Хойд Солонгост интернэт тасарчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост интернэт тасарчээ

Хойд Солонгост өчигдөр /XII.22/ интернэт тасарсан тухай Америкийн “Dyn Research” компани мэдээлжээ. Хойд Солонгост 24 цагийн турш интернэт тасарч, Пхеньян цахим ертөнцтэй бүрэн холбоогүй байгааг “Dyn Research” компанийн захирал Дуг Мадори мэдээлэв. Хойд Солонгост интернэт тасарсан шалтгаан тодорхойгүй байна.

 

 

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Засгийн газраас Хойд Солонгосын эсрэг ямар нэгэн кибер үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгджээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Sony Pictures” компанийг хакердсаны хариуд Хойд Солонгост хариуг барихаа амласан юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Вашингтон Хятадаар дамжсан Хойд Солонгосын интернэтийн сервер, хүлээн авагчийг хааж өгөхийг Бээжингээс хүсчээ. АНУ-ын албаныхан “Sony Pictures” компанийг хакердсан хэрэгт Хойд Солонгосыг буруутгаж буй юм. Тиймээс Хятад дахь Хойд Солонгосын хакеруудыг илрүүлж, эх орон руу нь буцаахыг ч Бээжингээс шаарджээ.

 

Хятадын зүгээс АНУ-ын хүсэлт, шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм. Хятадын Гадаад хэргийн сайд өчигдөр /XII.21/ мэдээлэхдээ “Sony Pictures” компанийг Хойд Солонгос хакердсан гэх нотлох баримт байхгүй хэмээжээ. Хойд Солонгосын зүгээс ч “Sony Pictures” компанийг хакердсан хэргийг үгүйсгэж, үүнээс шалгаалан АНУ ямар нэгэн арга хэмжээ авбал хариу цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн юм.

 

“Sony Pictures” компанийн сүлжээнд нэвтэрсэн хакерууд нээлтээ хийгээгүй байгаа хэд хэдэн киноны мэдээллийг олж авсны дунд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны талаар өгүүлэх “Ярилцлага” /Interview/ инээдмийн кино багтаж буй. Хакерууд “Ярилцлага” киног олон улсад нээлтээ хийхийн эсрэг 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагаар сүрдүүлснээс хакерын хэрэгт Хойд Солонгосыг сэжиглэх үндэслэл нэмэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters, BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж