НАТО-д гишүүнээр элсэхийн тулд Киевийн парламент өчигдөр /XII.23/ Украины эвсэлд үл нэгдэх статусыг өөрчилсөн байна. Киевийн парламентад найман гишүүнээс бусад 303 нь Украины эвсэлд үл нэгдэх статусыг өөрчлөхийг дэмжжээ. Ийнхүү Украин эвсэлд үл нэгдэх улс орнуудын хөдөлгөөнөөс гарч, НАТО-д нэгдэх алхамаа ахиуллаа. Гэвч Украин хэзээ НАТО-гийн гишүүнээр элсэх нь тодорхойгүй хэвээр байна. Ерөнхийлөгч Виктор Янукович Крым Украинаас салж, зүүн хязгаарт үймээн дэгдсэнд ОХУ-ыг буруутган, хариуд нь НАТО-д нэгдэхээр бэлтгэж буй юм.
Украин эвсэлд үл нэгдэх статусаа өөрчлөхгүйгээр ямар нэгэн цэргийн холбоонд элсэх эрхгүй аж. Украин 2010 онд ОХУ-ын шаардлагаар эвсэлд үл нэгдэх улс орнуудын хөдөлгөөнд нэгдсэн юм. Украин улс төрийн бодлого, статусаа өөрчлөхийн эсрэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зөрчил, хямралыг нэмэгдүүлэх “сөрөг үр дүнтэй” гэж мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Украин НАТО-д нэгдсэнээр ОХУ-ын хувьд цэргийн сөргөлдөгч тал болно” хэмээн “Facebook” хуудсандаа бичжээ. Кремлийн зүгээс НАТО зүүн зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хаяанд тулж ирснийг ихэд шүүмжилж буй. ОХУ-ын хувьд Украин НАТО-д нэгдэх нь улс орны аюулгүй байдалд шууд заналхийлэл аж.
Киевийн экс Ерөнхийлөгч Виктор Янукович Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсанаас өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтийн эсэргүүцэл дунд суудлаасаа буусан. Украинд төрийн эргэлт хийснээр сөрөг хүчин Киевийн парламентыг толгойлох болсон ч Оросыг дэмжигч ард олонтой Крым болон зүүн хязгаарынхны дэмжлэгийг авч чадаагүй юм. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард Крымын хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэн билээ. Гэвч ижил нөхцөл байдал өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины зүүн хязгаарт үүсч, Киевийн эсрэг зэвсэгт бослого өрнөөд байна.
Украины зөрчил, мөргөлдөөнд 5000 орчим хүн амь үрэгдэж, тулааны талбарт сая орчим хүн орох оронгүй болжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА