Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд гадаад улс руу төсвийн мөнгөөр зугаалсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан нь саяхан. Харин Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын гишүүд энэ оны нэгдүгээр сард Тайланд улс руу явсан, ингэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр явсан гэсэн мэдээллийн дагуу чухам ямар ажлаар, хаанахын мөнгөөр ийнхүү яваад ирсэнийг нь тус дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар /МАН/-аас тодруулсан юм. Тэрээр хариулахдаа “Яг хэдүүлээ явсанаа сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан Бангкок хотын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах зорилгоор хорь гаруй төлөөлөгч явсан” хэмээсэн юм. Ингэхдээ харин нэр бүхий зарим хүний зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан байна. Харин яг хэдэн төгрөгийг гаргасан гэдгийг мөн л санахгүй байна лээ.
Ийнхүү Засаг даргын нөөц хөрөнгөөр гадаад явсан үйлдлийг нь мэргэжлийн байгууллага шалгаж тогтоогоод “хууль зөрчсөн үйлдэл” гэдгийг нь мэдэгдсэн ч эргэн төлүүлэх тухай ямар нэгэн тогтоол захирамжийг Засаг дарга М.Чинболд /АН/ одоо болтол гаргаагүй байгаа юм.
Мөн иргэдийн анхаарал хандуулдаг нэг зүйл бол ИТХ-ын гишүүдэд мөнгөн урамшуулал олгодог асуудал юм. Тиймээс энэ талаар ч гэсэн сонирхлоо. Сонгинохайрхан дүүргийн хувьд 2014 оны нэг, хоёрдугаар улиралд төлөөлөгч бүртээ 1,5 сая төгрөгийн урамшуулал олгосон бол гурав, дөрөвдүгээр улиралд тус бүрт нь 5 сая төгрөг өгчээ. Тэгэхээр нэг төлөөлөгч жилд 13 сая төгрөг авсан гэсэн үг бөгөөд тус дүүрэг нь 41 төлөөлөгчтэй учир нэг жилд 533 сая төгрөгийг төлөөлөгчдын урамшуулалд зарсан байгаа юм.
Харин энэ урамшуулалын талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14-р зүйлийн 14-2-т “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” хэмээн заажээ. Харин заалтад олгож болох талаар тусгасан бөгөөд заавал өгнө гэсэн зүйл байхгүй. Ийнхүү зөвхөн нэг дүүргийн хувьд ийм мөнгөн дүн гарч байна.
Харин өнгөрсөн оны наймдугаар сард НИТХ-ын тэргүүлэгчдийн 93-р тогтоолоор энэхүү урамшууллын мөнгөний дээд хэмжээг 5 сая байхаар заажээ.
Мэдээж энэ мөнгийг тойргийнхоо иргэдийн төлөө зарцуулдаг гэвэл худлаа. Дөрвөн жил тутамд дүүргийн ИТХ-д сонгогдохын төлөө гэрийн гадаа цагаан хоолойгоор “Та бүхний төлөө, дүүргийнхээ иргэдийн төлөө нойр хоолгүй ажиллана. Морь нохой мэт зүтгэнэ” хэмээн орилж байдаг нь аргагүй аж. Учир нь, хэн ч зүгээр байж байгаад жилд арван хэдэн сая төгрөг авдаг тийм ажилд орохыг хүснэ шүү дээ. Уг нь хуулинд заахдаа “өгч болох тухай” заасан байдаг бол ИТХ-д сонгогдсон хүмүүс маань энэ заалтыг “заавал өгнө” гэж ойлгодог, дээд хэмжээг нь “таван сая” гэж тогтоохоор түүнд тулгаж авдаг нь заншил бололтой. Тэгээд ч иргэдийн төлөөлөл болж сайн дураараа сонгогдсон эдгээр төлөөлөгчдөд “урамшуулал” нэрээр татвар төлөгчдийн халааснаас хэдэн зуун саяар нь өгөх нь эдийн засаг элгээрээ мөлхчихсөн энэ үед зүйд хэр нийцдэг юм бол доо. ИТХ-ын төлөөлөгчидийн “урамшуулал” хэмээх чамин нэртэй луйврыг зогсоох болтугай.
Т.ДАРХАН