Сэтгүүлзүйн салбараас дөрвөн Гавьяат төрлөө

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

Сэтгүүлзүйн салбараас дөрвөн Гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар улс төр, урлаг, спорт, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр  төрийн өндөр дээд  одон  медаль гардууллаа. Энэ үеэр Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Шударга журам медалиар тухайн салбартаа хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүмүүсийг шагналаа. Төрийн одон медаль хүртсэн хүмүүст хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргээд, хэд хэдэн эрхмийг онцолсон юм.

Тэрбээр “Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын илэрхийлэл, есөн хөлт их цагаан сүлд орших хүндэт их өргөөнд ажил амьдралаараа хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан хүмүүст төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Эдгээр өдрүүдэд Монголын ард түмэн орчин цагт сэтгэн бодох, эрх чөлөөтэй бүтээн туурвих, хувь заяандаа эзэн болох, эвлэлдэн нэгдэх эрхээ олж жинхэнэ эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрсэн түүхэн боломжийн 25 жилийн ойг онцлууштай. Эх орныхоо хөгжилд дэвшилд эрх чөлөөний эхэн үйл хэрэгт зүтгэж яваа Монголын мянга, мянган хөдөлмөрч иргэдийнхээ төлөөлөлд хүндэтгэлд үзүүлсэндээ баяртай байна. Энэ танхимд манай орны бүтээн байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээний салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдийн төлөөлөл, мянган, мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, энхийн манаанд олон  жил зогссон  эмчээс эхлээд сэтгүүлч, шатарчин, зохион бүтээгч дасгалжуулагч, жолооч, яруу найрагч, зурагчин, зураач малчин гээд салбар, салбартаа манлайлал үзүүлж яваа иргэдийнхээ, зүтгэл сэтгэлийг Монголын төр үнэллээ. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн сангийн аж ахуй удирдах Ерөнхий газрын даргын албыг хашиж байгаад Өвөрхангай аймгийн Сант сумын “хөгжил” нэгдлийн туслах малчнаар ажиллах болж амьдралын бартаа нугачаа, бэрхшээл сорилтыг туулан хүний эрх эрх чөлөөний үнэ цэнийг бие сэтгэлээрээ мэдэрч явсан 20 дугаар зууны монголын төрийн алдаа, онооны бодит гэрч төр нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз гуай Монгол улсын гавьяат хэмээх эрхэм цолыг хүртлээ. Алаг дэлхийд мэндэлсэн олон шинэ хүнийг өлгийдөн авсан алтан гартай ачтан улсын клиникийн нэгдүгээр төрөхийн эх баригч эмч Банзрагчийн Оюунгэрэл  Монгол Улсын хүний авьяат эмч гэдэг сайхан цолыг хүртлээ. Ардчилсан хөдөлгөөний сүлд дуу Хонхны дууг хөгжимдөж дуулсан "Хонх" хамтлагийн дуучин Намсрайжавын Энхбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Хятад хэлний орчуулагч Монцамэ агентлагт олон жил ажилласан редактор Цэрэнгийн Сүрэнжав гуай Монгол Улсын Соёлын гавьят цол хүртлээ.

Мөн эх орныхоо нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа Жүдо бөхийн Дэлхийн аварга, ОУХМ Ганбатын Болдбаатар, чөлөөт бөхийн дэлхийн аварга, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд, чөлөөт бөхийн дэлхийн аварга тэмцээний хүрэл медальт ОУХМ Энхсайханы Ням-Очир, шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул нар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэнд баяр хүргье. Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ ямагт сайн, сайхан амжилт авчирдаг. Олон мянган иргэдийн сайн, сайхан амжилтаас улс орны өнгөлөн дэвжих эх сурвалж авдаг” хэмээлээ.

Байгаль орчны гавьяат

Б.Чимид /НЗАА-ны ахмад ажилтан, дендерлогич/

Гавьяат багш 

Н.Болд /Монголын багш  нарын холбооны дэд Ерөнхийлөгч /

Ц.Тунгалаг /23-р  цэцэрлэгийн эрхлэгч/

Гавьяат дасгалжуулагч

Ц.Хосбаяр (“Алдар” спорт хорооны  дасгалжуулагч)

Ш.Цэвэлмаа  (Жүдо бөхийн  шигшээ багийн дасгалжуулагч)

Гавьяат тамирчин

Г.Болдбаатар (Жүдо бөхийн  шигшээ багийн тамирчин)

Б.Мөнгөнтуул (Шатрын их мастер)

Э.Ням-Очир /Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин/

С.Цэрэнчимэд  /Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин/

Гавьяат тээвэрчин

И.Рэнцэндорж /Автобус -1 компанийн ахмад ажилтан/

Гавьяат хуульч

А.Ядмаа /УЕПГ-ын ахмад ажилтан

Гавьяат эдийн засагч

Ц.Лоохууз /төрийн нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч/

Ц.Тэрбиш

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн /МУСГЗ/

Д.Алмас /Ахмад орчуулагч/

Б.Ганчимэг /”Open door” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч/

Ц.Сийлэгмаа /Монголын эмэгтэйчүүдийн холбооны ахмадын хорооны дарга/

Ай.Төмөр-Очир /Чөлөөт уран бүтээлч/

П.Цэгмид /Монголын  зураачдын эвлэлийн тэргүүн/

Н.Энхбаяр /”Хонх” хамтлагийн уран бүтээлч/

С.Цацралт /”Гамма” агентлагийн зурагчин/

Ц.Сүрэнжав /”Монцама” агентлагийн редактор/

 

Монгол Улсын гавьяат жүжигчин /МУГЖ/

Ч.Баярмаа /Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын  жүжигчин/

 

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн /МУУГЗ/

Ц.Мөнхболд /Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлч/

Б.Одсүрэн /СУИС-ийн хөөмийн багш/

Ш.Чойжил /Зураач/

 

Хүний гавьяат эмч

Б.Болдсайхан /”Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн  захирал, их эмч/

 

Эрүүлийг хамгаалахын гавьяат эмч

Б.Оюунгэрэл /Улсын клинизийн нэгдүгээр амаржих газрын эх баригч/

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг: Би сэтгүүл зүйн салбарт 20 орчим жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд өдөр тутмын сонинд ажиллаж байгаад одоо “Open door” долоо хоногийн чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. Сониныхоо хамт олонд маш их баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Сэтгүүл зүйн салбарын төлөөлөл болгож надад энэ шагналыг өгч байгаад баяртай байна.

Хүний гавьяат эмч Б.Болдсайхан: Социализмийн үеийн сумын эмнэлгээс эхлээд өдийг хүртэл эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Намайг биш, миний үеийнхнийг, миний үеийн эмч нарыг, баг хамт олныг маань төлөөлүүлж намайг шагнасан гэж бодож байна. 1988-2000 оны хооронд амаргүй жилүүд байлаа. Одоогийнх шиг MRI аппарат байтугай эм тариа олддоггүй, бинзен олддоггүй үе байсан. Нийгмийн тэр хэцүү үеийг даван туулж, одоогийн залуучуудтай цуг ажиллаж байна.  Миний үеийн эмч нарыг төлөөлүүлж энэ шагналыг өгч байгаад баяртай байна.

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр: Маш их баярлаж байна. Өөрийн шавь 19 настай охинтойгоо хамт шагнуулах сайхан байна. Маш их урам, эрч хүч өглөө. Цэрэнчимэд маань 12 настайгаасаа миний удирдлагад явсан. Шавьтайгаа цуг гавьяат цолоор шагнуулсан тохиолдол бараг байхгүй байх.

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд: Юуны өмнө багшийн минь олон жилийн хүч хөдөлмөрийг үнэлж гавьяат цолоор шагнасанд баяртай байна. Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны хамт олон болон “Алтай” консткаркшныханд баярлаж явдагаа хэлмээр байна. Та бүхний итгэлийн алдахгүй бэлтгэлээ улам сайн хийх болно.    

С.ОТГОН

 

Гэрэл зургийг Б.БАТМӨНХ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж