Тооцоолоогүй хуулийн тооцошгүй уршиг

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Тооцоолоогүй хуулийн тооцошгүй уршиг

УИХ-ынхан гэнэт байгальд жигтэйхэн хайртай болцгоов. Тэр нь 2009 онд илэрч, тэгээд уртаас урт нэртэй нэгэн хууль баталсан нь харамсалтай нь ужиг ихтэй, удаан зовлонтой болж таарчээ. Тарчигхан бодолтой нөхдүүдэд таарчихсан хуулиас болж Засгийн газар инээх ханиахын дунд их л зовж байгаа гэлцэх.
Заамарт нинжа нарын “дажин” өрнөсөн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдахтай зэрэгцэн нэг найз маань асууж байна. “Нөгөө урт нэртэй ужигтай хуулиас болж нинжа нарын мөргөлдөөн болсон уу” гэж. Мөргөлдөөн байхдаа яахав дээ хэмээн найзыгаа шоолонгуй суусан ч үнэндээ урт нэртэй хуулийг хэрэгжүүлбэл уршиг нь адилхан гарах болохоор л ингэж асуусан бололтой.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад хоёр жил гаруй болж буй ч өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадахгүй байгаа нь цаанаа “но”-той, асуудалтайгийн илрэл болов уу.  Монголчуудын хэлдгээр хууль гууль болно гэдгийн нэг илрэл энэ байх.

Уул ус, ой модоо хайрлаж, хам­гаа­лах нь уг нь иргэн бүрийн үүрэг. УИХ-ын эрхэм гишүүд үүнийгээ ухамсарлаж байгааг сайшаах нь зүйн хэрэг биз. Гэхдээ улсын хууль батлагчдын хувьд ямар ч тооцоо судалгаагүйгээр асуудалд хандаж, хууль, дүрэм батлах эрхгүй баймаар. Учир нь хууль, дүрэм бүхнээр хүний амьдрал зохицуулагддаг болохоор тэр. Тиймдээ ч  УИХ долоо хэмжиж байж, нэг огтлох ёстой.  Мэдээж, эх орноо ухсан нүх овоолсон шороогоор дүүрээсэй гэж хэн хүсэх билээ.  Уул ус, гол мөрний ойролцоо алт ухаж, эрэл хайгуулж хийж, эрэг орчмыг нь эвдэлж сүйтгэхийн эсрэг УИХ-аас баталсан уг хуулийн санаа нь тун  зөв.  Урт нэртэй хуулийн гол санаа нь хүмүүст таалагдддаг ч харин хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт эрхэм гишүүд толгойгоо сайн ажиллуулах ёстой байжээ.

Ашигт малтмалын газрын албан ёсны вэб сайтад нэгэн зар гарсан бий.  Тодруулбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар 100 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж болзошгүй байгаагаа мэдэгдээд хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулсан оноос хойшхи нөхөн төлбөрийн тооцоогоо ирүүлэхийг мэдэгдээд байгаа юм. Хэрвээ цагтаа амжиж материалаа ирүүлэхгүй бол нөхөн төлбөрийг чинь тэглэнэ шүү хэмээн бяцхан сүрдүүлэхээ бас мартсангүй.  Ашигт малтмалын газраас гаргасан мэдээгээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 5234 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд урт нэртэй хуулиар бол эхний ээлжинд 254 алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн. Зас­гийн газраас уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд 7-8 их наяд  төгрөгийн өрөнд унаад байгаа бөгөөд жилийнх нь төсөв гурван их наядаар хэмжигддэг Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар дээрх мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй суугаа. Улсын төсөвт ч энэ талаар нэг өгүүлбэр ч тусгагдаагүй байгаагаас харахад аж ахуйн нэгжүүд “хоосон хүний хоёр чихийг нь огтолж авалтай нь биш”  гэгч л болж магадгүй. Тэгээд ч  алтыг аваад авдрыг нь хоосолсны төлөө уул уурхайнханд нөхөн төлбөр өгнө гэдэг хуулийн заалт ч бас  үндсэн гол санаатайгаа зөрчилдөөд байна.  Өөрөөр хэлбэл, таны машиныг унаж эдэлсэн нөхөрт та нөхөн төлбөр өгөхтэй адилхан асуудал юм.  Нөгөөтэйгүүр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсын төсөвт орж ирдэг мөнгөний хэмжээ багасах нь тодорхой. Мөн 1700 компанид ажиллаж байсан өч төчнөөн мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, ар гэрт нь хямрал нүүрлэх нь тодорхой.

Энэ бүхнээс харахад хэрэгжүү­лэх гэж байгаадаа ч, хэрэгжилтийг нь хүлээн авч буйдаа ч хүндрэлтэй уг хуулийг одоо яах ёстойгоо УИХ яаравчлан шийдвэрлэх нь зүйн хэрэг бус уу. Тооцоо судалгаагүйгээр, тоо бо­дол­гүйгээр баталсан хуулиа “урт нэр­тэй ч удаан жаргалтай хууль” хэмээн өмөөрөөд сууж байгаа улстөрчдийг юу гэж ойлгох билээ. “Толгой муу”-тай гишүүдийн балгаас болж тоо тоймшгүй их мөнгөний өрөнд Монгол Улс унах ёстой юу.  Их наядаар тоологдох тэр их мөнгийг эрхэм гишүүд өөрсдөөсөө гаргаад өгчихгүйгээс хойш  гууль болсон хуулийг туг тахихад ашиглаад яах юм билээ. Ичихгүй Засгийн газрын гишүүд нь гадаадад ажиллахдаа энэ хуулийн дагуу нөхөн олговор олгох мөнгөө гуйгаад яваа сурагтай. Харин бүхнийг тооцоолдог, жинхэнэ утгаараа зах зээлийг хөгжүүлж буй хөгжингүй орныхон гуйлгыг нь сонсоод нүд нь орой дээрээ гарч байгаа гэсэн. Яагаад гэж үү. Баялгаа ашиглуулахдаа гадаадынхан нөхөн төлбөр авдаг болохоор тэр. Тэрнээс өгдөггүй юмсанж. Тэгэхээр энэ бүхнээс харахад урт нэртэй, ужиг ихтэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө уралцаад яах юм бэ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж