Барууныхны эсрэг ОХУ, Хятад “гар барив”

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

Барууныхны эсрэг ОХУ, Хятад “гар барив”

 

Бээжин ОХУ-ыг эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Москвад бүхий л боломжоороо туслахыг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдээлэв.

 

 

Барууны хориг, газрын тосны үнийн уналтаас шалтгаалан Оросын рубль ам.долларын эсрэг 45 орчим хувиар сулраад буй юм. /даваа гаригт рублийн ханш ам.долларын эсрэг найман хувиар чангарсан/. Газрын тосны экспортоос багагүй хамааралтай ОХУ-ын хувьд баррель газрын тосны үнэ 60 ам.доллар болж, шалдаа буусан нь нэлээдгүй хохирол учруулж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр баррель газрын тосны үнэ 20 хувиар нэмэгдэхэд ОХУ-ын эдийн засаг хоёр хувиар нэмэгдэхийг Алекскей Кудрин мэдээлжээ. Гэхдээ л рублийн ханш уналтын 40 хувь нь ОХУ-ын эсрэг Барууны хоригоос шалтгаалсан аж. Сангийн сайд асан Алексей Кудрин ОХУ-ыг санхүүгийн хямралд орсныг мэдээлсэн боловч Ерөнхийлөгч Владимир Путин “хямрал” гэдэг үгийг хэрэглэхээс татгалзаж буй. Алексей Кудрин Оросын төв банк “Trust” банкны дампуурлыг зогсоохын тулд 30 тэрбум рубль зээлдүүлсэн хэргийн дараа ОХУ санхүүгийн хямралд орсныг мэдэгдсэн юм. ОХУ-ын төв банк рублийн ханшийг тогтворжуулахын тулд зах зээл дээрээс рубль худалдан авч, бодлогын хүүгээ 17 хувь болгон нэмэгдүүлсэн билээ.

 

Крым Украинаас салж, Кремльд нэгдсэний дараа АНУ тэргүүтэй Барууны орнууд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг тавьснаар ОХУ-ын эдийн засагт хүндрэл үүсч эхэлсэн юм. Түүнчлэн газрын тосны үнийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байх нефть экспортлогч орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын “OPEC”  шийдвэр үүнд нэрмээс болж буй. Арабын орнууд газрын тосны үнийг нэмэгдүүлэх хүсэлгүй байгаа нь далдуур АНУ-тай хамсан ОХУ, Ираныг номхотгох оролдлого гэсэн хардлага ч бий.

 

Украины хямралыг эс тооцвол хоёр орон олон улсын улс төрийн тавцанд ямагт бие биенээ дэмжсэн байр суурь баримталдаг. Учир нь ОХУ, Хятад хоёр гүрэн дипломат, эдийн засгийн маш дотно харилцаатай. Ялангуяа өнгөрсөн есдүгээр сард байгалийн хийн маш том гэрээ байгуулснаар эрчим хүчний салбарт илүү ойртсон. 2014 оны санхүүгийн жилийн эхний улиралд Хятадаас ОХУ-руу экспорт 2013 оныхоос 10.5 хувь, импорт 2.9 хувиар нэмэгдэж, нийт худалдаа нь 70.78 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хятад, ОХУ-ын хооронд өнгөрсөн аравдугаар сард гурван жилийн хугацаатай 150 тэрбум юанийн валют солилцооны гэрээ байгуулагджээ. Хятадын гадаад валютын нөөц 3.89 их наяд ам.доллар бол ОХУ-ынх 374 тэрбум аж. Үүний зэрэгцээ Хятадын Худалдааны сайд рублийн уналтаас шалтгаалан ОХУ-тай худалдаа наймаанд юанийг түлхүү ашиглах санал тавьжээ. Бээжингийн эрх баригчид сүүлийн жилүүдэд олон улстай худалдаа наймаанд юанийг түлхүү ашиглахыг хичээх болсон. Энэ нь дэлхийн худалдаа наймааны зах зээл дээрх ам.долларын ноёрхлыг хумих зорилготой холбоотой юм.

 

“Хятадын ард түмний хувьд ОХУ нь сайн ах төдийгүй харилцан стратегийн чухал хамтрагч байсаар ирсэн. Үндэсний ашиг сонирхлын үүднээс Хятад улс ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай” хэмээн  “Renmin”  их сургуулийн професор Жин Канрон Associated Press агентлагт мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын талаар хоёр талын эдийн засаг, хамтын ажиллагаанаас илүү олон улсын харилцаанд тогтвортой байдлыг батжуулахад чухал хамтрагч хэмээн мэдээлсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж