Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх асуудлыг УИХ-ын төвшинд хэлэлцэж байна. Уг ордын тусгай зөвшөөрлийн лицензийг “Сентерра гоулд монголиа” ХХК эзэмшдэг бөгөөд стратегийн ордод хамруулж өгөх хүсэлтийг Уул уурхайн яаманд гаргаснаар асуудлыг УИХ-д тавьсан нь энэ аж.
Орд нь 50 тонн алттай, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн зүгээс жилд 5 хүртэл тонн алт олборлох боломжтой, 10 жилийн хугацаанд олборлолт явуулна хэмээн үзжээ. Энэ хугацаанд нийт 3 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ, мөн 660 тэрбум төгрөгийг татвараар улсад төлнө гэсэн тооцоог гаргасан аж. Гэхдээ УИХ-аас ордыг стратегийн ордод хамруулсан нөхцөлд төр тодорхой хувийг эзэмшиж, түүндээ таарсан хөрөнгө оруулалтыг гаргах болж байгаа нь гол маргааныг дагуулж байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурь барьж байгааг онцолъё.
Д.Зоригт: Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд алтанд ногдуулж байсан 10 хувийн татварыг 2.5 хувь болгон бууруулснаар үр дүнгээ өгч байна. Монголбанкинд тушаагдах алт 3 тонн болтлоо буурсан байсан бол энэ жил 12 тоннд хүрч өссөн байна. Алт нь валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. 50 тонн алтны нөөцтэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв.
Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг Тогтворжуулалтын хууль нэрээр элдэв татвараас чөлөөлөх гээд байдаг. УИХ-аас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхгүй, тодорхой хэмжээний татварыг тогтворжуулж болно. Дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар хуульд заасан. Элдэв хөнгөлөлт чөлөөлөлт өгөхгүй байх ёстой. Төр хувь эзэмших тухайд тодорхой саналаа оруулж ирж таарна.
Л.Энх-Амгалан: Стратегийн ордод орсон бол хувьцаагаа төрд өг гэж болохгүй
-Урт нэртэй хуульд орсон ордыг тэндээс гаргах хувилбар нь стратегийн ордод хамруулах гэж яриад байгаа. Энэ бол буруу. Хэрэв үнэхээр гаргах шаардлагатай юм бол нэг зүйлийг хэлье. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлах гэж байгаа. Энэ хуулиа гаргаад, 106 лицензийн асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Ингээд, алийг нь ашиглаж болох, алийг нь болохгүй гэдгээ тодорхой болгох ёстой. Ингэхгүй бол 106 лицензийн хүрээнд компаниуд төрөөс хайгуул олборлолт хийсэн нийт зардлаа нэхэж байгаа шүү дээ. Тодруулбал, ДНБ-ний гуравны нэгтэй тэнцэх мөнгийг компаниуд нэхэмжлээд байна. Төр өөрөө их хэмжээний өрөнд орж байна. Энэ асуудлуудаа шийдэж байж цааш явах учиртай. Тоглоомын дүрмээ орд нэг бүрээр нь тодорхой болгох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр стратегийн ордод орсон л бол тухайн компани нь хувьцаагаа төрд өгөх гэсэн байдлаар асуудлыг шийдэж болохгүй.
Х.Болорчулуун: Гачууртыг стратегийнх болгохыг дэмжихгүй
-Япон улс алтны их нөөцтэй ч байгаль орчиноо сүйтгэхээс зайлсхийж олборлодоггүй. Манайх болохоор алтаар баярлаг гэж төөрөлдөөд нэг хэсэг замбараагүй олборлолт явуулж, орон нутгийн иргэд нь голоосоо ус ууж чадахаа больсон. Алт олборлолтын гайгаар гол мөрөн ширгэсэн, хордсон. Урт нэртэй хууль гарснаар нэлээн цэгцэнд оруулсан. Гэтэл одоо Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах гэж байгаа нь урт нэртэй хуулийн хязгаараас гаргаж байгаа нэг хэлбэр шүү дээ.
Алтанд 2.5 хувийн татвар ногдуулсан нь үнэндээ татвар биш. Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж байж, стратегийн ордын асуудлыг ярих ёстой байсан. Оюутолгой ордыг хар, 34 хувийг төр эзэмшдэг гэдэг ч хяналт тавьж чадахгүй байна. Цаашид Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж, татвараа авдаг тогтолцоонд шилжүүлэх ёстой. Гацууртыг стратегийн орд болгохыг дэмжихгүй.
С.Ганбаатар: Баялагаа үнэлэхгүйгээр худалдаж авах тухай ярих нь доромжилж байгаа хэрэг
Гацуурт нь Бороогийн уурхайгаас 45 км-ийн зайд байрладаг, 50 тонн алтны нөөцтэй орд. Монголын төр үндсэндээ илрүүлсэн орд гэж хэлж болно. Тийм учраас мэргэжлийн хөндлөнгийн бие даасан шинжээчид ажиллаж, дүгнэлт гаргах ёстой. Үүгээрээ уул уурхайн хөрөнгө оруулалтын эсрэг байгаа юм биш шүү. Монголын ард түмэн ашиг хүртэж чадах уу гэдгийг тодруулах гээд байна.
Яагаад гэвэл ордод төр хувь эзэмших юм бол заавал хөрөнгө оруулалт хийнэ гэж яриад байх юм. Яагаад газар доор байгаа түүхий эдээ үнэлдэггүй юм бэ. Энэ баялагаа үнэлээд, дээр нь рояльтын татвараа 10-15 хувиар нэмж болно. Газрын доорх баялагаа үнэлэхгүйгээр яаж худалдаж авах тухай ярих нь ард түмнийг доромжилж байгаа хэрэг.
Ж.Батсуурь: Гарах үр дүн нь тодорхой байх ёстой
-Монгол Улс өөрөө хөгжихийн тулд баялагаа ашиглан шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа. Тэгэхээр гарцыг зөв олоод хэн, хэнийгээ хохироохгүй байх талаас нь харах ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэгжих боломжтой, гарах үр дүн нь тодорхой байх ёстой л гэсэн үг.
Г.ДАРЬ