Тасалбарынхаа үнийг биш төлөгчийнхөө тоог нэмчих

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Тасалбарынхаа үнийг биш төлөгчийнхөө тоог нэмчих

Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбоо, “Автобус-1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компа­нийн зүгээс жолооч нараараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэд том оврын автобусны үнийг маргааш өглөөнөөс эхлэн 500 төгрөг болгохоор шийдсэнээ танилцуулжээ. Автобусны үнийн өсөлт бууралтыг жолооч нар мэдчихдэг ч асуудал биш нь тодорхой. Өнгөрсөн өвлөөс Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбоо автобусны үнийг нэмэхийг удаа дараа шаардах болсон. Энэ удаад алдагдлаараа түрий барьдаг компаниуд Монголд нүүрлээд байгаа дизель түлшний хомсдлоор шалтаглаад байгаа болол­той.  Өөрөөр хэлбэл, хэвлэлийн бага хурал хийгсэд автобусны тасалбарын үнийг 200 төгрөгөөр нэмэх болсон шалтгаанаа бензин, шатахууны хомс­­дол, дизель түлшний үнэтэй холбож байгаа гэнэ. Автобусныхаа үнийг нэмж болно, гэхдээ нэг асуу­дал байна.

Автобус бол өнөөдрийн хувьд голдуу оюутан залуус, хөгшид хүүх­дийн унаа болсон. Мөнгө төлдөг нь цөөн, мөнгөө даалгуулдаг нь олон учраас л автобусныхан алдагдалтай хэмээн гоншигноод байгаа хэ­рэг. Тэгэхээр автобусны үнийг нэмэ­хээ­сээ илүү автобусны тасалбар авдаг хүнийхээ тоог л нэмэгдүүлэх нь хам­гийн оновчтой, зөв шийдэл болох бус уу.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 160-аад мянган оюутантай. Тэдний 80 мянга нь автобусныхаа мөнгийг төрөөс даалгадаг. Тодруулбал, төр нэрийн дор төсөв бүрдүүлэгчид, тат­вар төлөгчид автобусаар үйлч­лүүл­дэг оюутнуудын зардлыг даадаг. Тэгэхээр  автобусныхаа мөнгийг тө­лөөд иргэний үүргээ биелүүлээд явж байгаа иргэдийнхээ нуруун дээр ачаалал нэмэх биш оюутан залуусыг автобусаар үнэгүй зорчуулахаа л боль­чих хэрэгтэй.

Зугаа цэнгэл, архи дарсанд үрдэг мөнгөө оюутнууд автобус унаан­даа зарцуулдаг болчихбол архидан согтууралт ч буурах нь тодорхой. Автобусныхаа мөнгийг төлж чаддаг­гүй хэрнээ баарнаас архи, пиво авдагчуудын олонхийг оюутнууд бүр­дүүлдэг. Ууж, идэх болохоороо хамгийн баян нь тэд. Тасалбар авах болохоороо татганаж өрөвдүүлдэг нь бас л тэд. Тэднээсээ ав.
Яагаад 18 нас хүрээгүй багачууд автобусанд 200 төгрөг төлөөд яваад болоод байхад амандаа сахалтай ав­гай хүүхэдтэй оюутан гэгдэх залуус автобусанд дураараа зугаалах ёстой гэж.  Нөгөө хуваарилалт нь шог бай­на аа гэдэг шиг л байгаа биз дээ.

80 мянган оюутны автобусны мөнгө болох  30 тэрбум төгрөгөөр замаа сайжруулж, гудамж талбайгаа тохижуулж болно шүү дээ, хотын удирдлагууд аа. Эсвэл аймгийнх нь төсвөөс тэднийг даадаг болгоё л доо. Цалин нэмэхгүй байхад автобусны үнийг нэмэхээр бид юугаараа амь зогоох юм бэ.
Цалин авахаар жагсч байгаа оюутнуудаас  автобусныхаа мөнгийг авахад яагаад болдоггүй юм бэ. 

Монгол Улсын бодлого нь ажил хийж амьдралаа залгуулж, татвараа төлж, төсөв бүрдүүлж байгаа хэдээ тартагт нь тултал мөлжихөд чиглэг­дээгүй л бол автобусныхаа үнийг бус авдаг хүмүүсийнх тоог нэмчих. Алдаг­­­­далгүй, харин ч ашигтай байх вий.­­­

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж