Төрийн ордноо өнөөдөр дөрвөн байнгын хорооны хуралдаан товлогдсон байна. Хууль ёсоор байнгын хорооны даргын ажиллах хугацаа хоёр жил байдаг тул удирдлагыг томилох асуудлыг өнөөдөр ч тус тусдаа хэлэлцэх болно.
Эхэнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас хуралдаж байнгын хорооны даргыг сонгоод дараагаар нь утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай агуулга бүхий Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаж мах экспортлох асуудлаар; Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээллийг тус тус сонсоно.
Харин Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас Үндэсний аудитын газраас “Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдал”-д хийсэн аудитын тайланг сонсох бол Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Б.ЭНХ