Орхон аймгийн Телевизүүдийн Холбооны дээд шагнал “Алтан бүргэд” ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 2014 оны шилдгүүдээ тодруулах торгон мөчид хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, уран бүтээлчид сэтгэл догдлон хүлээн суусан юм. Учир нь энэ жилийн шилдгүүдийг тодруулахдаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргалыг урьж Орхон аймгийн уран бүтээлчдийн бүтээл хөндлөнгийн үзэгч болон мэргэжлийн хүний нүдэнд хэрхэн тусч байгаагаар нь дүгнэсэн нь онцлог боллоо.
Тодруулбал, сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил ажилласан, МҮОНТ-ын сэтгүүлч, СГЗ Гомбын Золжаргалаар уран бүтээлээ шүүлгэнэ гэдэг нь Орхон аймгийн хэвлэл, мэдээллийн салбарт тохиосон дэвшил гэж хэлж болно. Шалгаруулалтын цаана уран бүтээлийн шударга шүүмж өрнөсөн нь тухайн сэтгүүлч, уран бүтээлчдийн хувьд хамгийн том “шагнал” байлаа. Энэ онд Телевизүүдийн Холбоо нь “Шилдэг хөрөг”, “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг телевиз”, “Шилдэг мэдээллийн хөтөлбөр”, “Шилдэг эвлүүлэг, графикч” гэсэн зургаан номинацийг шалгаруулсан бөгөөд үүнд “ETV”, “ТВ10”, “Тусгал1”, “”Эрдэнэт” ТВ, “МВ”, “Сонор”, “MBS”, “Тэнгэр” телевизийн уран бүтээлчид бүтээлээ өрсөлдүүлжээ. Үүнээс “Шилдэг мэдээллийн хөтөлбөр” номинацид дөрвөн телевиз өрсөлдсөнөөс “ETV” телевизийн “Цаг үе” мэдээллийн хөтөлбөр шалгарсан юм. Мэдээллийн хөтөлбөр нь олон сэтгүүлч, зураглаачийн хөдөлмөрийн үр дүнд бий болдгоороо онцлог.
Тэгвэл иргэний мэдэх эрхийн төлөө цаг хугацаатай уралдаж, аливаа мэдээллийг үнэн бодит, шуурхай, мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэдгээрээ тус телевизийн хамт олон “Алтан бүргэд”-ийн эзэд боллоо. “Шилдэг зураглаач”-аар “ETV” телевизийн зураглаач Э.Баярбат тодорлоо. Зураглаач Э.Баярбат хэвлэл мэдээллийн салбарт тав дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тэрээр 2014 онд Timelaps хийснээрээ онцлог. Эрдэнэт хотын зураглал хийхдээ нийт 2700 гаруй гэрэл зураг авч эвлүүлсэн юм. Дашрамд дурдахад, “ETV” телевиз 2013 онд “Зүүд шиг өдрүүд” уран сайхны киногоороо “Шилдэг бүтээл”, “Шилдэг телевиз” шагналыг хүртэж хоёр “Алтан бүргэд”-ийн эзэд болж байсан бол энэ жил уг амжилтаа дахин бататгалаа. “Шилдэг сэтгүүлч” номинацид мөн дөрвөн телевиз өрсөлдсөнөөс “ТВ10” телевизийн сэтгүүлч Ч.Батцэцэг шалгарлаа.
Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 10 жил ажиллаж байгаа юм. Тэрээр 2014 онд олон уран бүтээл хийсэн бөгөөд нэвтрүүлэгтээ ярианы монтажийг сайн ашигласан гэдгээрээ ийнхүү тодорчээ. “Шилдэг хөрөг” номинацид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэт телевиз” -ийн сэтгүүлч Б.Учрал тэргүүллээ. Тэрээр улиран одож буй 2014 онд 11 хөрөг нэвтрүүлэг хийсэн байна. Түүний бүтээл нь зураглал, найруулга маш сайн байсныг шүүгч онцолжээ. “Шилдэг эвлүүлэг, графикч”-аар “Тэнгэр” телевизийн графикч Ц.Мөнхжаргалан шалгарсан байна. Тэрээр 2013 онд “Алтан бүргэд” –ийн эзэн болж байсан бол энэ удаа уг амжилтаа дахин баталлаа. “Шилдэг телевиз”-ээр “MBS” телевиз тодорч мөн 2014 оны “Алтан бүргэд”-ийн эзэн боллоо. Ийнхүү энэ жилийн “Алтан бүргэд”-ийн эздээр “ETV”, “ТВ10”, “MBS”, “Тэнгэр”, “Эрдэнэт” телевиз тодорлоо.
Мөн Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр “Тусгал1” телевизийн сэтгүүлч Б.Ууганбаярыг Монголын Сэтгүүлчдийн Эвлэл шагналаа. Ийнхүү Орхон аймгийн хэвлэл, мэдээллийн салбарынхан 2014 оны ажил, хөдөлмөрөө дүгнэж 2015 онд “Ёс зүйтэй хэвлэл мэдээлэл” гэсэн уриан дор ажиллахаар боллоо. Дашрамд дурдахад, Орхон аймгийн Телевизүүдийн холбооны 2014 оны тэргүүнээр “ETV” телевизийн захирал Б.Мөнгөнтуяа ажилласан юм. Тэрээр хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгийнхэнтэй хамтран зохион байгуулсан. Ирэх оны тэргүүнээр “MBS” телевизийн ерөнхий редактор Б.Цэвэгмид ажиллана.
Эх сурвалж: http://erdenet.mn