ОХУ болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан 4 орон Европын холбоог сөрөн зогсох эдийн засгийн шинэ эвсэл байгуулахаар болсноо зарлав. Гэвч эвсэлд нэгдсэн Беларусийн лидер Кремлийн бодлогыг хурцаар шүүмжилсэн нь эвсэл хүчирхэг нэгдэл болж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна. ОХУ, Беларусь, Казакстан, Армен, Киргизстан зэрэг орнуудын Евразийн эдийн засгийн эвсэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болохоор бэлтгэж байгаа аж. Эвсэлд Казакстан, Беларусь хоёр шинээр элссэн. Гэвч гишүүн орнуудын дунд Украинь шиг болж дуусах вий гэсэн айдас хэвээр байгаа юм. Үйл ажиллагаа нь жигдэрч амжаагүй тус эвсэлд Армен элсэхээр тохирсон бол Киргизстаны хувьд яриа хэлэлцээний түвшинд байгаа аж.
Евразийн эдийн засгийн эвслийн орнууд чөлөөт худалдааны гэрээ байгуулахаас гадна санхүүгийн системээ уялдуулж, нэгдсэн хөдөлмөрийн зах зээл, тээврийн сүлжээ, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлого баримтлах юм. ОХУ Евразийн эдийн засгийн эвсэлд Украиныг нэгтгэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч Кремлийн бодлогыг дэмжигч ерөнхийлөгч Виктор Янукович нь олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээн самуунаар огцорч, нутгаасаа зугатан гарахаас аргагүйд хүрсэн. ОХУ тэр даруйд Хар тэнгисийн эрэг дээрх Крымын хойгийг өөртөө нэгтгэсэн нь ОХУ, АНУ-ын харилцааг муутгасан төдийгүй Украиныг барууныг дэмжигч болон ОХУ-ын талыг баримтлагч гэсэн хоёр хэсэгт хуваасан. Ам.долларын эсрэг рублийн ханшийн уналтаас болж шүүмжлэлийн бай болоод буй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Евразийн эдийн засгийн эвсэл жилийн 4.5 их наяд ам.долларын эдийн засагтай 170 сая гаруй хүнтэй асар том зах зээл бий болгоно гэж үзэж байгаа юм.
В.Путин "Евразийн эдийн засгийн нэгдэл харилцан ашигтай ашиг сонирхол дээр тулгуурласан" хэмээн мягмар гаригт Москва хотод болсон дээр хэмжээний уулзалтаар Евразийн эдийн засгийн эвсэл байгуулахаар эцэслэн тохиролцохдоо хэлсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ руу гаргадаг экспортыг нь хязгаарлаж, Беларусын эдийн засгийг хохироож байгааг нь шүүмжилж ганцаарчилсан тоглолт хийх гэж оролджээ. ОХУ, Европын холбооны гишүүн Польш, Литва зэрэг орны дунд хавчуулагдан оршдог энэ улс Европын холбоо ОХУ-д эдийн засгийн хориг тавьсны ачаар Европын холбооноос оруулдаг хүнсний импортын хэмжээг өсгөж, ОХУ руу дамжуулан экспортолж хөөрхөн ашиг олдог.
Үүний хариуд ОХУ эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандарт хангалтгүй гэдгээр шалтаглан Беларусын үндэсний мах, сүүн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлан, Казакстанаар дамжуулан ОХУ-д экспортолдог тээврийн сүлжээнд хориг тавьсан юм.
В.Путин Евразийн эдийн засгийн эвслийг улс төр, эдийн засгийг нь Кремлээс удирдах хуучин Зөвлөлт маягийн системийн орчин үеийн хэлбэр гэж харж байгаа бөгөөд 28 орныг өөртөө нэгтгэсэн Европын холбоог сөрөн зогсоно гэж найдаж байна. 45 сая хүн амтай Украинь В.Путины хувьд ОХУ-ын эдийн засгийн нөлөөний хүрээнд байлгах сувд байсан боловч Украинь Европын холбоонд элсэх сонирхлоо нуугаагүй.
Гэвч ОХУ-ын түншүүд Украиньд болж буй шиг үймээн самуун давтагдах вий гэхээс эмээж, ОХУ эдийн засгийн бэрхшээлээ даван туулж чадах эсэхэд санаа зовж байгаа аж. Дээрх асуудлууд нь ОХУ-ын түншүүдийг В.Путины хүсч буй эвсэлд орохоос болгоомжлоход хүргэж байгаа юм.
Н.ЭНХТУЯА