Зул сараар хэн ямар ашиг олдог вэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Зул сараар хэн ямар ашиг олдог вэ?

 

Олон улсад Христийн мэндэлсэн өдөр буюу Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Энэ баяраар хүмүүс бэлэг сэлт, гацуур мод, зоог, чихэр жимсэнд маш их мөнгө зарцуулдаг. Барууны ихэнхи оронд Зул сараар жижиглэн худалдаа, зар сурталчилгааны хамгийн идэвхитэй өдрүүд байдаг аж. Орчин үед хүмүүс худалдан авалт хийхийн тулд биечлэн дэлгүүр хэсч, цаг алдахын оронд онлайн худалдааг сонгох нь нэмэгдсэн. Тухайлбал, Их Британид Зул сарын баяраар энэ жил 74 тэрбум фунт-стерлингийн худалдан авалт хийсний 23 хувийг  /17.4 тэрбум фунт-стерлинг/ онлайн захиалга эзэлж байна.

 

 

Хэдийгээр Их Британид Зул сарын худалдаа арваннэгдүгээр сарын сүүлээр эхэлдэг боловч баярын өмнөх өдөр супермаркет, захууд олны хөлд дарагдах нь элбэг. Зул сарын өмнөх өдөр оргил цагт “гэнэт ухаан орсон” хүмүүс минутанд нэг сая фунт-стерлингийн худалдан авалт хийдэг байна. Түүнчлэн компаниуд Зул сарын баяраар бараа бүтээгдэхүүндээ 30-60 хувь хүртэл хямдрал зарладаг аж. Энэ жилийн Зул сараар “Gap”, “H&M” брэндүүд бүтээгдэхүүнээ 60 хувь хүртэл хямдруулжээ. Жижиглэн худалдааны судалгааны төвөөс мэдээлснээр энэ жил Зул сарын баярын өмнөх сүүлчийн амралтын өдрүүдэд Их Британийн 13 сая хүн 2.1 сая фунт-стерлингийн бэлэг, хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийжээ. Түүнчлэн Зул сарын баяраас таван өдрийн өмнө дэлгүүрүүдийн орлого 4.74 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь өнгөрсөн 2013 оныхоос 21 хувиар өссөн байна.

 

 

Зул сарын баярын худалдаа эхэлсэн өдрүүдэд АНУ-д их дэлгүүрүүдийн үйлчлүүлэгчдийн тоо 50 хувиар нэмэгддэг байна. АНУ-д энэ  онд Зул сарын баяраар 616 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 14 тэрбумаар нэмэгджээ. Америкийн нэг иргэн дунджаар Зул сарын баяраар 800 ам.долларыг бэлэг худалдан авахад зарцуулдаг аж.  АНУ-д Зул сарын худалдаа эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд ном, ил захидлын худалдаа 100, үнэт эдлэлийн худалдаа 170 хувиар нэмэгддэг аж. Түүнчлэн америкчууд жил бүр 1.9 тэрбум баярын ил захидалд солилцдог байна. Өнгөрсөн 2013 онд нэг хүн дунджаар 75 ам.долларыг найз нөхөл, хамт ажиллагсад, гэр бүлийнхэндээ илгээх баярын их захидалд зарцуулсан гэх судалгаа гарчээ. АНУ-д Зул сарын баярын өмнөх амралтын хоёр өдөрт иргэд 42 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн нь өнгөрсөн жилийнхтэй ижил байгааг хэрэглэгчдийн судалгааны байгууллага мэдээлжээ. Өнгөрсөн 2013 онд Зул сарын баярын үеэр АНУ-д 592.66 тэрбум ам.долларын жижиглэн худалдаа хийсэн бол энэ онд 629.9 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Зул сарын баяраар жижиглэн худалдаа эрхлэгчид жилийн орлогынхоо 20-40 хувийг олдог байна. АНУ-д хоёр жилийн өмнө гацуурын худалдаа нийт 1.01 ам.доллар байсан бол энэ онд 1.16 тэрбум ам.доллар болж  нэмэгджээ. Америкийн худалдан авагчдад зориулан “Sears Holdings” корпораци жил бүрийн есдүгээр сард Зул сарын бэлэгний каталоги хэвлэн гаргадаг. Тоо томшгүй эд зүйлсийг багтаасан зузаан каталог анх 1933 онд “Сийрс хүслийн ном” нэртэйгээр гарч хэвлэгдэж байжээ.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж