“АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болно. Энэ арга хэмжээний бэлтгэл ажилд зориулж 2015 оны улсын төсөвт 5 тэрбум төгрөг нэмэх санал оруулсан нь дэмжигдсэн. Ямартай ч манай улсад зохион байгуулагдах олон улсын томоохон арга хэмжээнд нийтдээ 40 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн сурагтай. Хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ хэдий ч манай төр, засгийнхан “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, бэлтгэл санхүүжилтийг нарийн тооцоолон гаргах нь зүйтэй болов уу” гэсэн мэдээлэл news.mn сайтаас уншаад бодлоо хэлмээр санагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт 2016 онд Улаанбаатарт зохион байгуулахыг зөвшөөрүүлж чадсан. Тэр дор нь манай Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар дэмжиж дор бүрдээ үгээ хэлцгээсэн байна лээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын ээлжит хурлыг 2015 оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн Тамгын газрын төлөөлөгчид саяхан манай улсад айлчилсан байна. ЕАБХАБ нь 57 гишүүн оронтой. Монгол Улс энэхүү байгууллагад хоёр жилийн өмнө элссэн нь ач холбогдолтой.
Манай улсад ийм хэмжээнд дөхөхүйц томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж байсан. Иймд Тамгын газрынхан нилээд туршлага хуримтлуулсан бизээ. Томоохон уулзалт зөвлөлгөөнийг Төрийн ордондоо л хийдэг. Төрийн ордон маань хэдэн заалтай, багтаамж, техник хэрэгсэл ямархан, нэгэн зэрэг олон уулзалт хийх боломжтой билүү ?
Энэ үүднээс гол санаагаа илэрхийлж, шинээр CONVENTION CENTER буюу МЭДЭЭЛЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ бий болгох саналтай байна.
Сүүлийн жилүүдэд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад томоохон зочид буудал (5 од түүнээс дээш)-ууд яг ийм стандартаар баригдах болсон. Зочид зөвхөн ирж амрах зориулалтаар бус олон улсын хурал, зөвлөлгөөн явуулах 1000 дээш хүний багтаамжтай хурлын заал (баганагүй), үзэсгэлэнгийн танхим, салбар хуралдааны олон танхим, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулах төрөлжсөн заал, уулзалтын олон өрөө, амралтын өрөө, чимээгүй танхим, бүрэн тоноглогдсон синхроон орчуулгын өрөө, орчин үеийн техник хэрэгсэл, интернет-WI FI, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан шат, зам, Ерөнхийлөгчийн хэд хэдэн өрөөтэй, нэг ээлжиндээ 400 хүртэл хүн хүлээн авах бүрэн хүчин чадалтай зочны өрөөтэй (зочид буудал нь үндсэн ба нэмэгдэл бүх үйлчилгээ явуулах даацтай), тохилог ресторан, давхар бүрдээ зоогийн газартай, 100 дээш машины зогсоолтой, нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай зэргээр алс хэтийг харсан цогцолбор байгууламж нэн шаардлагатай байгаа юм.
Гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авахад тэдний аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал чухал байдаг. Энэ үүднээс харвал шинэ зочид буудал барих тохиромжтой газар нь “Их тэнгэр”-ийн амны хашаан доторхи томоохон талбай бэлээхэн байна. Тэнд дэд бүтэц нь бүрдсэн шүү. 2011 оноос уг асуудлыг судалж, бариулах талаар холбогдох газруудад тавьж байсан юм.
CONVENTION CENTER буюу МЭДЭЭЛЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ барих асуудлыг төр төсвийн мөнгөөр дангаараа хийх бус хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж болно.
Ийм цогцолбор барьж чадсан тохиолдолд цаашид олон улсын томоохон хурал, зөвлөлгөөн, урлагын (Азийн болон дэлхийн мисс шалгаруулах, урлагын одуудыг урих зэрэг) арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах үүд хаалга нээгдэнэ. Тэр хэмжээгээр ашиг орлого олж, зардлаа богино хугацаанд нөхөх боломжтой. Уг байгууламжийг хийхэд Монгол улсын төрийн өндөрлөгүүдийн тамгын газар, ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гардан ажиллавал бүтээх магадлал илүү биз ээ.
Сэтгүүлч Г.СУМЪЯА