О.Магнайгийн халааг хэн авах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

О.Магнайгийн халааг хэн авах вэ?

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ажилласан О.Магнай өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Тэрбээр “Шинээр байгуулагдсан Засгийн газар ардчиллын үнэт зүйлсийн эсрэг шийдвэр гаргаж, ямар ч сөрөг хүчингүй байгуулагдлаа. Бидний байгуулж байгаа нийгэм бол сөрөг хүчинтэй, сөрөг хүчин нь засгаа хянадаг байх ёстой юм. Зарим намыг дэд сайдын албан тушаал амлаж оруулж ирж байгаа нь хуйвалдаан дээд цэгтээ тулсныг харуулж байна. Энэ бол миний итгэл үнэмшил, зарчимтай огтхон ч нийцэхгүй байгаа юм. Хоёрдугаарт, Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй. Бидний үнэт зүйл, зарчим, ёс суртахуун таарахгүй” гэснээр ажлаа өгөөд байгаа. Харин түүний халааг хэн авах  вэ гэх асуудал  анхаарал татаж байна. Дээрх агентлагийн даргад МАН-ын хууччуул нэлээд сонирхолтой байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээллээр УИХ дахь МАН-ын  бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд, МХЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан н.Болдсайхан  нарын нэр яригдаж байна. Гэвч Өрсөлдөөний тухай хуулинд  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь улс төрийн албан тушаалтан биш  байх  гэсэн шалгуур бий.

Эхний байдлаар эл асуудлыг өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэх сураг байна. Энэ долоо хоногтоо хэлэлцэж амжихгүй бол  ирэх долоо  хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэнэ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж