Чилийн сан хувийн хэвшилд тулгуурлан хөгждөг

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Чилийн сан хувийн хэвшилд тулгуурлан хөгждөг

“Чин үнэнийг хэлэхэд Чилийн сан бие биедээ итгэх итгэлгүй, ээдрээтэй харилцаа бүхий хоёр талуудын нэгдлээс үүсэлтэй. Ийм эрс тэс талууд үнэ цэнийг бий болгосон тохиолдол түүхэнд нэн ховор” гэж Бүгд найрамдах Чили улсын “Чилийн сан”-гийн компанийн хөгжлийг хариуцсан захирал В.Марсело яриандаа онцолсон. Дэлхийн банкнаас өчигдөр өглөөний 08.00 цагаас зохион байгуулсан видео хуралд тэрбээр оролцсон бөгөөд Монголын талаас Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үндэсний шинэтгэлийн хорооны мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Видео хуралдаан гурван цаг үргэлжилж манайд ажлын цаг жигдэрсэн бол Чилид үдшийн 23 цаг өнгөрч, ноён В.Марселогийн амралтын цагаас багагүй хумслахад хүрсэн юм.
Анх 1974 онд байгуулагдсанаасаа хойш 76 компанийг үүсгэн байгуулсан, хамгийн гол нь улс орноо дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас авран хамгаалж чадсан энэхүү сангийн тухай монголчууд бид олонтаа сонсч байсан. Чили улс байгалийн нөөц баялгаа экспортлон, уул уурхайн салбараа түлхүү хөгжүүлдэг гэдгээрээ манайхтай төстэй. Гэвч тэд баялгаа худалдаж олсон мөнгөө ядуу буурай ард олондоо тараагаад өгчихдөггүй гэдгээрээ биднээс ондоо гэдгээс илүү мэдээлэлтэй нь бидний дунд цөөн. Тогтворжилтын сангаа баяжуулахын тулд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн түлхүү  үйлдвэрлэдэг байх даа гэх хар таамаг төдийхөн очсон миний хувьд ноён В.Марселогийн “Бид олборлосон баялаг болгондоо нэмүү өртөг шингээж чаддаггүй. Тиймээс боловсруулж буй зэсийн хэмжээг чамлан, нэмүү өртөг үйлдвэрлэсэнгүй гэж зэмлэх эдийн засагч цөөнгүй байдаг. Манай улс котодын зэс, электрон бүтээгдэхүүн, электрон чип ч үйлдвэрлэдэггүй. Модыг ч мөн гуалингаар нь экспортолж байна. Ойн аж ахуйгаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл маш их өртөг шаардахын дээр мебель тавилгыг бид бусадтай өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс түүхий эдээрээ өрсөлдөх нь бидэнд ашигтай” гэсэн тайлбар сонирхолтой санагдаж байлаа. Тэгээд тэр баян санг хэрхэн бүрдүүлж, барагтайд гар сунгадаггүй америкчуудын алгыг тэнийлгэж, ганцхан “ВНР” компаниас л гэхэд  40 сая ам.долларыг гаргуулж боловсрол, хүний хөгжлийн салбартаа зориулж чадсан нь гайхалтай биш гэж үү. Гэвч энэ гайхамшгийг урт удаан жилийн турш бүтээсэн байна. Дээр тодотгосончлон хоёр өөр ертөнцийнхөн эвсэн нэгдэх гол гогцоо нь ердөө л шинэ санаа шинэ технологи байжээ. Чили улсад 1973 онд гарсан Пиночетийн цэргийн засаглал нь АНУ-ын үндэстэн дамнасан томоохон корпорациудын өмч хөрөнгийг улсдаа татах бодлогыг барьж байжээ. Гэвч тэд хөрөнгийг буцаан олгосон бөгөөд олгосон мөнгөө Чили улсад хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулахыг шаарджээ. Энэхүү ухаалаг алхмын нэгэн жишээ нь Чилийн Засгийн газар, Америкийн Олон улсын харилцаа, холбоо /ОУХХ/-ны  компанийн хамтран байгуулсан гэрээний дагуу бий болсон Чилийн сан юм. Энэхүү сан өдгөө дэлхийд тэргүүлэгч компанийн нэг ВНР-тэй түншлээд амжсан төдийгүй захирлуудын зөвлөлийн гишүүдийн тал хувь нь Засгийн газраас, тал хувь нь хувийн хэвшлийнхнээс бүрддэг байна. Өөрөөр хэлбэл тус сангийн гол уриа нь өнөө жилээс манай төрийнхний амны уншлага болоод байгаа “Төр хувийн хэвшлийн түншлэл” юм байна. Тэгэхдээ гол тулгуур нь компаниудын өөрсдийн бүтээлч санаачлага гэдгийг сангийн захирал дахин дахин хэлж байсан шүү.

“Коделько”г хувьчлах уу?

Өнөөдөр Чилид уул уурхайн компаниудын хувьд гурван загвар байдаг ажээ. Зуун хувь төрийн өмчит ганцхан компани байдаг нь “Коделько”. Далаад оны үед АНУ-ын компанийг нийгэмчлэх үеэр улсын мэдэлд ирсэн “Коделько”г хувьчлах хэрэгтэй гэж үзэх хүмүүс тус улсын эдийн засагч, улстөрчдийн дунд цөөнгүй гэнэ. Одоогоор хамгийн томд тооцогдож буй уг компан “Коделько” нь “ВНР” компаниас ч үр дүн муутай ажиллдаг, төсвийн мөнгөнөөс багагүй хувийг залгидаг гэхчилэн шалтгааныг  хувьчлах үзэлтнүүд хэлдэг байна. Гэвч “Коделько”гоос улсын төсөвт чамгүй хөрөнгө төвлөрдөг гэдгийг Чилийн сангийн тэргүүн хэлэхээ мартаагүй. Тус улс уул уурайн салбартаа “ВНР”, “Рио тинто” зэрэг “акулууд”-тай тодорхой томъёолсон татварын бүтцийн дагуу бас ажилладаг ажээ. Харин гурав дахь хэлбэр нь Чилийн Засгийн газар үндэсний үйлдэвэрлэгч, хувийн хэвшлийнхний хамтарсан компани юм. Тус улс хувийн хэвшлийнхэндээ ихээхэн итгэл үзүүлдэг бөгөөд өдгөө тус улсын шоронг хүртэл хувийн компаниуд нь гэрээний дагуу ажиллуулдаг ажээ.

Шинэтгэл хийх нь покер тоглохтой адил

Энэ оны хоёрдугаар сарын дүнгээр Чилийн бүгд найрамдах  улсын хүн ам 17 саяд хүрчээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ нь 8350 ам.доллар. 1976 онд тус улсын ДНБ-ын нэг хүнд ногдох хэмжээ манай улсын 2004 оныхтой дүйж байжээ. “Гэвч манай улсын тэр үеийн байдал одоогийн Монгол Улсынхтай адилтгах аргагүй. Манай улсын хувьд тухайн үед улстөр, эдийн засгийн байдал сайнгүй байсны дээр одоогийнх шиг интернэт гэж байсангүй. Тэгэхээр Монголд ДНБ-ээ нэмэгдүүлэх боломж илүү их байгаа” гэж Чилийн сангийн тэргүүн сэтгэл засна лээ. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн нь зэс, загас, жимс, мод, цаасан бүтэээгдэхүүнүүд бас дарс. Экспортод нэмүү өртөг шингээх зөв боловч тус улс олборлосон болгоноороо  эцсийн бүтээгдэхүүн  хийх гэж улайрдаггүй гэдгийг дээр өгүүлсэн. Чилийн санг хөл дээр нь босгосон хөдөлгөгч хүч нь шинэтгэл байжээ. Гэвч шинэтгэлийн зам шулаан дардан байгаагүйн адил тус сангаас санхүүжүүлсэн төсөл болгон ашгаа өгч, компани болгон хөлөө олсон хэрэг биш гэнэ.Үүнийг батлах нэг жишээ бол тус сангийн хөрөнгөөр байгуулсан 76 компаниас өдгөө 22 нь л бүртгэлтэй байдаг аж.  Эрсдэлтэй алхам олныг хийж, эрсдэл ч багагүйг хүлээж байж өнөөгийн төвшинд хүрсэн байна. Аливаад шинэтгэл хийнэ гэдэг шатар биш покер тоглохтой адил гэж нэгэн эдийн засагч хэлсэн байна. Шатрын нүүдлийг урьдчилан тооцоолж болно. Тэр бүү хэл хожил, хожигдлоо  ч таамаглах боломжтой. Гэтэл покерт хожих эсэхээ мэдэхгүйгээр бооцоо тавьдаг. Покерийн үйлдэл бүр эрсдэл дагуулж байдаг. Шинэтгэл хийнэ гэдэг бол үүнтэй адил гэсэн эдийн засагчийн зүйрлэлийг ноён В.Марсело зүгээр ч нэг дурдаагүй нь лавтай. Шинэтгэлийг хийх тогтсон дүрэм гэж байхгүйн дээр улс орон бүрт ч нэг загвар таарахгүй. Үндэстэн бүр өөрсдийн онцлогтоо тохируулан шинэтгэлийг хийх хэрэгтэйг онцолсон. Манай улсын тухайд хоёр том гүрний дунд оршдог онцлогоо мартаж болохгүйг бас сануулсан юм. Ялангуяа Хятад улс глобаль зах зээл дээр тоглолтын дүрмээ тогтоож буй энэ цаг үед монголчууд мэдээлэл, мэдлэг, мэдрэмжтэй байх нь чухал гэсэн үг анхаарал татаж байлаа.
Чилийн сангийн захирлын манай улсад хамаатуулж хэлсэн бас нэгэн үг бол “Уул уурхайн компаниуд урт удаан хугацааны цонхоор харж ажилладаг. Тэдэнд удаан хугацааны тогтвортой байдал юу юунаас чухал” гэсэн үг байлаа.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж