Ц.Эрдэнэчимэг: Харилцан ойлголцож, нэг асуудалд төвлөрч чадвал ямар ч ажлыг хийж болдгийг “Бороо гоулд” компани харуулсан
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Төсвийн бодлогын хороон дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Хуучин он улиран одож, шинэ оны ажил хаяанд ирж байгууллага бүр өнгөрсөн оны ажлын амжилтаа дүгнэж, шинэ оныхоо ажлыг төлөвлөж байгаа энэ үед танай байгууллагын хувьд ямар амжилт бүтээлтэй байна вэ?
-Бид 2014 онд чамлахааргүй сайн ажиллалаа. Оны бүтээлч ажлуудаа дүгнэж үзэхэд хамгийн гол нь эмнэлэг түшиглэсэн оношлогооны төвийг 180-аад сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аппарат тоног төхөөрөмжийн хамт ашиглалтад оруулсан. Үүнтэйгээ хамтатгаад цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ цахим бүртгэлийн үйлчилгээ нь шинэлэг ажил учраас хүмүүс сайн ойлгохгүй “хүндрэлтэй, хэцүү байна” гэсэн асуудал гарч байсан. Бид энэ тал дээр шат дараалсан арга хэмжээг авсаар байгаад өнөөдрийн төвшинд үзлэгийн цагийн ачааллыг нь тэнцвэржүүлээд эмч нарт зөвлөгөө өгөх цагийг нь нэмэгдүүлж, үйлчлүүлэгчиддээ тааламжтай байх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг хичээж байна.
Нөгөөтэйгүүр, үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг нэлээд сайн хийж байгаа. Өөрөөр хэлбэл, эмчилгээ үйлчилгээнд нүдэнд харагдах бодит зардлаас гадна олон зардал мөнгөөр хэмжигдэж байдаг. Гэтэл үйлчлүүлэгчид маань “Эмнэлгээр нэг орж ирснийх, бүх эмчид үзүүлье” гээд 7-8 эмчийн дугаар авчихдаг. Гэтэл цаг нь давхцаад зарим эмчид үзүүлж, заримд нь үзүүлж чадахгүй өдөр нь өнгөрчихдөг. Эсвэл шаардлагагүйгээр олон эмчид үзүүлэх бүрт 15000 төгрөг даатгалаас нь гарч байдаг. Үүнийг мэдэхгүйн уршгаар нэг мэдэхнээ өдөрт 100 мянган төгрөгийн үзлэг хийлгэчихсэн байдаг. Энэ маягаар нэг хүн жилдээ Эрүүл мэндийн даатгалынхаа нэг сая 800 мянган төгрөгийн төлбөрөөрөө хэрэгцээ шаардлагагүй цаг үед нь үзүүлчихдэг. Үүний цаана таны мөнгө хэрэгцээгүй зүйлд явсаар. Уг нь шаардлагатай үед нь мөнгөө зарцуулах хэрэгтэй байна шүү дээ.
Дараагийн нэг зүйл нь өрхийн болон сумын эмнэлгийг чадавхижуулах. Бидний ирээдүйн зорилго бол үйлчлүүлэгч маань эхлээд анхан шатны эмэнэлэг дээрээ очдог болох явдал юм. Ингэхгүйгээр манай хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачаалал буурахгүй байна. Тиймээс өрхийн болон сумын эмнэлгүүдийг чадавхижуулан, тоног төхөөрөмжөөр хангаж, тэнд өндөгний цус, шээсний ерөнхий шинэчилгээ авчихдаг. ЭХО-д харчихдаг, зүрхний бичлэгийг нь хийчихдэг, хүн бүр өрхийн эмнэлэгтээ анхны үзлэгээ хийлгэдэг болж чадвал аль аль талдаа амар хялбар болно.
Хоёр дахь томоохон ажил бол гемодиализийн тасаг ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар энэ тасгаар долоон хүн үйлчлүүлж байна. Бөөрний дутагдалтай, энэ аппаратад л орохгүй бол амь нас нь хутганы ирэн дээр байдаг хүмүүс үйлчлүүлнэ шүү дээ. Гурав дахь томоохон ажил нь “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ”-г нэвтрүүлээд байна. Тухайлбал, угтах, лавлах, сувилах, эмчлэх зэрэг Эрүүл мэндийн сайдын тушаалтай найман төрлийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Энэ тал дээр үйлчлүүлэгчдийн бүхий л тав тухтай орчинг бүрдүүлэх, үл ойлголцсон байдал үүсвэл тайлбарлах лавлагааны хэсэгтэй болж байгаа. Хүн мэдэхгүйгээсээ их бухимддаг юм байна.
Дөрөв дэх томоохон хэмжээний ажил бол Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагтай болсон явдал.Өөрөөр хэлбэл, хавдартай хүмүүсийн өвчний хамгийн сүүлийн өвдөлт, хүндрэлийг хөнгөвчлөх эмчилгээ хийдэг тасаг. Тавд нь “Миний мэргэжил сувилагч” гэсэн том төслийн хаалтын жил болж байна. Манайхан “сувилагч” гэдэг хүнийг тариа хийдэг, өвчтөний түүх бичдэг хүн гэж ойлгодог. Тэгвэл тийм биш. Сувилагч гэдэг эмчийн туслагч, эмчийнхээ эзгүйд өвчтөнийхөө даралт, зүрхний цохилтыг үзчихдэг, эмч ирэх хүртэл анхан шатны бүх тусламжийг үзүүлж чаддаг байхаар чадваржуулна гэсэн үг юм. Ингэснээр манай эмнэлгийн сувилахуйн алба улсаас нэг алхмаар ч гэсэн түрүүлж явж байна гэж би бодож байна. Дараагийн дугаарт халдвартын шинэ тасаг ашиглалтад орж, халдвартын стандартын тасагтай болсон. Манайх хилийн район учраас янз бүрийн олон улсын хөл хориотой өвчин дамжин орж ирэх магадлал өндөртэй байдаг. Тийм болохоор стандартын байртай эмнэлэгтэй байх ёстой. Энэ маань биеллээ олсон.
-Том хэмжээний, төсөв өртөгтэй олон ажил хийжээ. Энэ бүхэнд тань төсөв өртөг нь хүрдэг үү. Эсвэл…?
-Манай хамт олон энэ жил их санаачлагатай ажилласан. Бид орон нутгийн юм уу улсын төсвийг харахгүйгээр өөрсдөө жижиг төсөл хөтөлбөр бичээд хөрөнгө мөнгө босгох ажлыг давхар зохион байгуулсан. Үүнийхээ үр дүнд манай хүүхдийн тасгийн орчин нөхцөл сайжирсан. Бид бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс, ААН-д хандсанаар гурван сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж, өрөө тасалгаагаа тохижуулаад байна. Мөн төсөл хөтөлбөр бичээд есөн сая төгрөгийн төслөөр зургаан удаагийн зургаан сарын сургалтыг ажилтнууддаа зохион байгууллаа.
80 гаруй сая төгрөгийн гемодиализын аппаратыг Айвехо компаниас үнэ төлбөргүй нийлүүлсэн. Гэх мэтчилэн үр өгөөжтэй олон ажил хийгээд байна. Мөн эмэгтэйчүүдийн эмч Цогтбаатар олон улсын байгууллагад төрөх тасгийн зөөлөн эдийг шинэчлэх төслийг санаачлан хэрэгжүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, манай хүмүүс зөвхөн өмнөх ажлаа хийгээд явахгүй бас байгууллагынхаа төлөө хэрэгтэй зүйлийг өөр газраас хөрөнгө мөнгө татах чиглэлээр нэлээд өндөр үр бүтээлтэй ажилласан.
-Саяхан аймгийн ИТХ-ын 11 дэх хуралдаан болж аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл болон 2015 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэр дундаа төсвийн бодлогын хороон даргаар ажилладаг төлөөлөгчийн хувьд сум орон нутагт хийсэн төсөв хэр хүртээмжтэй гэж бодож байна. Тэгээд ч өөрөө Мандал сумын ИТХ-ын даргаар өмнөх хоёр удаагийн сонгуулийн жилд ажиллаж байсан шүү дээ. Эндээс харахад?
-Бид сум орон нутгийн төсвийг төсөвлөхдөө боломжтой хэмжээгээр төсөвлөдөг. Аль ч байгууллага, сум орон нутаг хүссэн хэмжээгээрээ төсвөө авна гэж ерөөсөө байдаггүй. 2015 оны хувьд улсын төсөв маш хүнд байгаа. 2014 оны төсвийн гйүцэтгэлээр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх мөнгө дутуу байгаа. 2014 оны улсын төсвийн тодотголоор орчихвол болох байх гэсэн ч хараад байхад үндсэн хөрөнгө оруулалтыг хийхэд боломж хомс байх шиг байна. “600 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. 300 нь урсгал зардалд 300 нь хөрөнгө оруулалтад гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар 300 орчим тэрбум төгрөг л он дуустал олдох болмжтой байна” гэж манай аймгаас сонгогдсон гишүүн, шинэхэн сангийн сайд ярьсан.
Дээрээс нь ирэх оны орон нутгийн төсөв нэлээд хатуу хумигдсан байдлаар батлагдсан. Мандал суманд гэхэд өнгөрсөн онд 900 гаруй сая төгрөг орон нутгийн хөгжлийн сангаас тусгаж байсан бол энэ жил 600 сая төгрөг тусгагдсан.
Шалгуур үзүүлэлтүүдээ хараад дээрээс нь өнгөрсөн жил аймгийн хэмжээнд есөн тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд хийж байсан бол энэ жил долоон тэрбум болсон байна. Үүний 60 хүртэлх хувийг сумддаа хуваагаад дээрээс нь энэ дуусч байгаа 2014 онд санхүүжигдээгүй шилжиж байгаа хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байж байгаа. Ингээд бодохоор ирэх жил ерөнхийдөө хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ нэлээд хумигдах байх.
Хоёрдугаарт төсвийн байгууллагуудын урсгал зардлыг ч гэсэн танасан. Харин сумдын болон өрхийн эмнэлгүүдийн төсвийг төрөөс барьж байгаа бодлогынхоо хүрээнд танахгүй гэсэн учраас гайгүй байгаа. Бидний хувьд дээр ярьсан анхан шатны эмнэлгүүдээ чадавхижуулах талаар ярьж л байна. Мандал суманд гурав, Сүхбаатар суманд дөрвөн өрхийн эмнэлэг байдаг. Энэ эмнэлгүүдийг анхан шатны тоног төхөөрөмжтэй болгочихоё гээд нийтдээ 25 сая гаруй төгрөгийн санал оруулсан боловч энэ санал дэмжигдсэнгүй. Мандал сумын хэмжээнд нэлээд санал ирүүлсэн. Энэ саналаас эрэмбэлээд гурван байрны дээврийн засварын 180-аад сая төгрөгийг аймгийн хөгжлийн сангаас баталсан байгаа. 600 сая төгрөгөө сумандаа эрэмбэлээд шийдэх юм. Үүнд Түнхэлийн хатуу хучилттай замын асуудал бас дэмжигдээгүй. Замын хөрөнгийг суманд биш бүсүүдийн замыг засварлах зам засварын ажилд зарцуулна гээд хараагийн бүсэд тавигдсан байгаа. Энэ нь Баянгол, Мандал сумын хоорондох зам засварын ажил яригдаж байх шиг байна. Төсвийг хямгатай зарахгүй бол ирэх жил нэлээд хүнд болох нь. Хүн бүхэн үүнийг ойлгож байгаа байх. Зөвхөн төсвийн хөрөнгөөр бус төсөл хөтөлбөрөөр хөрөнгө босгох асуудал нь нээлттэй байна.
-Таны ажиллаж, амьдарч байсан Мандал сум улсын тэргүүний сум болсон. Энэ сум бусад сумаа бодвол бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтээр хамаагүй илүү, хүн ам нь ч их. Тэгэхээр тус сум “Хараа” бүсийн төв бөгөөд энэ бүсэд уул уурхайн үйлдвэрлэл явагддаг тул энэ нутгийн хөгжил бусдаасаа нэг алхмын урд явдаг. Та сумын ИТХ-ын дарга байсны хувьд таны бодол?
-Би 2004-2012 онд Мандал сумын ИТХ-ын даргаар найман жил ажилласан. Аль ч цаг үед янз бүрийн хямрал тохиолдоогүй ч байлаа гэсэн хэчнээн ч мөнгө төгрөгтэй байлаа ч гэсэн улсын төсвийг санасан зоргоор олгодог юм гэж ерөөсөө байдаггүй. Гэхдээ бид нэлээн хуралдаж, олон шийдвэр гаргаж, Засаг дарга маань түүнийг нь хэрэгжүүлэх гэж хичээснээр том том бүтээн байгуулалтуудыг бий болгосон. Гэхдээ эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид төсвийн хөрөнгөөр хийгээгүй.
-Тэгээд хөрөнгийн эх үүсвэрээ хэрхэн, яаж бүрдүүлээ вэ?
-Энд хоёр талын асуудал байсан. Мэдээж энэ нь эхлээд хөрөнгийн суурийг тавих. Сумын Засаг дарга хөрөнгийн суурийг тавиад, дараа нь яаж үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал дээр бид яах аргагүй нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ялангуяа, уул уурхайн томоохон хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын тусламж, хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Тухайлбал, “Бороо гоулд” ХХК манай суманд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан нь энэ бүтээн байгуулалтын ажилд их нөлөөлсөн. Жилдээ 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хийдэг байсан. Харин энэ хөрөнгийг бид хүмүүст зүгээр тарааж өгөхөөсөө илүүтэй бодит хөрөнгө болгохыг харж байсан учраас олон барилга байгууламж, зам харилцаа гээд бүтээн байгуулалтад зориулсан.
-Тэгээд ямар ямар бүтээн байгуулалтыг бий болгосон юм бэ?
-Тухайлбал, 750 сая төгрөгийн өртөгтэй “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулга, 900 орчим сая төгрөгийн өртөгтэй нутгийн захиргааны ордон, спортын ордон, 2-3 цэцэрлэг, мал нядалгааны байр, багийн хөгжлийн төв, Түнхэл тосгоны Спортын төв гээд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, тэр үед нэгэн зэрэг хийх боломжгүй тийм олон хөрөнгө оруулалтын ажлыг бид хийсэн. Мөн 17 км хатуу хучилттай зам, төв замаас Мандал сум хүртэлх сайжруулсан шороон зам, Түнхэл тосгоны спортын ордон, сүү цагаан идээ боловсруулах цех гээд олон зүйлд Бороо Гоулдын хөрөнгө оруулалтыг зориулсан байгаа.
-Эдгээр бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг ямар шийдвэрээр зарцуулдаг байв. Ямар нэгэн хяналт байсан л байх даа?
-Манайд “Хамтарсан ажлын хэсэг” гэж байсан. Энэ ажлын хэсгийн хурлаар шинэ он эхлэхийн өмнө ирэх онд хийх ажлынхаа эрэмбэлсэн төлөвлөгөөг хэлэлцэж баталдаг нь хамгийн чухал зүйл байсан. Ажлын хэсгийн хуралдаан дээр компанийн болоод сумын зүгээс тэнцүү тооны хүмүүс оролцож, ямар хөрөнгө оруулалтаар юу хийх вэ гэдгээ тогтдог байсан. Энэ үндсэн дээр хөрөнгө оруулалтаа оруулдаг байсны үр дүнд бүгд бодит ажил болж үлдэж чадсан. Үүнд иргэд маань сэтгэл хангалуун байдаг.
-Үүнээс өөр хамтын ажиллагаа байсан уу. Тухайлбал ажлын байр гэх зэргээр?
-”Харилцан бие биеэ ойлголцож яг нэг асуудалд төвлөрч чадвал бүх юмыг хараад суухгүйгээр ажлыг хийж болдог юм” гэдгийг харуулсан. “Бороо гоулд” ХХК-д бид хэд хэдэн хүсэлт тавьж байсан. Манай Мандал сумын иргэдээс ажиллагсдаа авах, мөн жижиг, дайвар ажлуудад сумын ААН, байгууллагуудыг гэрээгээр ажиллуулах зэрэг саналуудыг тавьж, тус компани хүлээн авч хамтран ажиллаж байсан.
-Эдгээр хамтарсан ажлын үр дүн нь ямар байсан бол?
-Уул уурхайн компани орон нутагт, хажууд байна гэдэг бол хөгжилд үнэхээр том тус дэм болдог. Тийм болохоор хамгийн гол нь яаж харилцан хамтарч ажиллах вэ. Энэ уул уурхайн компани үйл ажиллагаагаа дуусгаад буцахад тэр хэмжээгээр орон нутагт олон хүний амьдралд нэмэр болохуйц, цаашид үргэлжлүүлээд авч явж болохуйц зүйлийг авч үлдэх ёстой гэдэг зарчмаар бид хамтарч ажилладаг байсан. Энэ бол их үр ашгаа өгсөн ажил болсон.
-Өөрийн тань хэлдгээр энэ компанийн үйл ажиллагаа нь дуусаад, төслийн хаалтын ажил эхэлсэн. Харин энэ компанийн боловсруулах үйлдвэрийн суурин дээр Гацууртын ордыг ашиглах талаар Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна л даа. Энэ орд Мандал сумын нутаг дэвсгэр дээр байдаг. Хэрэв энэ ажил эхэлвэл сумын өнгө төрх ямар байх бол. Хэр ашигтай ажиллаж, ямар үр дүн харагдах бол?
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа хараад юун дээр алдсан, одоо яаж ажиллах хэрэгтэй вэ гэдгээ харж ажиллах байх. Мэдээж энэ компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна гэдэг бол орон нутгийн хувьд бас л нэг том дэмжлэг болно. Гэхдээ бидний тэр үед хамтраад ажиллаж байсан ажлын хэмжээнд байхаас илүү аймгийн хэмжээнд хийх үү гэдэг асуудал яригдах байх. Өөрөөр хэлвэл, энэ компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахад үр ашгийг нь энэ орон нутаг яаж хүртэх юм бэ гэдэг дээр харилцан хамтран ажиллах гэрээ байгуулагдах байх гэж найдаж байна. “Бороо гоулд” ХХК Баянгол сумын нутаг дэвсгэр дээр байдаг хэдий ч Мандал сумын нутагт хаягдлын далан нь ордог гэдэг утгаараа энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулсан байх. Харин Гацууртын орд бол яг Мандал сумын, тэр тусмаа Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байдаг.
Энэ компанийн үйл ажиллагаа эхэлвэл Сэлэнгэ аймагт их том хэмжээний хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг авчрах боломж бүрдэх байх. Тэр дундаа Мандал суманд илүү үр ашигтай байна байх.
-Энэ нь дан ганц хөрөнгө оруулалт уу, аль эсвэл өөр…?
-Энд дан ганц хөрөнгө оруулалт гэж ярихгүй.”Бороо гоулд” ХХК хөдөлмөр хамгаалал гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг нь ил байдаг. Яагаад гэвэл манай суманд том том үйлдвэрийн газрууд нэлээд байдаг. Тухайлбал, Төмөр замын том зангилаа, Депо, Спирт бал бурам гээд олон байгууллага бий. Өөрөөр хэлбэл, манай суманд хүний төлөө, тэдний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангасан нөхцлийг бүрдүүлэх ажлыг ном товхимол, хууль дүрмийнхээ хэмжээнд хийчихсэн байдаг хэрнээ, яг хэрэгжүүлснийг нь үзэхээр харах юм багатай байдаг.
Гэтэл “Бороо Гоулд” компани дээр очоод үзэхэд үнэхээр хамгийн нэг номер нь “Хүн” юм байна шүү гэдгийг ойлготол ажиллаж чадаж байсан нь бидэнд их зүйлийг бодогдуулсан. Аюулгүй ажиллагааг хэрхэн удирдах ёстойг бодитоор нь харсан. Энэ мэтчилэн мөнгөөр илэрхийлэгдэхгүй олон зүйлийг сурч мэдэх боломж бололцоо нэмэгдсэн.
Бусад асуудал буюу уул ус, байгаль орчны тэнцвэрийг хадгалах тал дээр мэдээж олон улсын нэр хүндтэй том компанид эргэлзээд байх зүйлгүй. Энэ байгалийг хэвээр нь үлдээх асуудал цаашид нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр үндэс суурийг нь тавьж өгөх байх. Харин тасралтгүй үйл ажиллагаатай, ард түмнийг тэжээж байдаг тийм л зүйлийг үлдээх хэрэгтэй. Уул уурхайн ажил ашиглалтад ордог л юм бол тэнд байгаа баялгаа бид ашиглаж байна л гэж би ойлгож байгаа. Дээр нь аялал жуулчлалын бүс болгоод ашиг олж чадвал бид харамлаад суугаад байх утгагүй. Мэдээж Засгийн газар дэмжээд үйл ажиллагааг нь зөвшөөрөөд явна гэдэг бол тодорхой хэмжээнд бүх асуудлыг тохиролцсоны үндсэн дээр хийх байх. Уул уурхайг ашиглахдаа биш Бороогийнхоо үйлдвэр рүү хүдрээ зөөх борлуулах учраас тэр зам дагуух байгалийн нөхцөл байдлыг хадгалах, аюулгүй ажиллах тал дээр онцгой анхаарах ёстой байх.
-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр Гацууртын ордыг ашиглах талаар компанийн нөхцөлтэй холбогдсон ажлын хэсэг байгуулагдсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ажлын хэсэг байгуулсан. Энэ нь мэдээж Засгийн газар шийдвэр гаргалаа ч гэсэн орон нутгийн хувьд ямар байдлаар ажиллах ёстойг тодорхойлсон харилцан тохиролцох асуудал гарах учраас эхний шатны төлөвлөгөөгөө гаргах ажил явагдаж байна гэж би ойлгосон. Тэгэхээр би эхлэл нь тавигдаж байна л гэж ойлгосон. Гацууртын ордыг ашиглахгүйгээр авч үлдлээ гэхэд хэзээ ашиглах билээ. Хүрз бариад 150-160 метрийн гүнд байгаа алтыг нутгийн иргэд бид олборлож чадах уу, үгүй юү гэсэн асуудал байна. Нэг харахад яахав байгаль орчны хувьд сөрөг сонсогдож байж магадгүй.Гэхдээ л бид юм бүгдийг харамлаад сайхан болохгүй шүү дээ. Харин газрын хэвлий дор байгаа алтныхаа хэмжээгээр өөр үйл ажиллагааг аваад явж чадах тийм бүтээн байгуулалтыг авч үлдэх үү, яах вэ гэдэг нь цэвэр бидний сонголт л доо.
Н.ОЮУНМАА