“Лейкерс”-ийн шинэ дасгалжуулагч – Майк Браун

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Лейкерс”-ийн шинэ дасгалжуулагч – Майк Браун

“Лос-Анжелес Лейкерс” багийн шинэ дасгалжуулагчаар Майк Браун сонгогдсон болохыг албаны эх сурвалж Yahoo! Sports-д мэдээлжээ. Браун дөрвөн жилийн хугацаатай 18 сая ам.долларын гэрээний саналыг хүлээн авсан бөгөөд сүүлийн жилийн гэрээг баг цуцалж болох нөхцөлтэй гэнэ. Ингэснээр Алдрын танхимын гишүүн Фил Жэксоноос плей-оффын хоёрдугаар шатанд “Даллас Маверикс”-т “шүүрдүүлсэн” “Лейкерс”-ийг Майк Браун хүлээн авч байна.

Өмнө нь “Кливлэнд Кавальерс” багийг дасгалжуулж, 272-138 гэсэн амжилтыг үзүүлж шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн ч 2010 онд багаа аварга болгож чадаагүй гэдэг шалтгаанаар халагдсан юм. “Лейкерс” багийн дэд ерөнхийлөгч Жим Басс болон түүний эцэг Жерри Басс, мөн ерөнхий менежер Мич Купчак нар Майк Брауныг авчрах ажлыг удирдан зохион байгуулжээ. Уг нь тус багийн туслах дасгалжуулагч Брайн Шо, мөн “Хьюстон Рокетс” багаас чөлөөт агент болоод байгаа Рик Аделман нарыг сонгох боломжтой байсан ч ESPN телевизийн аналистын ажил гүйцэтгэж байгаа Майк Браун багийн эздийн анхаарлыг илүүтэй татжээ.
Брауныг мөн “Голден Стейт Варриорс” баг дасгалжуулагчаа болгох тал дээр хэдэн долоо хоногийн өмнөөс ажиллаж байсан юм.

Хуучин дасгалжуулагч нь ийнхүү NBA-ын шилдэг багт ажиллах болсонд Леброн Жеймс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ шийдвэр зөв эсвэл буруу байсныг цаг хугацаа  харуулна. Хэрэв буруу шийдвэр байсан бол Коби Брайнт, Дерек Фишер гэсэн ахмад тоглогчдын хувьд карьерынхаа сүүлчийн оролдлого бүтэлгүй болох нь тодорхой юм.

Score Studio

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж