Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын дарга О.Магнай ажлаа өчигдөр хүлээлгэн өгсөн. Тэрбээр хуйвалдааны Засгийн газар болон Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах боломжгүй учраас ийнхүү албан тушаалаасаа татгалзахад хүрч байна гэдгээ мэдэгдсэн. Харин түүнийг ийнхүү ажлаа өгч буй нь 2016 оны сонгуульд нэр дэвших хаяагаа манаж эхэллээ гэх хүмүүс байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим нэр бүхий улстөрчидтэй хамтран шинэ нам байгуулахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тиймээс энэ талаар түүний байр суурийг хүргэе.
-Та чухам ямар шалтгаанаар ажлаа өгөхөөр шийдсэн бэ?
-Бидний байгуулж байгаа нийгэм бол сөрөг хүчинтэй, сөрөг хүчин нь засгаа хянадаг байх ёстой юм. Гэтэл Засгийн газар нь ардчиллын үнэт зүйлсийн эсрэг шийдвэр гаргаж ямар ч сөрөг хүчингүй хуйвалдааны Засгийн газрыг байгуулчихлаа шүү дээ. Бүр зарим намыг дэд сайдын албан тушаал амлаж оруулж ирж байгаа нь хуйвалдаан дээд цэгтээ тулсныг харуулж байгаа юм. УИХ-ын 73 гишүүнтэй нийлээд том бүлэг байгуулж хуйвалдах нь ардчиллын үнэт зүйл огтхон ч биш. Энэ нь миний итгэл үнэмшил, зарчимтай нийцэхгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтран ажиллаж чадахгүй. Бидний үнэт зүйл, зарчим, ёс суртахуун таарахгүй. Тиймээс ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан.
-ШӨХТГ-ын даргыг томилох, чөлөөлөх эрх Шадар сайдад байдаг учраас таныг ажлаа өгөхөд хүрсэн гэлцэж байна?
-ШӨХТГ-ын даргыг томилох, чөлөөлөх эрх мэдэл нь Шадар сайдад байдаг гэж хүмүүс ташаа ойлгодог юм билээ. Өрсөлдөөний хуулийн дагуу манай агентлаг бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд байдаг агентлаг юм. Агентлагийн удирдлагыг зөвхөн Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд оруулж томилж, чөлөөлөх эрхтэй.
-Таны ийнхүү ажлаа өгч байгаа нь шинээр нам байгуулж 2016 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж буйтай холбоотой гэгдэж байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл огтхон ч байхгүй. Би нам байгуулахгүй.
-Одоо та юу хийх вэ?
–Төрөө цэвэрлэнэ. Төрд одоо үнэхээр цэвэрлэгээ хэрэгтэй байна шүү дээ.
-Яаж цэвэрлэх гэж. Урьдын шигээ гудамжны жагсаал хийх үү. Аль эсвэл арай өөр аргаар улстөр дэх хуйвалдааны эсрэг тэмцэх үү?
-Тэр талаар одоо ярихад арай эрт байна.
-Цагдаагийн байгууллагад танд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Ямар хэргүүдэд буруутгаад байгаа юм вэ?
-Цагдаагийн байгууллагад надтай холбоотой хоёр хэрэг үүссэн байгаа. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийх үеэр би "Шүүх шударга биш байна гэж хэлж хэдэн шүүгчдийн нэрсийг зарласан". Тэрнээс болж намайг "шүүхэд нөлөөлөхийг оролдсон" гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаад хэрэг үүсгээд байгаа. Мөн ажлаа хийдэггүй долоон хүнийг ажлаас халсан. Улсын дээд шүүхээс "Ажилтнуудыг эргүүлэн ажилд нь ав" гэсэн шийдвэр гарсан. Тэдгээр ажилчдыг ажилд нь буцаан аваагүй гээд надад бас нэг хэрэг үүссэн юм билээ. Манай байгууллагын хувьд шүүхдэж байгаа асуудал зөндөө байгаа. Миний хийсэн зүйл гэвэл хэрэглэгчийн өмнөөс бид үнэ төлбөргүй шүүхэд хандаж өмгөөлж, эрх ашгийг нь хамгаалж өгдөг болсон юм. Үүнээс болж хохирсон иргэд манайд ханддаг болсон.
-Тө ШӨХТГ-ын даргаар ажилласан өнгөрсөн хугацаанд яг юу хийв ээ?
-Би өнгөрсөн 2.4 жилийн хугацаанд ажиллахдаа 6000 гаруй иргэдийн өргөдөл гомдол хүсэлтийг бүрэн шийдсэн. Нэг өдөрт 10 өргөдөл, гомдлыг шийдэн, 1100 хяналт шалгалт явуулж, хууль бусаар олсон 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгуулсан. Мөн Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгааг бүрэн зогсоож, СӨХ-ны Дээд зөвлөлийг мөнгө хураадаг үйлдлийг болиулсан, орон сууцны метр квадратын зөрүүгээс хохирсон иргэдэд нэг тэрбум орчим төгрөг буцаан олгуулсан байна. Нефть импортлогчдод хариуцлага тооцон ажиллаж, ярианы төлбөрийг секундын горимд шилжүүлсэн, нийтийн бие засах газрууд болон томоохон захуудад орох төлбөрийг үнэ төлбөргүй болгосон гээд ажлуудыг хэрэгжүүлжээ. Ер нь асуудал гармагц хүн бүр О.Магнайд тэр тусмаа ШӨХТГ-т гомдол гаргаж хохирлоо барагдуулъя гэдэг болсон байх.
-Таныг хууль бусаар хүмүүсийг албан тушаалд томилсон гэх асуудал яригдаж байгаа. Энэ үнэн үү?
-Асуудал үүсгээд байгаа З.Ундрам гэх эмэгтэйг би нэг жилийн өмнө ажлаас нь чөлөөлж байсан. Мөн хамт жагсаж байсан Ч.Батбаатарыг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн даргын албан тушаалд томилсон гэх асуудал байгаа. Жагсаж байсан хүнийг ажилд авахгүй гэсэн хууль байхгүй. Ч.Батбаатарыг ч ажлаа сайн хийж байгаа гэж үзэж байгаа болохоор ажлаа үргэлжүүлэн хийх ёстой гэж үзэж байна. н.Бүрэнцогт гэдэг хүнийг тангараг өргөсөн он сар нь миний тушаалд томилосон он сартай зөрж байсан. Тодруулахад Төрийн албаныхаа шалтгалтыг өгчихсөн юм чин гээд гурван хоногийн өмнө биччихсэн юм билээ. Би н. Бүрэнтөгс гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн. Төрийн алба ёс зүйтэй зарчимтай байх ёстой.
Д.ЖАРГАЛ