Монголын зэрлэг амьтан судлал төвийн арван жилийн ой тохиож байгаатай холбоотой олон улсын хэмжээнд ховордсон Монгол оронд нутагшсан зэрлэг шувуудын үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Нээлтэнд Монголын зэрлэг амьтан судлалын төвийн гишүүд болон зэрлэг амьтан судлаачид оролцсон билээ.
Эл нээлтийн үеэр Монголын зэрлэг амьтан судлал төвийн тэргүүн Б.Нямсайхантай ярилцснаа уншигчиддаа хүргье.
-Шувуудын фото зургийн үзэсгэлэнгийн гол зорилго юу байсан бэ?
-Өнөөдөр бид нар Монголын зэрлэг амьтан судлах төвийн арван жилийн ойн хүрээнд фото зургийн үзэсгэлэн гаргаж байна. Төв маань 2004 онд Монгол залуучуудын оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан. Бид нарын гол ажил бол амьтан судлал байгаль хамгаалал сургалт судалгааны ажил юм. Дийлэнх нь Монгол болон дэлхийд ховордож байгаа шувуудыг судалсан ажил байгаа. Зурагнуудаас харж байгаа байхаа Дэлхийд бүртгэлтэй манайд байдаг ховор шувуудын зураг байгаа. Судалгаанд хамрагдсан шувууд дамжуулагч, бөгж зүүчихсэн байгаа. Бид нарын бүтээлүүд ч мөн уг үзэгсгэлэнд тавигдсан байгаа. Зэрлэг шувуудыг хамгаалах хиймэл үүр төслөөс бэлдсэн зурагнуудаа хүртэл оруулж өгсөн.
-Хүүхдүүдийн гар зураг их байна шүү дээ. Энэ ямар учиртай вэ?
-Манай төвийнхөн Монгол улсын зүүн таван аймгт хиймэл үүр төслийг хэрэгжүүлдэг. Махчин зэрлэг шувуу тэр дундаа эдлэг шувуудын тоо толгойг нь дэмжих төслийг хэрэгжүүлдэг. Худалдаа наймаанд их өртдөг тоо толгой нь ховордож байгаа эдлэг шувуудыг дэмжих зорилгоор хиймэл үүрийг хийсэн юм. Энэ жилийн байдлаар 5000 хиймэл үүр бий болгосон. Үүний 2500 орчим ангаахай уг үүрэнд бойжиж байгаа. Зөвхөн шувуудаас гадна хүүхэд багачуудад байгаль хамгаалах сэтгэлгээг багаас нь хөгжүүлэхийн тулд сургалт харилцааны хөтөлбөр гэж хэрэгжүүлдэг. Эл хөтөлбөр нь яадаг вэ гэхээр аль нэг аймгийн сумуудыг сонгож тухайн сумынхаа сургуулиудыг Англи, АНУ, Арабын нэгдсэн эмират улсуудтай холбож ойролцоо насны хүүхдүүдийг интернэтийн тусламжтай харилцаа холбоотой болгож, бие биеэнтэйгээ экологи, байгаль орчин, шувуудын талаар ярилцаж мэдээлэл солилцох боломжийг олгодог.
-Сумуудад интернэт байхгүй байх тохиолдол бий?
-Интернэт байхгүй тохиолдолд хөтөлбөрийн шугамаар харьцаж байгаа сургууль хөрөнгө босгоод интернэттэй болгоход нь тусламж үзүүлж хүүхдүүд чөлөөтэй харилцах боломжийг өгдөг. Сургалт харилцааны хөтөлбөрийн нэг ажил нь хүүхдүүдийн дунд уран зургийн уралдаан зохиосон байгаа. “Зэрлэг амьтан, байгаль гэж юу вэ” гэх сэдвээр хүүхдүүд чөлөөтэй сэтгэж уран бүтээлүүдээ явуулсан. Эдгээр зургуудыг АНЭУ-д болсон шонхор шувууны фестивальд хүүхдүүдийн уран зургуудыг авч явж үзэсгэлэн зохион байгуулсан. Тухайн улсын хүмүүс танай хүүхдүүд экологийн тухай маш их мэдлэгтэй байдаг юм байна гэсэн үнэлгээг авчирсан шүү.
-Фото зургуудыг хэр хугацаанд хадгалаж цуглуулсан бэ?
-Нийт фото зурагнууд бол сүүлийн 10 жил цуглуулсан зураг. Манай судлаачид өөрсдөө дарсан зурагнууд байгаа. Зарим шувууд нь маш ховор Монголд нэг хоёрхон байдаг шувууд байгаа. Голдуу олон улсын хэмжээнд ховордож байгаа.
-Эл үзэсгэлэн хэр хугацаанд үзэгчдэд хүрч байгаа вэ?
-Өнөөдөр10.00-17.00 цаг хүртэл үргэлжлээд дуусаж байгаа.
Э.ТЭКҮ