НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх удаа Хойд Солонгосын хүний эрхийн асуудлаар өчигдөр /XII.22/ хуралдсан байна. Хойд Солонгосын хүний эрхийн асуудлыг хэлэлцэхийг ОХУ, Хятад, Чад, Нигери улсаас бусад 11 гишүүн орон дэмжсэнээр хуралдааныг нээжээ. Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр АНУ –ын төлөөлөгч Саманта Поуэр Хойд Солонгост хүний эрх хэрхэн зөрчигдөж буйг гэрчүүдийн мэдүүлэг, судалгаан дээр үндэслэн танилцуулжээ. Тэрээр Хойд Солонгосын ард иргэдийн амьдрал бол “хар дарсан зүүд” хэмээн тодорхойлсон байна. АНУ-ын дэлгэн үзүүлсэн судалгаа, баримтад Хойд Солонгосын шоронд хоригдлууд өлсч зовохын зэрэгцээ харуулууд нь тэднийг байнга хүчирхийлдэг хэмээн хорих ангиас зугтсан нэг хүн ярьжээ. Гэвч Аюулгүйн зөвлөлийн даваа гаригийн /XII.22/ хуралдаанаас ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргаагүй юм. Аюулгүйн зөвлөлийн хуралд Хойд Солонгосын албаныхныг оролцож, тайлбар өгөхийг зөвшөөрсөн ч Пхеньянаас төлөөлөгч ирээгүй байна.
Өмнө нь Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, цэрэг армийн заналхийлэл, Пхеньяний эсрэг хоригийн талаар хэлэлцэж байснаас хүний эрхийн асуудлыг хөндөж байгаагүй юм. Харин НҮБ-ын Ерөнхий ассамблей өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосыг олон улсын эрүүгийн шүүхэд өгөхийг Аюулгүйн зөвлөлөөс шаардсан тогтоолын төслийг баталсан аж. НҮБ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгост хүний эрх хэрхэн зөрчигдөж буй тайланг гаргасан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС