Татвар төлөгчид намыг санхүүжүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчид намыг санхүүжүүлэх үү?

Бид бүхэн саяхан ИТХ-ын төлөөлөгчдөд олгодог урамшууллыг эсэргүүцэн "Урамшуулал" нэртэй "Луйвар" хэмээх нийтлэлийг хүргэж байсан билээ. Харин энэ удаад тэрхүү урамшуулал нэрийн дор олгодог мөнгийг намууд нь хандив хэмээн авдаг талаар хөндөн хүргэж байна. Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2012 оны сонгуулиар тус дүүргийн 11-р хороонд АН-аас нэр дэвшин, ялалт байгуулсан Ш.Буянжаргал яг ийм асуудлаар шүүхэд хандсан байна. 2013 оны эхний хоёр улиралд тэдэнд олгосон таван сая төгрөгийг АН "намдаа хандив" нэрээр авсан байна. Уг нь бол улс төрийн нам, эвсэлд хандив өгч болох боловч хуулиар аж ахуйн нэгж 3 сая, иргэн нэг сая хүртэлх төгрөгийг хандив өгнө хэмээн заасан байдаг. Харин дээрх мөнгө бол нийт 5 сая. Үүнээс гадна "хандив"-ыг тухайн хүн өөрийн итгэл үнэмшилээрээ өгөх ёстой. Тийм ч учраас төлөөлөгч Ш.Буянжаргал "Өөрийн гар дээрээ мөнгөө аваагүй байхад дундаас нь хандив гэж авсан" нь нэг ёсны дээрэм гэж үзсэн учраас шүүхэд ханджээ. Мөн энэ оны нэг, хоёрдугаар улирлын урамшуулал буусны дараа намаас нь залгаад өнөөх л хэлдэгээ хэлж. Харин өгөөгүй учраас энэ оны гурав, дөрөвдүгээр улирлын мөнгийг нь төсвийн тодотголоор хассан байна.

Төсвийн мөнгөөр нам санхүүжиж болохгүй хуультай ч энэ мэтээр санжүүжсээр иржээ.

Цалин, урамшуулал гэдэг зүйлийг ямар нэгэн дорвитой, нүдэнд харагдаж, гарт баригдахаар ажил хийсэн хүнд олгодог ёстой. Харин дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид жилд дээд тал нь дөрөв, доод тал нь хоёр удаа л хуралддаг байна. Эдгээр хурлууд нь ихэвчлэн баярын болон дүүргийн төсөв батлах буюу билэгдлийн чанартай хурал бодлог гэдгийг Ш.Буянжаргал хэлж байна. Тэгээд ч ажил хийгээгүй хүмүүст цалин урамшуулал олгож, түүнийг нь улс төрийн нам, эвсэл хандив нэрээр авч байгаа нь хамгийн том асуудал. Учир нь энэхүү мөнгө бол татвар төлөгч бидний халааснаас гарч байгаа. Тиймдээ ч нам, эвсэлүүд татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө санхүүжүүлж болохгүй юм.

Мөн ИТХ-ын төлөөлөгчид гадаад, дотоод томилолт гэж ямар ч ашиггүй зугаалгыг жилд нилээд хэд зохион байгуулдаг байна. Үүний нэг жишээ нь, Баянзүрх дүүргийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Дундговь аймгийн нэгэн сумтай "туршлага солилцох" нэрээр "зугаалсан" байна. Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болох 10 гаруй хүн Азийн зуны спортын XVII их наадам болж байх үед БНСУ-ын Инчёон хоттой "танилцжээ". Энэ мэтчилэн урамшуулал, томилолт нэрийн дор үргүй зардлуудыг хэдэн зуун тэрбумаар нь зөвхөн нэг дүүрэг л гаргаж байхад есөн дүүргийн гаргасан зардал хэдээр хэмжигдэхийг нь хэлж чадахгүй нь.

ШУА-ын бүтцийг багасгаж, их сургуулиудтай нэгтгэснээр 600 гаруй сая төгрөг хэмнэнэ гэсэн албан бус мэдээлэл явж байгаа. Гэтэл зөвхөн СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалд 2014 онд 533 сая төгрөг зарцуулсан гэнэ. Үүн дээр нэмэгдээд "танилцах", "туршлага солилцох" нэрээр зугаалдаг мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. 

Улсынх нь эдийн засаг элгээрээ хэвтчихсэнийг Ерөнхий сайд нь хүртэл хүлээн зөвшөөрөөд ард түмнээсээ ээмэг, бөгжөө хүртэл улсдаа хандивлахыг гуйж байгаа энэ үед иргэдээ төлөөлж ажил хийнэ гэж амлалт өгөөд сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн эдгээр хүмүүсийн утгагүй зардлыг хамгийн түрүүнд танах хэрэгтэй. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид юу сурч мэднэ гэж “АПУ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, арваад хоногийн хугацаанд сумын ажилтай танилцсан гэх вэ?

Т.БҮҮВЭЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж