Тусламжаар оруулж ирж буй бүтээгдэхүүнээс “зарахыг хориглоно” гэсэн тэмдэгтэй эм оруулж ирэхийг завдсан хэрэг олон гарч байна. Яагаад ийм бүтээгдэхүүн оруулж байгааг шалгахад “Бид сайхан сэтгэлээр туслах гэж байхад та нар ойлгохгүй байна” гэсэн тайлбарыг өгдөг гэнэ. Сайхан сэтгэлээр туслах гэж байгаа бол яагаад тэд чанарын баталгаа, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр туслаж болохгүй гэж. Тусламж гэхээр хороор ч хамаагүй тусалдаг хэрэг үү. Юунд зориулсан, яаж хэрэглэх нь тодорхойгүй, эм гээд буй хорыг тусламжаар ирж байна гээд зүгээр хүлээж аваад суух хэрэг үү. Бид ч гэсэн адилхан хүн шүү дээ. Дэлхийд данстай, хуультай, тусгаар тогтносон улс гэдгийг гадныхан тийм ч сайн оошоодоггүй бололтой. Эсвэл мэддэг хэрнээ доромжилдог ч байж болох юм. Улсын хилээр эм нэвтрүүлэхэд “Тухайн үйлдвэрлэсэн орны нэр хаяг, баталгаа, зориулалт, зөвшөөрөл, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн байна” гэсэн хуулийн заалт нь байж байхад тусламж хүлээж авч чадахгүй гээд уцаарлаж байгаа гадныхныг юу гэж ойлгох вэ.
Ганцхан жишээ дурдая. Өнгөрсөн оны долдугаар сарын 7-ний өдөр “Ядигар” ТББ-ын тусламжийн шугамаар 379 кг эм нэвтрүүлэхийг завдсан. Энэ эм нь хүчинтэй хугацаа нь дууссан, шошго нь Турк улсын хэл дээр бичигдсэн, савлалт нь бүрэн бус байжээ. Энэ мэт тусламж үзүүлэх нэрний цаана иймэрхүү эмийн туршилт явж байгааг үгүйсгэх аргагүй юм. Туршилтын эмийг хилээр нэвтрүүлэхийг завдах зөрчил жуулчны улиралд бас нэмэгддэг аж. Учир нь жуулчид өөрсдийн хэрэгцээндээ тохируулсан эм, бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Харин зорчигчийн авч яваа эмийг импортын бараа гэж үздэггүй учир зөвшөөрөл шаарддаггүй юм байна. Уг нь зорчигчийн хэрэглэх бүтээгдэхүүнд яаралтай тусламжийн буюу долоо хоног хүртлэх хугацаатай хэрэглэх эм, чихрийн шижин, хорт хавдар, ДОХ, сэтгэцийн эмгэг зэрэг удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах эм ордог байна. Түүнээс биш судсаар сэлбэх шингэн, антибиотик тариа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, цусны бэлдмэл, сийвэн орлох бэлдмэлийг биедээ авч явахыг хориглодог.
Гэтэл энэ бүхнийг зүгээр л гар тээшиндээ хийгээд ороод ирэх нь энгийн үзэгдэл болжээ. Ирсэн хойноо үнэгүй юманд нугасгүй монголчуудад бэлэглэчихдэг гэж байгаа. Үнэгүй зүйлийн цаана юу байгааг нь судалж байхад илүүдэхгүй биз. Энэ нь өөр дээрээ туршилт битгий хийгээрэй гэсэн үг шүү. Өгсөн болгоныг нь алгаа тосч аваад шууд л хэлснээр нь хэрэглэдэг болохоор тэр дундаа солонгосчууд бидэн дээр туршилт хийхээр шийдсэн бололтой. Тийм хардлага төрөх юм. Яагаад гэж үү. Буянт-Ухаагийн боомтоор оруулахыг хориглосон бараа, бүтээгдэхүүн оруулахыг завдсан нийт зөрчлийн 70 хувийг Солонгос улсын иргэд үйлджээ. Ингэж нөхцөл байдал даамжирсан болохоор Монгол Улсад суугаа Солонгос улсын Элчин сайдад албаны хүмүүс хандсан байна. Харин тэд “Гарсан зөрчилтэй танилцлаа. Тэр дундаа эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь эрүүл мэнд төдийгүй, цаашлаад улс оронд аюултай гэдгийг ойлгож байна. Цаашид энэ талаар анхаарч ажиллана” гэсэн хариултыг өгчээ. Тусламж өгч байгаад нь баярламаар ч цаана нь туршилт хийн санаа нуугдаагүйг үгүйсгэх аргагүй. Зөвхөн Буянт-Ухаагийн боомтоор орж ирдэг нь энэ. Өөр хэдэн боомтоор хэнийг хорлох тусламж бидэнд хаяглагдсаныг тоочих боломж ч алга. Туслажийн бараа бүхэнд хяналт тавьж, шаардлагатай ажиллах цаг нь болсныг Буянт-Ухаа хилийн боомтын мэргэжилтнүүд хэлж байна. Хяналт тавьтал нь өвдсөн ч Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай эм, бэлдмэл хэрэглэх нь хамгаас чухлыг сануулах юун. Өвчин үнэгүй авах хэрэггүй биз дээ.