” байгааг тэрбээр нэмж хэлсэн байна. “АНУ супер гүрэн байхаа нэгэнт больсон гэх маргаан байж болох. Гэвч АНУ болон холбоотон орнууд дэлхийд тэргүүлэгч хэвээр байж, энх тайван, хөгжил дэвшил, бас илүү сайн сайхны төлөө тэмцэх нь үүргээ гэж үздэг хэвээр байх болно” гэжээ. Хятад, Энэтхэг зэрэг орнуудын улам хүчирхэгжиж буйг АНУ, Европын төгсгөл гэж ойлгох нь эндүүрэл гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч онцолсон байна. Тэрбээр Ойрхи Дорнод ялангуяа Ливид өрнөөд буй Засгийн газар, босогчдын хоорондох мөргөлдөөнийг цаашид зүгээр хараад суухгүй, хоёр сар гаруй үргэлжилж буй “халуурлыг” бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ.
Барак Обама Ирак, Афганистанд явуулж буй цэргийн үйл ажиллагааг “Түүхэн алхам” гэдгийг онцолж, аллага хядлага, хүчирхийлэл, хүний эрхийг зөрчсөн гэмт хэрэгтнүүд өршөөгдөх ёсгүй гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 35 минут үргэлжилсэн илтгэлийн дараа парламентийн гишүүд болон улс төрчидтэй гар барьсан байна.