Харанхуй болчихоор харих зам аюултай болчих юм. Цагийг урагшлуулахсан
Гэмт хэргийн дийлэнх шөнө, оройн цагаар үйлдэгддэг гэдгийг бүгд мэднэ. Орой болоод ирэхээр цаанаа л ёозгүй. Нийт гэмт хэргийн 90 орчим хувь нь үдэш, оройн цагаар үйлдэгддэг гэсэн судалгаа ч бий. Хэрэв зуны цагт цагийг урагшлуулаад эрт ажиллаж, эрт тардаг болчихвол энэ бүхэн багасна. Өглөө эрт ажилтай хүмүүс юу гэж шөнөөр сэлгүүцээд байх вэ. Эртхэн ажил тарчихвал жинхэнээсээ бар, ресторанууд 12.00 цаг хүртэл ажилладаг журам үйлчилнэ. Ихэнх газрууд одоо ч барагцаагаар шөнийн нэг хүртэл ажиллаж байгаа. Орж ирсэн хүмүүс нь ууж, ярьж амжаагүй юм чинь суугаад байлгүй яах вэ. Яагаа вэ, “Жам ёсны зүйлийг механик аргаар хориглоод ямар ч үр дүнгүй” гэж оюутан байхад заалгаж байсан даа. Замбараагүй архидалт багасаж, цахилгааны хэмнэлт гараад л энэ бүхэн эдийн засагт хэрэггүй гэж үү. Он нь хуучирсан ч агуулга нь хуучраагүй 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ. Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. Одоо дахиад нэг судлаад орхивол энэ тоо хэд дахин өсөх биз. Эрт сэрж, эрт унтацгааснаар цахилгаан станцуудын ажиллагаа хөнгөрнө биз дээ. Эрчим хүчний сайд аа, Энэ цагийг урагшлуулахыг та чадахгүй гэж үү? Хэмнэсэн цахилгаан, нүүрсний хэмжээний тоогоор байгаль орчны бохирдол, гэр хорооллын утаа багасна. Шийдэж чадахгүй олон асуудлаас салгах нэг гаргалгаа энэ биш гэж үү. Байгаль орчны сайд аа, танхимын гишүүддээ үүнийг хэлэхгүй юм уу?
Өөрийгөө цамцаар оруулчихаад цэцэрлэг рүү гүйсээр байх уу, цагийг урагшлуулахсан
Ажлын цагаар хувийн ажлаа амжуулдаггүй “хэнхэг” ажилчин ертөнцийн гурван ховрын нэгд орно биз. Хэрвээ хувийн ажлаа амжуулахгүй бол ар гэрийн амьдрал хэцүүднэ. Ингэхээр эвтэйхэн шиг л зохицуулах үлдэж байна. Ажлын цагийг дуусгаад цэцэрлэг, яслид буй хүүхдээ авахаар очсон чинь танай бацаан ганцаараа бүлтэгнэчихсэн хүлээж байгаа биз дээ. Авгай нөхрийн хооронд “өнөөдөр чи аваарай” гэх хэрүүл бол байнга. Арга сүвэгчилж, ажил дээрээ байгаа мэт харагдах гэж суугаа сандал дээрээ цамцаа тохож үлдээчхээд гарах нь ч бий. Одоо ч сандал дээр тохсон цамцанд хууртдаг дарга цөөрөөд өнөөх хурууны хээгээр бүртгэдэг цөвүүн цагийн зэвүүн машин олширч эхэллээ. Гэсэн ч байдал өөрчлөгдөхгүй. Ямар цэцэрлэгт хүүхдээ ганцааранг нь үлдээлтэй биш, ажлын сүүлийн цагийг “cancel”-даж л таарна. Гэр бүл, хувийн эрх ашиг ямар ч нийгэмд, ямар ч хүнд нэгдүгээрт л байх болно. Ингэхээр хувийн ажил, нийтийн ажлыг нэг дор байлгасаар байх нь зөв үү. Боловсролын сайдаа, Үүнийг та л дуугарах ёстой юм биш үү?
Улсын эмнэлэгт үзүүлэхээр ажлын цаг таардаггүй ээ, цагийг урагшлуулахсан
Улсын эмнэлэгт үзүүлэхийн тулд ажлаасаа чөлөө авах, “аргалаарай” гэчхээд сэмхэн амжуулахаас өөр арга байхгүй. Чөлөө авах боломжгүй ажилтай хүмүүс ч олон бий. Ажлын өдрүүдэд ажлын цаг давхацна. Амралтын өдрүүдэд эмнэлгүүд амарна. Хувийн эмнэлгийн төлбөрийг даах хүнээс даахгүй нь олон. Цагийг урагшлуулахын сөрөг талыг биологийн хэмнэл алдагдаж, улирлын чанартай өвчин ихэсдэг хэмээн тайлбарладаг. Гэвч урагшлуулснаар эрүүл мэнддээ анхаарах цаг ихсэж, чөлөөт цаг бий болсноор төрөл бүрийн хоббитой болж, спортоор хичээллэх боломж нэмэгдэнэ. Гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацаа нэмэгдсэнээр ямар олон давуу тал хүн амын бодлогод эерэгээр нөлөөлөхийг тоочоод ч барахгүй. Ёс суртахуун, хүүхдийн хүмүүжлийн хэтийн төлөвт тустайг ч үүнд дурдаж болно. Ингээд давуу тал, сул талыг нь жинлээд үзвэл аль нь дийлэх нь тодорхой. Шөнө орой явж байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдлуудыг оруулахгүйгээр жинлэхэд энэ шүү дээ. Магадгүй хүлцэнгүй нэг нь өөрийн эрүүл мэндийг хойшлуулсаар байгаад нэг л өдөр бүр хэвтэж орхино, эсвэл нүд анина. Уулын оройгоос жижиг цасан бөмбөгийг өнхрүүлэхэд бууж ирэхдээ юу болж орхидог билээ. Үүнийг чинь Snowball effect гэдэг бил үү. Эрүүл мэндийн сайд минь, энэ удаа таны үгийг л хүлээж байна. Та дэмжихгүй гэж үү?
Давхар ажил хиймээр байдаг. Ажлын цагийг урагшлуулахсан
Давхар ажил хийхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Зөвшөөрсөн ч гэж дээ, тавлаж байхгүй юу, муу .. : ) .. /энэхүү хэсгийг бага насны хүүхэд уншиж болох тул сэрэмжлэх үүднээс устгасан болно/ Уг нь 17,00 цагт эхний ажлаа дуусгачихвал дахиад 4-5 цаг “халтуур” хийчих боломж Улаанбаатар хотод, улсын маань сэргэлэн ажилч иргэдэд багагүй бий. Хэрэв давхар ажил хийвэл орлого нэмэгдээд, амьдрал сайжраад л ирнэ. Төрөөс халамж горьдох ч хэрэггүй болж хууль тогтоогчдоос мөнгө нэхэхгүй. Хэзээ халамж өгөх вэ гэж сайдын чихнээс хонх уяхгүй. Ер нь өдрийн энэ цагийг илүү үр бүтээлтэй ашиглах санааг 1754 онд АНУ-аас Франц улсад суух төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Бенжамин Франклин гээч өнөөх товариш бодож олжээ. Олон ч зүйл санаачилж, олон ч сайн сайхан санааг үлдээж дээ. Гэхдээ цагийг урагшлуулж зуны цагийн тоололд шилжиж байх санааг тэр бодож олоогүй байсан ч хэн нэгэн олох л байсан. Яагаад гэвэл энэ чинь бараг л жам ёсны санаа. Дээрх санааг нь Британи улс анх хэрэгжүүлснээр эдийн засгийн ихээхэн хэмнэлт гаргасан гэдэг. Эрчим хүч хэмнэх, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой нь нэгэнт батлагдсан тул дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх оронд зуны цагийн тоололд шилжсэн аж. Цагийн тооллыг урагшлуулснаар хамгийн наад зах нь давхар ажил хийх боломжтой болж, бүтээмж өсөж, иргэдийн амьдрал дээшилнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд аа, та энэ талаар ярихгүй юм уу?
Урагшлуулахсан гэж бодсоор байтал амьдрал минь дуусах нь. Амьдралыг ухраахсан
Амьдралыг ухрааж болохгүйгээс хойш урагшлуулж яагаад болохгүй гэж. Юуны тулд “Нарлаг Монгол” гэгддэг билээ дээ. Жилийн 2/3 нь нартай байдаг улс яагаад энэ давуу талыг ашиглаж болохгүй гэж. Франклин нөхрийн санааг бид өмнө хэрэглэж байсан. Монгол Улс “Ажлын өдөрт өөрчлөлт оруулах тухай” Сайд нарын зөвлөлийн 1960 оны 245 дугаар тоот тогтоолоор ажлын эхлэлтийг нэг цагаар урагшлуулах замаар зохицуулалт хийж байжээ. Түүнээс хойш ажлын цагийн эхлэлтийг зохицуулах тухай тэр үеийн Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хэд хэдэн тогтоол гарч байсны дотор 1985 оны 74 дүгээр тоот тогтоолоор “…жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн ням гариг хүртэл БНМАУ-ын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан, ажил үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байх”-аар тогтоосон байдаг. Энэхүү тогтоол нь 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжсэн бөгөөд 1999 онд Засгийн газрын “Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай” 48 тоот тогтоолоор хүчингүй болгожээ. Харин Засгийн газрын 2001 оны 93 дугаар тоот тогтоолоор зуны цагийн тооллыг дахин мөрдөж эхэлсэн ба 2005 онд Засгийн газраас уг тогтоолыг дахин хүчингүй болгоод орхисон. Цагийн тооллын зохицуулалтад шилжих нь монголчуудын хувьд шинэ зүйл биш. 2005 он хүртэл ашиглаж байсан жишгийг бүү хэл хорин нэгэн оны үед ашиглаж байсан намынхаа нэрийг сэргээж болдог биз дээ. Цагийг урагшлуулсны уршгаар шууд бий болсон өвчин, гай тохиолдоогүй л биз дээ. Шууд хийчхэж чадахгүй бол эхний алхам болгож ажил эхлэх цагийг урагшлуулаад орхи. Унгарчууд өглөө 7.00 -гоос 14.00 цаг хүртэл ажиллаад болоод л байна. Ургах нарыг унтаж угтахыг би хүсэхгүй байна. Агуу зүйл энгийн байдаг гэдэг. Арай эрт босцгооё гэж хэлэхгүй юм уу, ард түмэн минь?
За ингээд дуусгая. Одоо бацааныгаа цэцэрлэгээс авахгүй бол болохгүй. Даргын нүдийг хариулж байгаад хаалга руу ухасхийнэ дээ…