Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэх үү?

“Авлигатай тэмцэх газрын даргын талаар та ямар бодолтой байна. Ч.Сангарагчааг
 албан тушаалаас нь түдгэлзүүлэх  шаардалгатай юу” гэсэн асуултад УИХ-ын гишүүдээс хариулт авлаа.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү: 

-Шүүх хуулийн хүрээнд асуудлыг шийдэх ёстой байх. Нэгэнт хуулийн байгууллага шалгаж байгаа юм чинь УИХ-д хамаагүй. Шүүхийн шийдвэр гарч байж асуудлыг шийдэх ёстой. Тэрнээс өмнө Авлигатай тэмцэх газрын даргын эрхийг түдгэлзүүлэх, томилох эсэхээ шийдэхгүй.

Я.Батсуурь:

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-аас томил­дог албан тушаалтан болохоор УИХ-д асуудал оруулж ирж шийдэх байх гэж бодож байна.

А.Телехан:

-Авлигатай тэмцэх газар бол өөрөө УИХ-ын харъяа байгууллага. Тэгэхээр тус газрын даргыг хуулийн дагуу татах, эрхийг нь түдгэлзүүлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Анхнаасаа Авлигатай тэмцэх газрын даргын эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой байсан. Гэтэл УИХ-аар хэлэлцүүлээгүй хэрнээ нэг мэдэхэд шийдвэр гаргаад шоронд хийчихсэн. Би энэ асуудлыг сайн ойлгохгүй байгаа юм. Тэгээд энэ байгууллага нь өөрөө эзгүй байгаад байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газрынхаа дарга нартай тэмцээд байгааг би сайн ойлгохгүй байгаа. Хуулийн дагуу бол УИХ-аар хэлэлцүүлээд дараагаар нь хуулийн байгууллага шалгаж дүгнээд шийдэх асуудал. Гэтэл тэгээгүй байж шүүхийн шийдвэр гарсан. Нэгэнт гаргасан шүүхийн шийдвэрийг бид зөв, буруу гэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ энэ байгууллагын удирдлагын асуудлыг шийдэж нэг тийш болгох нь зүйтэй.

Лу.Гантөмөр:

-Ер нь энэ асуудалд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо санаа тавих хэрэгтэй. Түүнээс биш мэдэхгүй царайлаад дүлий дүмбэ оргиод байж болохгүй. Миний санал ийм байгаа. Яг яаж шийдэх вэ гэдэг талаар байнгын хороонд ярьж ажлын хэсэг гаргахгүй бол УИХ бидэнд хамаагүй гэж болохгүй. Авлигатай тэмцэх газар өөрөө УИХ-ын дэргэдэх байгууллага болохоор ямар ч байсан анхаарал хандуулах хэрэгтэй.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж