“Ломбардын үйл ажиллагааг хуульчилбал захуудын үйл ажиллагааг ч хуульчлах асуудал гарч ирнэ”

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

“Ломбардын үйл ажиллагааг хуульчилбал захуудын үйл ажиллагааг ч хуульчлах асуудал гарч ирнэ”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байсан. УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө талаар танилцуулга хийсэн юм.

 

Өнөөгийн байдлаар иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлдэг ломбард буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа ямар ч зохицуулалт хяналтгүй байсаар байна хэмээн Г.Уянга гишүүн хэллээ. Ломбардууд үйл ажиллагаа явуулахдаа иргэдийн хөрөнгийг багаар үнэлж барьцаанд авдаг, барьцаалж байгаа эд хөрөнгийн төрлөөс шалтгаалаад хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог, зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсхүл хэт бага үнээр худалддаг гэх мэт маш олон гомдол маргаан дагуулдаг гэж гишүүн тодотгооддээрх асуудлуудыг шийдвэрлэх, иргэд, хэрэглэгчдийг хохироож байгаа байдлыг зохицуулах зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан хэмээлээ.Төсөлд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг зөвхөн хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр тусгажээ. Түүнчлэн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, хориглох зүйлийг тодорхой заасан бөгөөд тухайлбал, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох, барьцаагүйгээр зээл олгох, иргэний болон хуулийн этгээдийн баримт бичиг барьцаалан зээл олгох, насанд хүрээгүй хүнд зээл олгох зэрэг үйл ажиллагааг хориглохоор тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан С.Бямбацогт гишүүн асуулт асуусан. Тэрбээр, ломбардын үйл ажиллагааг зохицуулах хууль гаргах нь зүйд хэр нийцэх вэ гэж тодруулсан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулах хууль гаргах бус журам гаргаад журмын хэрэгжилтийг хангах үүргийг харьяа дүүргийн Засаг даргад хариуцуулаад явах олон улсын жишиг байдаг гэсэн хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ломбардын үйл ажиллагааг хуульчлаад эхэлбэл захуудын үйл ажиллагааг ч хуульчлах асуудал гарч ирнэ гээд хуулийг хэт их нарийвчилбал утгаа алддаг хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Г.Уянга, ломбардтай холбоотой асуудал амьдралаас урган гараад байгаа хэмээгээд хууль гаргахгүй, журмаар зохицуулаад явна гэж шийдвэл татгалзах зүйлгүй. Эцэст нь иргэд хохирохгүй байх нь л чухал гэж хэлсэн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн.

 

Эх сурвалж: www.mongolnews.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж