Ноолуурын салбарынхантай ”амжилттай барьцав”

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Ноолуурын салбарынхантай ”амжилттай барьцав”

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ноолуурын салбарыг дэмжих 110 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх анхны хэлэлцүүлэг үргэлжлэв. Өнгө­рөгч долоо хоногт тус байнгын хороо­гоор уг асуудлыг хэлэлцэх үед тус хөрөнгө оруулалтын зарцуулалтыг ганц­хан ноолуурын салбарт олгох нь зохисгүй талаар саналууд гарч энэ талаар санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.

Харин тус ажлын хэсгийнхэн энэ удаагийн хуралдаанд уг санхүүжилтийг зөвхөн ноолуур гэх хязгаарлагдмал хүрээнд биш өргөтгөсөн байдлаар зарцуулах сана­­лыг боловсруулан оруулсан аж.  Өмнө нь зөвхөн ноолуурын 12 компанид мөнгө хувиарлах нь гэж хардаж, бусад мал аж ахуйн үйлдвэрлэлийн бусад чиглэлийнхэн энэхүү мөнгөнөөс хувь хүртэх нь зүйтэй гэж “барьцсанаар” ноосны салбарынхан болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс хүртэх боломж ийнхүү нээгдсэн байна.  Ийнхүү өргөт­гө­хөөр болсонтой холбогдуулан уг тогтоолын төслийн нэрэнд өөрчлөлт оруулан “Үндэсний үйлд­вэр­лэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” тогтоол болгон оруулж иржээ. Мэдээж зөвхөн ноолуурын салбарыг дэмжих өмнөх хувилбараар орж ирсэн бол дэмжлэг авахгүй байх магадлал тун өндөр байсан гэдгийг зарим гишүүд ч хэлж байв. Учир нь ноолуурын салбарт хөрөнгө оруулах хугацаа хожимдож, ихэнх түүхий эд үйлдвэрлэгчид, чен­жүү­дийн гарт очсон аж. Ийм шалтгааны улмаас ийнхүү өргөтгөн оруулж ирэх болсон бололтой.

Боломжийн нөхцөлтэй хөрөнгө оруу­­­­­лалтанд хамрагдах “лобби” үү­гээр зогссонгүй. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр тэмээг хамгаалах асуудлаар Б.Чойжилсүрэн нарын ги­шүүд хүчтэй тавьж “Сүүлийн жилүү­дэд хоёр бөхтэй тэмээний тоо толгой хорогдож байна. 1956 онд Монголд 800 мянган тэмээ байсан бол одоо 277 мянган тэмээтэй болчихсон байна. Үүний хамгийн гол шалтгаан нь тэмээ­ний махны үнэ ноосны үнээс өндөр учраас малчид өсгөх сонирхолгүй бол­сон. Иймд тэмээний ноосны үнийг 10 мянган төгрөг болгомоор байна” гэв.

Мөн Р.Буд гишүүн “Ноолууртай барьцалдуулж ноосыг оруулж ирсэн байна. Үүний дээрээс арьс ширний үйлд­вэрлэлийг хамруулмаар байна.  Энэ чиглэл бол улирлаас хамааралгүй ажилтай. Ингэх үндэслэлийг энгийнээр тайлбарлавал урд хөршөөс сураа экс­портлодог болчихлоо шүү дээ” хэ­мээн арьс шир боловсруулагчдыг ч хамруулахыг хүслээ. Гэсэн хэдий ч хууль санаачлагчдаас “Эхний ээл­жинд нэгдсэн зохион байгуулалтанд орсон нь ноолуур, ноосны салбарынхан. Иймд дараа дараагийн салбарынхан ийм зохион байгуулалтанд орвол дэмжлэг үзүүлэх боломж нээлттэй шүү дээ” гэсэн байна. Ийнхүү хэлэлцээд өргө­жүүлэн оруулж ирсэн саналыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж