Д.Зоригт: Шатахууны нийлүүлэлт маш хүнд боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Шатахууны нийлүүлэлт маш хүнд боллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар Өмнөговь аймгийн төрийн удирдлагын талаар мэдээлэл сонссон. Үдээс өмнөх хуралдааны завсарлагаанаар Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн нэр холбогдоод буй газар олголт зэрэг ёс зүйн бүлэглэлтэй холбогдоод байгаа асуудалд ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар болон шатахууны хомсдлын талаар Д.Зоригт сайдаас тодрууллаа.

-Шатахуун түгээх станцууд дизе­лийн түлшгүй болж, хязгаарлалт хийж эхэлсэн тухай мэдээллийн хэрэгс­лүүд цацаж эхэллээ. ОХУ дизель түлш ирүүлнэ гэж байсан, тэр нь юунаас болж саатсан юм бол. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруу­лахгүй юу?

-Дизель түлшний хомсдол,  хяз­гаар­лалтууд бол байгаа шүү дээ.  ОХУ тохирсон байсан хэмжээгээр шатахуун нийлүүлэхгүй байна.  Захиалга өгсөн боловч өнөөдрийг хүртэл ачилт хийгдээгүйгээс байдал  маш хэцүү  боллоо.  Засгийн газрын хуралдаанаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдлын чиг­лэлээр хэд, хэдэн арга хэмжээ авахаар боллоо.  Нэгдүгээрт, Улсын нөөцөд бай­­сан шатахууныг гаргахаар болж байна. Дээрээс нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой хэм­жээний зохицуулалт хийхээр болж байна.  Мөн ОХУ, Хятад улстай дизель түлшний хангамжийн талаар ярилцахаар холбогдох хүмүүсийг явуу­лах болж байна. Би ч өөрөө явна. 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсөвт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах сав барихтай холбоотой хө­рөнгө, нөөц бүрдүүлэлттэй холбоо­той заалтуудыг тусгахаар болж байна. Газрын тосны үйлдвэр байгуулах ту­хай асуудлыг ирэх долоо хоногт Зас­гийн газрын хуралдаанд оруулж шийд­вэрлүүлнэ.

-Тэгэхээр байдал ер нь хүндэрлээ гэсэн үг үү?

-Ер нь байдал маш хүнд байна. ОХУ-ын Буриадын Алтайн бүс нутагт шатахууны хязгаарлалт хийсэн хэвээр байна. Шатахуун түгээх станцууд хаагдаж эхэллээ. Энэ байдал ОХУ-д хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Нөхцөл байдал ийм байгаа учраас нөөц манайд маш хомс болж эхэллээ. Уул уурхайн үйлдвэрүүд маш их хэмжээний дизель түлш хэрэг­­лэдэг. Тийм учраас Засгийн газ­­рын хуралдаанаас уул уурхайн үйлд­­­­­вэрүү­дийн дизелийн хэрэглээг хяз­гаарлах шийдвэр гаргалаа.

-Хязгаарлалтад ямар газрууд хамаа­рах вэ? 

-Шатахуун хамгийн ихээр хэрэг­лэдэг аймаг бол Өмнөговь. Тэр дун­даа “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн Таван­толгой зэрэг компаниуд байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд дээр хэрэглэж байгаа дизель түлшийг хязгаарлах шийдвэр гаргасан. Нэгэнтээ улсын хэмжээнд дизель түлшний хомсдол үүссэн, ОХУ-аас ачилт хийгдэхгүй байгаа учраас энэ хягаарлалтыг хийхээс аргагүй байна.

-Өнөөдрийн байдлаар шатахууны хэд хоногийн нөөц байна вэ. Улсын нөөцөд мөн хэд хоногийн нөөцтэй байгаа юм?

-Өнөөдрийн байдлаар нөөцийн хэмжээ бага байна. Одоохондоо хоно­гийнх нь хэмжээг хэлэх шаардлагагүй. Стратегийн ач холбогдол бүхий мэдээ­лэл учраас. Ер нь ОХУ, Хятад улс руу яаралтай хүмүүс явж ажиллах шаард­лагатай болж байна.

-Хятад улсын хувьд нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийд­вэр гаргачихсан. Тэгэхээр ма­найд нефтийн бүтээгдэхүүн ний­лүү­лэх болов уу?
 
-Хятад улс нефтийн бүтээгдэхүүний экспортоо хязгаарласан. Гэсэн ч аль болох нөхцөл байдлыг ярьж, бүтээг­дэ­хүү­ний хангамжийг жигдрүүлэх чиг­лэ­лээр арга хэмжээ авна л гэж бодож байна.

-Ирэх сард байдал ямар байх бол?

-Ирэх зургадугаар сарын хувьд “Роснефть”  компани боломжийн тоо хэл­сэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар  шата­­хууны ачилт хийгдэхгүй байгаа учраас маш хүнд байна л даа.

-Шатахуун ховордсон,  үнэ нэ­мэгд­­сэнтэй холбоотойгоор автобус компаниуд нийтийн тээврийн үйл­чил­гээний үнийг нэмэх шийдвэр гар­гаад байна. Энэ асуудлыг Засгийн газ­рын  хуралдаанаар хэлэлцсэн үү?

-Өнөөдрийн хувьд автобусны тасал­­барын үнийг хэлж мэдэхгүй нь. Дизель түлшний экспортын үнэ нэмэгдэж байгаа, хомсдол,  хязгаарлалт үүссэн. Хол газраас бүтээгдэхүүнээ татаж байгаа гээд асуудал их байна.  Өөрөөр хэлбэл, өмнө татаж байсан “Ангарск” үйлдвэрээсээ бүр хол ОХУ-ын төвийн бүс хойд хэсгээс нефть импортлогчид бүтээгдэхүүнээ татаж байна. Үүнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн зардал нэмэгдэж бай­гаа. Тийм учраас шатахууны үнэ өсч байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Зас­гийн газрын хуралдаанаас тодорхой хэмжээний үнийн хязгаарлалт тогтоо­хын тулд нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг бүх Онцгой татвар, Гаалийн татвараа тэглэлээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор одоо орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнээс татвар авах­гүй. Тэгсэн ч нэгэнт хомсдол үүсээд ОХУ-д экспортын татвар нэмэгдээд, тээврийн зардал нэмэгдчихсэн байгаа учраас үнэ өсч байна. Бидний нэн тэргүүнд авах арга хэмжээ бол одоогоор үнээс илүү хангамжийн асуудал дээр илүү санаа зовж ажиллаж байна.

-Засгийн газар Өмнөговь айм­гийн Засаг даргын талаар ямар шийд­­вэр гаргасан бол?

-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /өчигдөр/ Өмнөговь аймгийн Засаг даргын ажлын тайланг сонслоо. Үүний дагуу хэд хэдэн тодорхой чиг үүрэг өгсөн. Нэн түрүүнд Өмнөговь аймгийн хөгжлийн цогц бодлогыг тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулж хийлгэх боллоо. Өмнө нь тус аймгийн дэд бүтцийн хөтөлбөрийг Засгийн газар баталж байсан. Үүнд зам, төмөр зам, цахилгаан эрчим хүчний салбарт чиглэсэн бодлого гаргасан. Эдгээр бодлого өнөөгийн байдлаар ажил бо­лоод хэрэжиж байна. Харин бүсийн хөгжлийн стратеги гэдэг нь нийгэм, байгал орчин, сургууль, эмнэлгийн асуудлыг шийдэх юм. Эдгээр асуудлыг дэд бүтцийн хөтөлбөр дээр нэмээд хоёр долоо хоногийн хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өглөө. Өмнөговь аймагт томоохон бү­тээн байгуулалт өрнөж эхлээд байгаа. Бүтээн байгуулалтын асуудлыг ший­дэхэд уснаас эхлээд хүндрэлтэй асуудал тулгарч байна. Өмнөговь аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн асуудлыг шийдэхгүй байгууллагуудтай хариуцлага тооцож яаралтай шийд гэдэг үүргийг мөн өглөө. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүд байна. Эдгээрийн нэг нь “Тавантолгой транс” ХХК. Эдгээр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох ёстой. УИХ-ын нэгдсэн чуул­ганы хуралдаанд “Тавантолгой транс”-ын асуудал хэд хэдэн удаа яригд­сан. Тэгэхэд 2010 онд энэ компани хамгийн их нүүрс олборлож, экспортлож хамгийн их орлого олсон байхад компанийн захиралууд нь яаж томилогддог, оператор компанийг хэн сонгодог, нүүрс борлуулах олборлох гэрээг яаж хийдэг нь нууц байдаг. Засгийн газар байтугай орон нутгийн иргэд ч мэддэггүй. Тэгэхээр энэ байдлаа улс төрийн өнцгөөс харахаа боль. “Тавантолгой транс” ХХК бол орон нутгийн сайн сайхны төлөө, ил тод үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзсэн. Дээрээс нь аймгийн нэгдсэн эмнэлгийг бий болгох, 175 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг байгуу­лах талаар Засгийн газар ярьж ирэх 2012 оны нэгдсэн төсөвт суулгах хэрэгтэй гэж үзсэн. 

-Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраад  хариуцлага тооцох хэрэг­­­­­­­­тэй гэж яригдаад байгаа. Түү­нийг ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тухай ярьсан. Энэ талаар хөндлөнгийн хяналт хэр зэрэг чанга тавигдах бол?

-Асуудал бол нэг бус удаа яригдсан. Ашиг сонирхлын зөрчил байна. Хувийн хэвшлийн 49 хувийг төлөөлж буй хүнийг 51 хувийг эзэмшдэг Засгийн газрын байр сууринд тавьдаг. Ийм үйлдэлдээ дүгнэлт хий гэдэг асуудлыг зарим сайд нар хэлсэн. Жишээлбэл би хэлсэн. Тийм учир энэ асуудлаа аймгийн Засаг дарга цэгцлээд Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой.

Г.ДАРЬ, Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж