Өмнөговьд төмөр зам барих хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Өмнөговьд төмөр зам барих хэрэгтэй гэв

Засгийн газрын  хуралдаанд Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа оролцож мэдээлэл хийсэн. Мэдээллийн талаар түүнээс тодрууллаа.

-Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн талаар ямар асуудал хэлэлцэв?

-Өмнөговь аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл сонслоо. Аймгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтууд хийж байгаа. Үүний сайн тал нь аймгийн хөгжил цэцэглэлтэд дэвшил гарч байна. Үүнээс гадна урьдчилан тооцоогүй, зам харгуй муугаас болж байгал орчин сүйтгэх зэрэг сөрөг үр дагавар ч их гарлаа. Иймд Засгийн газрын хуралдаанаар аймаг орон нутгийн дэд бүтэц хөгжүүлэх талаар ярилцлаа.

-Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн ший­дэх болов. Үүнээс үүдээд хүний амь нас үрэг­дэх, байгал орчин сүйдэх олон асуудал гарсаар байгаа?

-Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд хөндөж ярьсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд цаашдаа төмөр зам барихгүй бол машин цуваад нүүрс тээвэрлэнэ гэдэг хэцүү. Тийм учир төмөр замаа яаралтай байгуулах хэрэтэй гэсэн ерөнхий чиглэлтэй байна.

-Орон нутгийн удирдлагын хувьд хамгийн эхэнд шийдвэрлэх асуудал юу байна?

-Орон нутгийн хэмжээнд засмал замын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хэрэв тэгвэл тоосжилт буурна. Ялангуяа Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдад хөдөлгөөнт хүн амын төвлөрөл маш их болсон. Жишээлбэл, Цогтцэций сум суурин хүн ам нь 3300 байхад өнөөдөр тэнд ажиллаж байгаа хүний тоо 9299 байна. Тэгэхээр сургууль, цэцэрлэг эдгээр хүмүүсийн хүүхдүүдэд үйлчилж дийлэхгүй.

-Сумдын Засаг дарга нарын асуудал яриг­даж байна. Цогтцэций сумын Засаг даргын та­лаар ямар шийдвэр гаргасан бол?

-Өмнөговь аймагт том том төслүүд хэрэгжиж байгаа болохоор энэ талд ташаа мэдээлэл тарсан байж болох юм. Энэ асуудлыг үгүйсгэхгүй. Оюутолгой, Тавантолгой гэсэн томоохон төслүүд хэрэгжиж байхад усны хоолой, бүтээн байгуулалт хийгдэх газрын асуудлыг шийдэж чадаагүй тухай ярьж байгаа юм. Энэ тухайд яагаад асуудлыг шийдэж чадаагүй байна гэдэг талаас ярихаас биш хүн солих тухай асуудал биш. Шалтгаанаа судлаад газрын асуудлаа шийдээд холбогдох сайд нартай уулзах үүрэг авсан.

-“Энержи ресурс” мөн “Тавантолгой транс” ХХК нар нүүрс тээвэрлэж байгаа газраа зам тавина гэж байсан. Тавьж эхэлсэн үү?

-Энэ асуудал сая яригдсан. Монгол Улсын хэмжээнд нэг тодорхой бодлого баръя гэж шийд­сэн. Түүнээс биш тэнд нүүрс зөөж байгаа компани болгон зам тавина гээд байж болохгүй. Бодлогын чанартай асуудлаа зангидаад томоохон бүтээн байгуулалт хийх боллоо. 

-Оюутолгойтой холбоотой асуудлаар Зас­гийн газар өнөөдөр хуралдаж ямар  шийдвэр гаргасан бол?

-Оюутолгойтой асуудлаар хэлэлцэхэд төслийн бүтээн байгуулалтын ажилд саад болохгүй байх. Орон нутгаас шалтгаалах бүх зүйлийг яаралтай шийдэж өгөх хэрэгтэй гэсэн шийдвэр гарч байна.
 
-Цогтцэций суманд газрын наймаа хөгжиж, хашаа хатгах газар 10 сая хүрээд байгаа гэсэн?

-Мэдээж Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрыг үнэ төлбөргүй хувьчилж байгаа. Мөн үйл ажиллагаа явуулах газар байна. Өнөөгийн байдлаар газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Дуудлага худалдаанд газрын үнийг янз янзаар өсгөх явдал гарч байгааЯмар хэмжээтэй газар авч ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаагаас шалтгаалаад хичнээн хүн яаж өсгөхийг бид тогтоохгүй.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж