С.Ганбаатар: Надад нам байгуулж, Монголоо аврах талаар маш олон санал ирдэг
Төрийн ордон өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Х.Баттулга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай гэсэн нэр бүхий дөрвөн хүн хамтраад шинэ нам байгуулах гэж байна гэсэн "бор шувуу" нэлээдгүй нисч байсан юм. Тиймээс бид энэ мэдээллийг баталгаажуулахын тулд УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулсан юм. Тэрээр өөрт нь олон залуус нам байгуулах санал тавьдаг. Одоогийн байдлаар тодорхой болсон зүйл алга. Магадгүй бусад хүмүүсээс асуусан нь дээр байх" гэсэн хариултыг хэлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын яриаг хүргэж байна.
-“УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Х.Баттулга, өнөөдөр ажлаа хүлээгэн өгсөн ШӨХТГ-ын дарга О.Магнай дөрөв хамтраад шинэ нам байгуулах гэж байна” гэсэн мэдээлэл өнөөдөр гадуур их яригдлаа. Энэ талаар та тодорхой хариулт өгөхгүй юу?
-Надтай Монголын нийгэмд шинэ улс төрийн хүчин болъё. Монгол орноо шинээр, үнэнчээр хөгжүүлье. Улс орон маань үнэхээр хүнд байдалтай болчихлоо гэж маш олон залуучууд надад санал тавьдаг. Нам байгуулах талаар нэр нь яригдаж буй хүмүүсээс өөрсдөөс нь асуу. Ямар ч байсан нэлээд олон залуучууд Монголоо аврах цаг боллоо гэж надтай уулзсан. Миний хувьд хүмүүс итгэж, сайхан сэтгэлээр ярьсан тэр бүхнийг олон нийтэд хэлэх нь миний зарчим биш. Хэрэв энэ талаар мэдэх шаардлагатай гэвэл өөрсдөөс нь асуусан нь дээр байх.
-Олон залуучууд эх орноо аврахын тулд надад нам байгуулах санал тавьдаг гэж та сая хэллээ. Тодруулбал одоогийн байдлаар хэдэн хүн танд иймэрхүү санал тавиад байна вэ?
-Гурав газраас улс төрийн нам байгуулах санал ирсэн. Тэр болгоныг би дэлгэрэнгүй ярих боломжгүй.
-Улс төрд шинэ нам байгуулагдах ёстой гэж ойрын үед олонтаа яригдах боллоо. Энэ утгаараа одоо байгаа улс төрийн хоёр том намыг задрах ёстой гэсэн зүйл ч яригддаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Зул бөхөхийн өмнө бадамладаг шиг МАНАН үндсэндээ үхсэн гэсэн үг. Тэд зөвхөн сайд, албан тушаал, тендерийг хувааж иддэг бүлэглэл болтолоо жижгэрсэн байна. Намууд гишүүдээсээ, дэмжигчдээсээ хэтэрхий тасарч, өөрсдийгөө нам гээд ойлгочихсон явна. Энэ нь тэднийг маш хүнд байдалд оруулчихлаа. Үүнээс гарах арга замаа ч тэд олж мэдэхгүй байгаа. Тэд гишүүд дэмжигчдээсээ яах ёстойгоо асуух ёстой. Гэхдээ асуух цаг нь нэгэнт өнгөрсөн. Сонгогчид итгэлээ МАНАН-д өгч үзсэн. Түүнийгээ буцааж авлаа шүү дээ. Сонгогчид яг одоо энэ итгэл, найдвараа өөр хэнд өгөх вэ гэж хайж байна. Монгол орныг аврах шинэ залуучууд гарч ирвэл манай улс шинэ төвшинд гарна. Түүнээс биш МАНАН-гийн хуучин улс төрчид өнгөрсөн 23 жилийн үр дүнг л ирэх 2,3 жилд авч ирэх болно. МАНАН-гаа сонгох уу, аль эсвэл шинэ хүнийг сонгох уу гэдгээ ард түмэн аль хэдийнээ шийдчихсэн байгаа гэж би боддог. Би Монголын ард иргэдийн мэргэн ухаанд итгэдэг.
-Хэрвээ та улс төрийн шинэ хүчин буюу нам байгуулвал бие даагчдын зөвлөлд байдаг хоёр гишүүн яах бол. Таныг дагах уу?
-Өөрсдөөс нь асуусан нь дээр байх аа. Хүмүүсийн итгэж тавьсан, ярьсан санал болгоныг олон нийтэд нээлттэй хэлнэ гэдэг миний зарчим биш. Эцсийн шийдвэр гаргахаар ард иргэдэд мэдээлэл өгөх байх. Харин шийдвэр гарсан тохиолдолд иргэдэд шууд хэлнэ. Энэ талаар хэрвээ сонирхож байгаа бол холбогдох өөр хүмүүсээ асуу.
-Та өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх Монголын ард түмнийг доромжилсон хариу ирүүллээ”. Түүнтэй дахиж ярилцах болно гэж байсан. Бие даагчид “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн даргатай эргэж уулзсан уу?
-ТУЗ-ийн дарга нь уулзана гэж мэдэгдсэн. Бид "Компани ийм өндөр алдагдалтай ажиллаад байхад ТУЗ яагаад зүгээр суугаад байгаа юм бэ. Монголын талыг төлөөлж буй тэр хүмүүс яагаад амралтанд байгаа юм шиг зүгээр суугаад байна" гэж асуусан. Гэтэл тэд юу ч хариулаагүй. ТУЗ-д хяналтын зөвлөл гэж байна уу. Хуулиндаа, гэрээндээ хяналтын зөвлөл гэж заавал байх ёстой гэж заасан. Гэтэл тэд өнөөдрийг болтол гэрээгээ зөрчиж байна. Энэ болгонд тэд хариулт өгч чадсангүй. Энэ зүйлүүдийг Монголын ард түмэн асуух ёстой. Энэ хариуг нь аван авталаас бие даагчдын зөвлөл ажиллах болно.
Эх сурвалж: www.24tsag.mn