2014 онд ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны шагналыг өнөөдөр нутгийн удирдлагын ордонд гардуулав. Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж аймгийн ЗДТГ-ын дарга В. Сумъяасүх хэлсэн үгэндээ Монгол улс үндэстний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн баяртай уг үйл явдал давхцаж байгаад билэгшээж буйгаа илэрхийлэв.
2014 оны Орхон аймгийн “Шилдэг байгууллага”-аар шалгарсан хурандаа Б. Даваазул даргатай Цагдаагийн газар, Хот тохижуулах газар, “ББ-Од”, “Хаан хүнс”, “Жүр-үр” ХХК-ийн өргөмжлөл, мөнгөн шагналыг аймгийн Засаг дарга Г.Зоригт болон албаны бусад хүмүүс гардуулан өгөв.
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Батлан Хамгаалах яамны сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний үр дүнгээр улсдаа тэргүүн байр эзлэж БХЯ-ны “Өргөмжлөл” хүртсэнийг мөн штабын дарга хурандаа Г. Батсуурьт гардуулан өгсөн нь онцгой содон шагнал байлаа.
“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болон салбарын бусад шагнал хүртсэн 2014 оны шилдэг байгууллагууддаа ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: http://erdenet.mn