Өмнөд Солонгосын АЦС ажиллуулагчийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын АЦС ажиллуулагчийг хакерджээ

Өмнөд Солонгосын АЦС ажиллуулагч “Korea Hydro and Nuclear Power” гидро, цөмийн энергийн компанийн компьютерийн системд хакерууд халджээ. Хакерууд тийм ч чухал бус мэдээллийг хулгайлсан бөгөөд энэ нь АЦС-ын үйл ажиллагаанд аюул учрахгүй гэдгийг холбогдох албаныхан мэдэгджээ. Харин Сөүлийн прокурорын газраас мэдээлснээр хакерууд АЦС-уудын зураг төсөл, цацрагийн хэмжээний үнэлгээ, цахилгаан дамжуулах шугамын мэдээллийг хулгайлсан гэнэ. Гэхдээ Өмнөд Солонгосын Эрчим хүчний сайд тус улсын АЦС-ууд хакерын халдлагын эсрэг найдвартай хамгаалалттай тул санаа зовох зүйлгүй гэдгийг мэдэгдсэн байна. Хэдийгээр Өмнөд Солонгосын албаныхан АЦС-ын аюулгүй байдалд ийм итгэлтэй байгаа боловч “Твиттер” хэрэглэгчид хуучирсан цөмийн реакторуудыг хаахыг шаарджээ. Цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгч “Твиттер” -ийн нэг хэрэглэгч “цөмийн реакторуудыг хаахгүй бол АЦС ажлуулагчийн мэдээллүүдийг олон нийтэд цацна” гэж жиргэжээ. Мөрдөн шалгах албаныхан энэхүү хэрэглэгчийн “IP” хаягийг мөрдөж, өмнөд хотын оршин суугч болохыг тодруулсан байна. Гэвч энэхүү “Твиттер” хэрэглэгч  “ID” хаягаа “алдсан” гэж мэдүүлжээ.

 

“Korea Hydro and Nuclear Power”  компани нь Өмнөд Солонгосын “Korea Electric Power” эрчим хүчний корпорацийн нэг салбар аж.

 

Америкийн “Sony Pictures” компани хакерын халдлагад өртсөний дараа энэ хэрэг гарснаараа анхаарал татаж байна. Америкийн тагнуулын агентлагаас “Sony Pictures”-ийн сүлжээнд Хойд Солонгосын хакерууд нэвтэрсэн гэж мэдээлсэн юм. Өмнө нь хакерууд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг таагүй байдлаар харуулсан “Ярилцлага”/Interview/ киног гаргахын эсрэг сүрдүүлсэн нь энэ хэрэгт Пхеньянийг сэжиглэх үндэслэл болж байжээ. Түүнчлэн энэ халдлагын дараа Хойд Солонгосын зүгээс Өмнөдийн аж үйлдвэр, олон нийтийн сүлжээнд цахим дайралт хийж магадгүй хэмээх болгоомжлол өндөр байсан аж. 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: NBC news

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж