Нэрийн данс хоосон байна

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Нэрийн данс хоосон байна

Арав гаруй жилийн өмнө буюу 1999 онд УИХ-аас Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталснаар иргэд сар бүр төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох харилцаа бүрдсэн юм. Ингэснээр 1960 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн иргэдэд Нэрийн дансны хууль үйлчилж, эмэгтэйчүүдийн хувьд ирэх оноос эхлэн дээрх хуулиар тэтгэврээ тогтоолгох болж байгаа. Гэвч Аудитын газраас 2012 оны Иргэний нэрийн дансанд аудит хийхэд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд даатгуулагчийн төлсөн шимтгэл, хүүгийн орлого хийсвэрээр бүртгэгдсэн, нийгмийн даатгалын сангийн нэгдсэн санхүүгийн тайланд тусгагдаагүй, тэтгэвэр олгох эх үүсвэр бүрдээгүй байгаа нь батлагджээ.

Хийсвэрээр бүртгэгдсэн НДС-гийн хөрөнгийн хэмжээ 6.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа аж. Ингэхдээ 1.107.1 мянган Монгол Улсын иргэн, 60.5 мянган гадаадын иргэн тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэгдэж, данс нээлгэсэн байжээ.Тэднээс хэд нь  2015 оноос эхлэн тэтгэврээ тогтоолгох вэ гэдэг  нарийвчилсан тоо гаргаж чадаагүй аж. Энэ нь орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа програм хангамжид тулгуурлан нарийн тоо гаргах боломжгүй байсантай холбоотой юм байна.

Нэрийн данс хоосон, хийсвэр бичилт хийгдсэний цаад шалтгааныг УИХ-ын гишүүд иргэдийн НДШ-ийн мөнгө төрийн тогоонд орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Харин Аудитын газар дараах шалтгаантай холбоотой хэмээн үзжээ.

Үүнд Үндсэн чиглэлд тэтгэврийн даатгалын шимтгэл 19 хувь байгааг хэвээр мөрдөх, 2005 оноос даатгуулагчийн төлсөн шимтгэлийн 3 хүртэл хувийг хуримтлалд оруулах. Энэ хэмжээг цаашид нэмэгдүүлэх бодлогууд хэрэгжээгүй төдийгүй шимтгэлийн хэмжээг 5 хувиар бууруулсан. Тэтгэврийн хэмжээг улстөрийн шалтгаанаар удаа дараа нэмэгдүүлсэн. 1995 оноос хойш тогтоогдсон тэтгэврийг 1960 оноос хойш төрсөн одоогийн даатгуулагч, Ажил олгогчийн шимтгэлээс олгож байгаа зэргээс шалтгаалан тэтгэврийн даатгалын тогтолцоонд гажуудал үүсч, сангийн алдагдал ихэсч Тэтгэврийн даатгалын санд олгох төсвийн санхүүжилт жил бүр нэмэгдсэн.

Мөн Нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ НДС-гаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоогдсон тэтгэврээс 30 хувиар бага тогтоогдох урьдчилсан тооцоо гарсан байна. 2020 оноос хойш хүн ам насжиж ахмад настны эзлэх хувь нэмэгдэх бөгөөд 1960-1970 оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн олноор тэтгэвэрт гарах үед тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсч буй аж. Тиймээс НДС-гийн хөрөнгийг мөнгөжүүлэх, арвижуулах арга хэмжээг авах, 2015 оноос Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хэрэгжих боломжгүй байгаа тул УИХ-ын төвшинд зарим хуулийн зохицуулалтуудыг өөрчлөхөөс аргагүй болж буй бололтой.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж