УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа. Монгол-Чехийн Байгаль орчны яам хооронд 2001 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Уг гэрээний дагуу Чех Улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд байгаль орчны салбарт хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжиж ирсэн байна. Тухайлбал, “Ашигт малтмалын олборлолтоос үүссэн мөнгөн усны бохирдлыг Сэлэнгэ мөрний ай савд үнэлэх нь” төслийг 2006-2009 онд Туул, Хараа, Ерөө гол орчмын хүрээг хамран хэрэгжүүлжээ. Уг төсөл хэрэгжсэнээр химийн бодисоор бохирдсон ул хөрс, талбайг хоргүйжүүлж , саармагжуулсан байна.
Мөн Улаанбаатар хотын “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчны бохирдлыг судалж, цэвэрлэх төслийг хэрэгжүүлжээ.
Түүнчлэн Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд 2010-1013 онд тахь хамгаалах төсөл хэрэгжүүлж, Прагаас 12 тахь тээвэрлэн авчирч нутагшуулсан нь чухал үр дүнгээ өгсөн юм. Сүүлийн үед БНЧУ-ын Засгийн газраас Монголд ургаж болох модыг улсаасаа авчирч тариалах, тарьсны дараа ургуулах, арчлах арга зүйг заах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна.
Тус улсын зүгээс хөрсний бохирдлыг тогтоох, арилгах, нөхөн сэргээлтийг сайжруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх сонирхолтойгоо илэрхийлж иржээ. Чехийн хувийн компаниуд ч байгаль орчны хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлэхэд мэргэшсэн туршлагатай юм байна.
БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол, Элчин сайд Ивана Гроллова нар ирэх 2015 оны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Эх сурвалж: www.mne.mn