Л.Пүрэвдорж: Зөвхөн Монголд л банк дампуураад байгаа юм биш шүү дээ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдорж: Зөвхөн Монголд л банк дампуураад байгаа юм биш шүү дээ

Төрийн банкны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг өнгөрсөн долоо хоногт УИХ зөвшөөрч, хуульчлан баталгаажуулсан юм. Иймд бид Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой уулзаж,  уг үнэт цаасыг юунд зарцуулах, бусад арилжааны банкуудын байдал ямар байгаа, Анодын дампуурлыг хэзээ зарлах талаар лавлалаа.

 

-УИХ 100 тэрбум төгрөгийн бондыг анхны хэлэлцүүлгээр нь баталчихлаа. Бондыг юунд зарцуулах вэ. Төрийн банкны үйл ажиллагаа хэдийнэ эхэлсэн, энэ хугацаанд үйл ажиллагааг нь ямар мөнгөөр зохицуулж ирэв. Олон нийт бас “Дампуурсан банкны  суурин дээр Төрийн банк байгуулна гэж юу байдаг юм. Төр ивээлдээ авч болдог л юм бол Анодыг ч адилхан авахгүй дээ” гээд шүүмжилж байна л даа?

-Зоосыг хоёр хуваасан л даа, сайн муугаар нь. Сайн нь Төрийн банк болж, муу нь Монголбанкны эрх хүлээн авагчид очсон.  Эрх хүлээн авагч Зоос банкинд үлдсэн муу зээлийг төлүүлэх ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны зүгээс Зоос банкинд байсан сайн зээлийг харилцах хадгаламжтай нь тусгаарлаад шинэ цэвэр Төрийн өмчийн банк байгуулсан,  түүнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг УИХ шийдвэрлэлээ. Яагаад Төрийн банкинд энэ хэмжээний хөрөнгө хэрэгтэй болсон бэ гэхээр Зоост 147 тэрбум төгрөгийн харилцах хадгаламж шилжиж очсон. Хэрвээ ингэж шийдвэрлээгүй бол харилцах дансны болон хадгаламжйн мөнгө гадагшилж, банкны системээс гарах байсан. Улмаар Засгийн газраас гарах бондын хэмжээ ихэсч,  зардал өсөх байсан. Мөн өөр нэг ач холбогдол нь 67 орчим тэрбум төгрөгийн сайн зээл Төрийн банкинд шилжсэн. Ингэснээр зээлдэгчид хуучин нөхцлөө үргэлжлүүлээд зээлээ төлөх боломжтой. Хэрвээ ингэж шийдвэрлээгүй бол 67 орчим тэрбум төгрөгийн зээл төлөгдөхгүй байсан ч байж магадгүй.

-Яагаад, сайн зээл төлөгдөхгүй гэж…?

-Банк дампуурахаар зээлээ төлөх сонирхол буурдаг, зээлдэгчдийн хувьд. Харин энэ хэмжээний мөнгө яагаад хэрэгтэй болов гэхээр 147 тэрбум төгрөгийн пассив шилжихийн зэрэгцээ 80 орчим тэрбум төгрөгийн актив шилжиж цаана нь 60 орчим тэрбум төгрөгийн цоорхой үүссэн. Цоорхойг нөхөх зорилготой юм.  

Хоёрдугаарт, Хадгаламжийн даатгалын  хуулийн дагуу хэрэглэгчдийн хадгаламжийг саадгүй тавьж өгөх шаардлагын үүднээс Монголбанк 34 тэрбум төгрөг гаргасан. Ингээд 100 орчим тэрбум төгрөгийн бонд хэрэгтэй болсон. Бонд гаргахыг зөвшөөрснөөр Төрийн банкны үйл ажиллагаа найдвартай үргэлжлэх бололцоо бүрдэж байна.

-Гэхдээ өр дараад л дашийн шог болгочих юм биш биз, 100 тэрбум төгрөгийг?

-Өр дарах биш, актив,  пассивын зөрүүг нөхнө.

-Бондын хүү, хугацаа нь ямар байх вэ?

-Одоогоор бондын хүү, хугацаа тодорхойгүй байна, Засгийн газар шийдвэрлэнэ.

-Хэзээ тодорхой болох бол?

-Удахгүй тодорхой болох учиртай, өнөө маргаашгүй шийдвэрлэх шаардлагатай.

-Хуучин Зоос дээр Төрийн банк гэсэн хаяг тавиад нэлээ хугацаа өнгөрлөө. Үйл ажиллагааг нь Зоостой харьцуулахад хэр байна?

-Хуучин Зоос банктай харьцуулахад байдал ихээхэн дээрдсэн. Яагаад гэвэл Зоост байсан муу зүйлийг нь цэвэрлээд цэвэр банк байгуулсан. Дээрээс нь Төрийн банкийг Сангийн яам хариуцаж байгаа, Монгол Улсын ДНБ-ийн 40 хувийг хуваарилдаг байгууллага хариуцаж байна шүү дээ. Тийм учраас Төрийн банк найдвартай гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл арилжааны банкууд ямар байдалтай байна вэ. Байнгын хороодын хуралдааны шатанд Анод, Зоосын араас орох хоёр ч банк байна гэж дуулдсан. Монголбанкны хяналт сул байгаа нь ч нөлөөллөө гэж дүгнэх гишүүн байсан?

-Монголбанкны хяналт сайн байгаа учраас арилжааны банк дампуурч байж ч болох юм. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлье. Монголын санхүүгийн систем тогтвортой байна. Санхүүгийн системийн тогтвортой байдал юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр хамгийн гол нь харилцах хадгаламж өсч, банкинд итгэх итгэл нэмэгдэж байна.  Монголын банкны систем өнөөдөр нийт 550 орчим тэрбум төгрөгийн нөөцтэй болчихлоо. Энэ нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар ихээхэн дээшилснийг харуулж байгаа хэрэг. Монголын том банкууд тэр дундаа нэлээд хэдэн банк найдвартай үйл ажиллагаатай байгаа. Нэг үгээр хэлбэл, монголчууд бид банк санхүүгийн хямралыг нийт банкны системийнхээ хүрээнд аваад гарах боломж бий. Мөн банк, санхүүгийн хямрал үргэлжилж байгаа болохор тэдгээрийн дунд доголдолтой хэсэг ч байна. Доголдолтой банкийг чадвал арчлаад аваад гарах, чадахгүй бол цэвэрлээд гарах ийм л замтай. Давтаад хэлэхэд бид энэ хямралыг даван гарах боломж бий. Монголбанкны хувьд энэ хямралыг давах асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтааж нэг талд нь гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Банк, санхүүгийн салбарт үүссэн энэ хямралаас арилжааны банкны удирдлага, төв банк хэр сургамж авч байдаг юм бол. Нэг хэсэг иргэдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэлд төр баталгаа гаргаж, бөөцийлсөн. Одоо харин Засгийн газраас үнэт цаас гаргадаг “моод” дэлгэрүүлчихлээ, жишиг тогтоож байгаа хэрэг юм биш биз?

-Дэлхий дахинд хэрэглэж байгаа л жишиг. Америк, Англи гээд… Зөвхөн Монголд л банк дампуураад байгаа юм биш шүү дээ.  Орос, Америкт ч банк дампуурч л байна. Шийдэж байгаа арга нь харилцах хадгаламжаа банкны салбартаа үлдээж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, сайн зээлээ мөн банкны салбартаа үлдээж бридж банк буюу өөр банк байгуулж, ашиглаж байгаа тэр туршлагаар л бид явж байна. Төрийн банкны үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хувьчилж, хувийн салбарт шилжүүлэх зорилготой байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ бүхнээс банкны удирдлага,  өмчлөгчид асар их сургамж авах ёстой.

-Удахгүй бас Анодод 170 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгнө гэсэн. Яасан гаргаж дуусдаггүй бонд вэ?

-Яагаад Анодод 170 тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлагатай болов гэхээр тэр хэмжээний харилцах хадгаламж гадагшилсан гэсэн үг. Түүнийг тавьж олгоход 170 орчим тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа. Асуудлыг он гаргаад шийдэх байх.

-170 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргасан бэ?

-Монголбанк зээлээр олгосон.

-Тэгвэл Монголбанк яагаад энэ асуудлыг УИХ-д оруулж ирж, зөвшөөрөл аваагүй юм бэ. Төрийн банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай асуудлыг чуулганаар хэлэлцэх үед гишүүд “Ямар замаар Монголбанк том толгой гаргаад 200 орчим тэрбум төгрөгийг Анодод аваачаад өгчих вэ” гэж байсан?

-Маш зөв асуулт байна. Намайг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохоос өмнө энэ асуудлыг УИХ-д оруулж ирэлгүйгээр шийдвэрлээд явчихсан юм билээ. Тэр арга зам үргэлжлээд явж байгаа, цаашид засах ёстой.

-Хэрвээ Засгийн газар Анодод 170 тэрбум төгрөгийн бонд гаргаад өгчихвөл үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх бололцоо бий юу, Төрийн банк шиг?

-Банк бүр өөр өөр. Тэр тусмаа Анодоос банк босгох ямар ч бололцоо байхгүй.

-Арилжааны банкуудад шалгалт хийсэн, түүнээс дөрвийнх нь дүн гарсан гэж дуулдсан. Ямархуу дүн гарсан бэ?

-Дүн ерөнхийдөө гайгүй гарсан, тэднийг нэрлээд яах вэ дээ.

-Үлдсэн банкуудын шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Удахгүй гарна.

-Дахиад Анодыг асууя,  яагаад дампуурлыг нь зарлахгүй байгаа юм бэ? Өнгөрсөн намар та “Анодын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар оруулах ёстой. Гэвч ирц бүрдээгүй зэрэг шалтгаанаар асуудал шийдвэрлэгдэхгүй байна гэж байсан. Түүнээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан уу?

-Анодыг татан буулгах саналыг удахгүй оруулж ирнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар банкны асуудлыг заавал сонсгох учиртай. Яагаад гэвэл банкны асуудал улс орны эдийн засгийг бүхэлд нь хамарсан үр дагавар дагуулж болзошгүй байдаг. Мөн банкны асуудлыг дангаар нь шийдвэрлэж болдоггүй, заавал дагавар үр дагаврыг нь арилгах шаардлагатай байдаг. Аль ч улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь төв банкны ерөнхийлөгчийнхөө үгийг сонсдог дэг журамтай. Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад “Анодын асуудлыг Монголбанк өөрсдөө шийдвэрлэх бололцоотой.  Заавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг сонсоод байх шаардлагагүй гэж үзсэн.

-Монголбанк ганцаараа толгой мэдэж шийд гэсэн үг үү. Яагаад төрийн гурван өндөрлөг өөрсдөөсөө асуудлыг холдуулсан юм бол?

-Тийм шийдвэр гаргасан нь нэг талаасаа зөв, нөгөө талаасаа буруу л асуудал. Уг нь бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар Монголбанкны ерөнхийлөгчийн үгийг сонсоход илүүдээд байх зүйлгүй л байсан болов уу гэж бодож байна.

-Хамгийн сүүлийн асуулт, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Монголбанкны удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой. Хоёр ч банк дампуураад байгаа нь тэдний үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж, огцруулах хүртэл арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг хэдэнтээ илэрхийлж байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би хувьдаа асуудлыг чухам ямар үндэслэлээр,  ямар хэлбэрээр тавиад байгааг мэдэхгүй байгаа шүү дээ. Сонирхоод явах зав ч алга. Би ажлаа л хийгээд явж байгаа.

Г.НЭРГҮЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж