Тавдугаар сарын 24-ний өдөр Исламын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Абадан хотын Нефть боловсруулах үйлдвэрийн гуравдугаар ээлжийг ашиглалтад оруулах ёслолд оролцох ёстой байв. “Associated Press” агентлагийн дамжуулснаар түүнийг үйлдвэрт ирэхээс хэдхэн минутын өмнө дэлбэрэлт болсон гэв. Гэтэл Ираны Iran Independence News Service осол ёслолын нээлтийн дараа болсон гэж бичжээ.
Дэлбэрэлтийн улмаас хэлмэгдэгсдийн талаар ч зөрөөтэй мэдээлэл гарч байна. Нэг хүн үрэгдэж, наад зах нь 22 хүн шархадсан гэж АР мэдээлсэн бол Ираны хэвлэл мэдээллээс иш татсан Euronews хоёр хүн амиа алдсан гэжээ. Ихэнх хэлмэгдэгсэд хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна. Нэг хүн 90 хувийн түлэгдэлтэй байна гэж IINS бичжээ. Ахмадинежад өөрөө осолд нэрвэгдээгүй. Хузистан мужид хийж байгаа ерөнхийлөгчийн ажлын айлчлалтад хэрэг явдал огт нөлөөлөөгүй гэнэ. Ираны мэдээллийн агентлагууд ослын шалтгаан нь хийн алдагдалтай холбоотой техникийн осол байсан гэж бичиж буй талаар AFP агентлаг дамжууллаа. Дэлбэрэлтийн дараа гал түймэр гарч хар утаа олгойдож байсан ч гал сөнөөгчид хяналтаа хурдан тогтоож чадсан байна.
Абадан хот Ираны баруун өмнөд нутагт Иракийн хилийн ойролцоо байдаг. Осол гарсан үйлдвэрт үйлдвэрт дотоодын хэрэглээний бензин үйлдвэрлэдэг гэдгийг баруун хэвлэлд тэмдэглэжээ. Олон улсын хориг арга хэмжээ нь автомашины түлшний импортыг бууруулсан учир Тегеран нефть боловсруулах үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд их анхаарч үйлдвэрийн гурав дахь ээлжийг нээх ёслолд ерөнхийлөгч нь оролцсон гэж “Reuters” онцолжээ. Үүний өмнөхөн Европын холбоо нутаг дэвсгэртээ оруулахгүй хориг тавих хүмүүсийн жагсаалтаа шинэчилсэн байлаа. Энэ “хар жагсаалтад” Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой 100 хувь хүн ба компанийг нэмэрлэжээ. Исламын бүгд найрамдах улс өөрийн цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай гэж хэлж байгаа билээ.
Гурав дахь дамжлагаа ашиглалтад оруулснаар завод өдөртөө зургаан сая литр бензин үйлдвэрлэх юм гэж IranOilGas.com. сайтад өгүүлсэн байна.