Уул уурхайн сайд Р.Жигжидтэй ярилцлаа.
-Энэ онд шинээр 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлснээс 24 нь ашиглалтад орсон гэж та хэллээ. Гэтэл үндэсний компаниудын нэг болох МАК зэсийн баяжуулах үйлдвэр барих тухай ярьсан ч өнөөдрийг хүртэл ажил хийгдсэнгүй. Юунаас шалтгаалж хойшлоод байдаг юм бол. Хэрвээ ийм үйлдвэрүүд баригдаад ашиглалтад орчихвол эдийн засаг хүнд үед нэмэр болох гээд байдаг?
-Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал амаргүй байна. Уул уурхай Монголын эдийн засгийн тулгуур салбар юм бол зоримог алхмыг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд хамгийн хурдан оруулж болох ямар орд газрууд байна вэ гэдгийг судалж, ашиглах ёстой л доо. МАК-ийн зэс хайлуулах үйлдвэрийн хувьд нэлээн судалгаа хийгдсэн. Олон талаар судалж байна. Тухайлбал, Японы Жайка гэж байгууллага бий. Энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаад бүтэн жил гаруй ажилласан. Тайлан нь гарна. Шинэчлэлийн Засгийн газрын үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд дэд сайдаар нь ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байсан. Эдгээр ажлын хэсгүүдийн санал дүгнэлтэд тулгуурлаж зэс хайлуулах үйлдвэр барих тухай асуудлыг шийднэ. Зэс хайлуулах үйлдвэр барихад нэг хүндрэл бий, их хэмжээний хүхэр ялгардаг. Түүнийг хэрхэн яаж, боловсруулах вэ, ашиглах вэ гэдэг нь их төвөгтэй байдаг, түүнийг давхар шийдэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор нарийн судалгаа их шаардаж, цаг их орж байна.
-Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах консерциум шалгарлаа. Цаашдаа ямар ажлууд хийгдэх вэ. Мөн бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд зарим нэгийг нь стратегийн ордод хамруулах зэрэг замаар арга саам хайж байх шиг?
-Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь бидний зорилт. Яаж оруулах вэ гэдэг нь тухайн ордын өөрийнх нь онцлогоос хамаарна. УИХ-ын тогтоол бий, түүний дагуу л гүйцэтгэнэ. Одоохондоо УИХ Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ мэтээр ээлж дараатайгаар УИХ-аар ордуудыг шийдүүлнэ. Тавантолгойн ордын хувьд ажлын хэсэг гарсан, Ерөнхий сайдын захирамжаар. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахална. Бүрэлдэхүүнд нь Сангийн сайд, Уул уурхайн сайд, Зам тээврийн сайд, Байгаль орчин, ногоон, хөгжил, аялал жуулчлалын сайд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь багтдаг. Мөн “Эрдэнэс Тавантолгойн” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн ахалж байгаа дэд ажлын хэсэг бий. Холбогдох яам, мэргэжлийн холбоодын төлөөлөл багтсан дэд ажлын хэсэг ажилладаг юм. Цаашдаа энэ ордыг ямар хэлбэрээр яаж ашиглах вэ гэдгийг судалж байна. Шинэ он гарахад талууд хэлэлцээр хийх байх. Сая бол зогсчихсон байсан олон улсын нээлттэй тендерийг үргэлжлүүлээд үр дүн нь гарлаа. Монгол, Япон, Хятадын хамтарсан нээлттэй консерциум шалгарч байна. Техникийн санал, санхүүгийн саналыг аваад шалгарч байна. Тэгэхээр одоо яаж ашиглах вэ гэдэг талаар нарийн хэлэлцээр хийж таарна. Энэ талын мэдээллийг М.Энхсайхан сайд хийгээд явах учиртай.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Чалко компанид төлөх өр дууссан уу?
-Чалкод төлөх өр 110 сая ам.доллар байгаа. Төлбөр удаашраад байгаа нь нүүрсний үнийн уналттай холбоотой. Хэдийгээр энэ онд үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оныхоос өссөн ч орлого нь 40-өөд хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээ өссөн ч өр дарахад төдий л нөлөө үзүүлэхгүй байна л даа, үнийн уналтаас болоод.
-Энэ онд уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн тухай та хэлж байна. Тухайлбал, зэс, алтны үйлдвэрлэл хэдэн хувиар өссөн вэ?
-Энэ оныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7 хувиар, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 хувиар, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1 хувиар, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа.
-Ирэх онд нүүрсний салбар сэргэх болов уу?
-Дэлхий дээрх нүүрсний эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ, эрэлт нэмэгдээд ирвэл тэрийг дагаад борлуулалтын орлого нэмэгдэх нь зайлшгүй. Гэхдээ бид үнэ, эрэлт өсөхийг хараад суугаад байж болохгүй. Дотооддоо хийж болох, авах ёстой арга хэмжээг авах ёстой. Тухайлбал, зардлыг багасгах ямар арга байна вэ, түүнийг эрэлхийлэх ёстой. Юуны өмнө нүүрсээ төмөр замаар тээвэрлэдэг болох. Өөр ямар боломж байна вэ гэдгийг бас судалж байна. Жишээ нь, боомт дээр төмөр замыг яаралтай байгуулах, Гашуун сухайт, Тавантолгойн хооронд байгуулах 260 км төмөр замыг яаралтай эхлүүлэх. Дээр нь боомтын статусыг олон улсын болговол ажлын цаг нь өөр болдог, татвар хураамжийнх нь нөхцөл нь өөр болно. Ингэснээр зардал буурах ёстой. Энэ талаар хийх ёстой зүйлээ хийнэ. Гол юм маань дэлхийн зах зээл.
-Хятад улс импортоор орж ирэх зэс, нүүрсэнд татвар ногдуулдаг болсон. УИХ-ын дарга З.Энхболд Хятадад айлчлахдаа энэ асуудлыг хөндсөн. Хэр нааштай байгаа бол?
-Асуудлыг бид шат, шатандаа тавиад явж байна. Хамгийн өндөр төвшиндөө бол УИХ-ын дарга Хятадад айлчлах үеэрээ тавьсан, мөн Хятадаас ирсэн төлөөлөгч, Монголд суугаа Хятадын Элчин сайд нарт татварыг бууруулах санал тавьсан. Нүүрсний зах зээл яаж хөдлөх нь вэ гэдгээс хамаарна.
Мөн олон улсын байгууллагуудын прогноз гарч байна, ирэх жилд нүүрсний үнэ огцом дээшээ явахгүй. Гэхдээ огцом доошоо орохгүй. Оны сүүлийн хагас юм уу, төгсгөл рүү бага зэрэг өсч магадгүй байгаа юм билээ.
-Оюутолгой төслийн далд уурхайн ажил ирэх онд урагшлах уу?
-Оюутолгой төсөл маань компанийн хуулиар явах ёстой, түүнд төр хутгалдах шаардлагагүй. Тийм ч учраас Монголын талыг төлөөлөөд Төлөөлөн удирдах зөвлөлд гурван хүн ажилладаг. Би бодохдоо нэгэнт хамтраад эхлүүлчихсэн ажлыг явуулах ёстой. Нэгдээд хамтраад харилцан ашигтай хэлбэрээр шийдээд явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
-Нефтийн бүтээгдэхүүн дээр хэрэгжиж ирсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ирэх онд зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Хэр зөв шийдвэр вэ. Одоогийн үнийн бууралт тогтвортой хадгалагдаж чадах болов уу. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн оронд ямар нэг арга хэмжээ авах уу?
-Нефтийн бүтээгдэхүүнийг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс ердийн горимд шилжүүлэхийн тулд зугуухан арга хэмжээ авах ёстой. Энэ асуудлыг Уул уурхайн яам дангаараа хийхгүй, Монголбанк, нефть импортлогч компаниудтай зөвлөнө. Аль болох нийгэмд цочроо өгөхгүйгээр шийдэхийн төлөө зорьж ажиллана.
Г.НАРАН