Төрийн нарийнуудын сураг

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Төрийн нарийнуудын сураг

Парламентад суудалтай намууд хамтарч Шийдлийн Засгийн газрыг байгуулсан ч бялуу хуваарилалт хараахан дуусаагүй байна. Ч.Сайханбилэгийн танхим 15 яам, 17 дэд сайд, 19 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт дэд сайдуудынхаа томилгоог хийсэн Шийдлийн Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нараа шинэ оноос өмнөхөн тодруулах бололтой. Гэхдээ Төрийн нарийн бичгийн даргын томилгооноос болж Ардчилсан болон Ардын намынхны дунд асуудал үүссэн, ямар сайндаа л уурандаа багтарч үхэх шахсан МАН-ынхан чуулганы хуралдаандаа суулгүй тунирхах билээ.

Хоёр жил гудамжинд лааз өшиглөж явсан МАН-ынхан хийгээд, эрх мэдлийн төлөө хоёр жил тулалдсан АН-ынхны фракциуд ч Шийдлийн засгийн газар дахь эрх мэдлийн зөрчилдөөн, хуваарилалтаас болж өөр хоорондоо үг дайн, хор чулуудах болсон сураг ч байгаа. Ялангуяа дэд сайдын суудал горилж байсан МАН-ын залуус шаралхсандаа шинэ оны дараа Бага хурлаа хуралдуулахыг удирдлагуудаасаа шахаж байгаа бол Ардчилсан намынхан албан тушаалаа тайлж, сарал ордоны гадна улстөр хийхээ мэдэгдээд буй юм. Төрийн нарийн бичгийн дарга бол эрх мэдлийн хувьд яам дотроо том нь. Хэнийг ажилд үлдээж, хэнийг халах вэ гэдгээс эхлээд яаманд нь орж гарсан мөнгийг хянаж байдгаараа олон хүн энэ албыг горилж, саарал ордон болон тусгаар тогтнолын өргөө хавиар эргэлдэх болсон гэх.

Одоогоор айх аюулаа ардаа үлдээж, тамга тэмдгээ гардсан Төрийн нарийн бичгийн дарга дөрөв байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайдуудын томилгоотой хамт зарим Төрийн нарийн бичгийн дарга нарийн улираан Шинэчлэлийн Засгийн газрын танхимаас Шийдлийн засагт үлдээсэн юм. Тодруулбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогт нарыг томилсон нь МАН-ыг эгдүүцлийг төрүүлсэн билээ.

Тэгвэл намууд шинэ оноос өмнө засгаа бүрэн, бүрэлдэхүүнээр нь төвхнүүлэх, үүний тулд энэ сарын 31-ний дотор Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийх нь зөв гэж үзжээ. Ирэх долоо хоногийн 30-нд Засгийн газрын хуралдаантай. Энэ хурлаар Төрийн нарийн бичгийн томилгоог хийх болов уу гэх хүлээлт байгаа аж. Тиймээс зарим намууд Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг хаана томилох вэ гэдгээ тодорхой болгосон байна.

Тусгаар тогтнолын ордоноос гадагшилж байгаа ховыг сонсоход Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад хурандаа Д.Мөрөн, Зам тээврийн яаманд Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлэхээр тохиролцсон гэх. Ж.Бат-Эрдэнэ Шинэчлэлийн Засгийн газар Цахилгаан холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэнг санал болгож байгаа бололтой.

Харин ИЗНН-ийн Ц.Ганбатын нэрийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийнд санал болгож байгаа гэх. Харин Ардчилсан нам дотроо Төрийн нарийнд хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ шийдээгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв. Гэхдээ “Нэг ардчилал”-ын Н.Отгонбат бол МоАХ-наас Б.Батзаяаг Төрийн нарийн бичгийн дарга дахин зүтгүүлнэ гэсэн хов ч сонсогдож байгаа юм.

Ийнхүү сайдууд болон дэд сайдуудын дараагаар тараах бялууны зүсэм горьдсон хоёрдугаар ээлжийнхэн хоолоо хүлээж байна. Горилогчдын хэн нь гомдолтой хоцорч, хэн ч магнай тэнийхийг өнөөдөр хэлэх боломжгүй. Улс төр урваж шарвалт үргэлж болдог хойно Засгийн газрын томилгоо хийгдсэний дараа л хоёрдугаар ээлжийнхэн хоологдоо орно. Төрийн нарийн бичгийн дарга нарын дараа агентлагуудыг нэгтгэх, дарга нарыг нь томилох асуудал ч яригдаж эхлэх билээ. Ямар ч байсан шинэ оны эхний сарууд нүүдпэл суудал, томилгоогоор тасрахгүй байж магадгүй нь.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж