Хуулийн этгээдийн тухай хуулийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Хуулийн этгээдийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж.  2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүнгээс үзэхэд хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг онцолсон бөгөөд одоогийн хууль, эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар 5 хоногт зарцуулж байгааг хялбаршуулж, хуулийн этгээдийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, хурдан шуурхай, шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй болгох шаардлага бий болжээ. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг бүртгэж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн цахим сүлжээг ашиглан бүртгэлийг хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх ёстой болж буй юм.

Хуулийн төсөл батлагдсанаар эерэг үр дүн гарах бөгөөд бүртгэлийн үйлчилгээг адил тэгш, хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, цаг хугацаа хэмнэх, төрийн байгууллагын хүнд суртал арилах, бүртгэл хариуцсан ажилтнуудын ажлын ачаалал буурах гэнэ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэх ажилд 2010 онд 14700 ширхэг гэрчилгээг 22,0 сая, 2011 онд 22500 гэрчилгээг 32,2 сая, 2012 онд 48500 гэрчилгээг 61,2 сая төгрөгийн зардал улсын төсвөөс гаргажээ. Мөн хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлж, дахин авах тохиолдолд 33 мянган төгрөгийн  улсын тэмдэгтийн хураамж төлдөг байсныг хуулийн төслийн шинэчилсэн найрууллагад цахим гэрчилгээ олгохоор тусгаж, дээрх зардлыг хэмнэх бололцоо бүрдэх тооцоо гарчээ.

Түүнчлэн хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэхэд, иргэн дунджаар 2-4 цаг зарцуулдаг бөгөөд өдөрт 400-450 иргэн үйлчлүүлж байна. Үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр нэг хүний өргөдлийг хүлээж авах зарцуулах хөдөлмөр зарцуулалт буюу хугацааны норм 2 дахин багасах юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж