-Эрүүл мэндийн хуулийг яагаад тэгтлээ эсэргүүцээд байгаа юм бэ?
-Бид шинэчилсэн хуулийг тэр чигээр нь эсэргүүцээгүй. Харин зарим нэг шинэчлэн найруулсан зүйл нь эмч нарт төдийгүй эмнэлгийн ажилчдад хэрээс хэтэрсэн гэмээр зүйл байна. Эмч, эмнэлгийн ажилчдын өнөөгийн ажиллаж байгаа төвшин, нөхцөлийг судалж байж гаргах байсан шийдвэр гэж бодож байна.
-Хэрээс хэтэрсэн гэдэг нь?
-Хэрээс хэтэрсэн гэдэг нь шинэчилсэн хуулинд эмч нарт өндөр төлбөр тогтоосон явдал. Мэдээж эмч нар хариуцлагатай, анхааралтай, өвчтөнийг анагаахын төлөө ажилладаг. Зүгээр л эм бичээд л оношлоод явдаг байж болохгүй. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирсон тохиолдол гарч байсан ч үүнийг судлахад эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон нь үнэндээ бага байдаг. Эмч нараа өмөөрч байгаа юм биш.
-Тэгээд хэн буруутай юм?
-Олон дунд алдаа гаргах юм байна л даа. Гэхдээ эмч нарын ажиллаж байгаа нөхцөл, тоног төхөөрөмж, сэтгэл ханамж гэхэд өнөөдөр байхгүй л байна. Жишээ нь, манай эмнэлэг яаралтай чухал шинжилгээгээ “Сонгдо” эмнэлэгээр хийлгэдэг. Энэ эмнэлэг хажууд байгаадаа л болж байна. Улсын төв эмнэлэг гэдэг хэрнээ шаардлагатай тоног төхөөрөмж нь хангалтгүй, хувийн эмлэгээр оношлуулаад явж байна. Бидний гол эсэргүүцэж байгаа зүйл бол эмч нарын хариуцлагыг өндөржүүлэх үүднээс алдаа эндэгдэл гаргахад тавих төлбөр өндөр байхаар заасныг эсэргүүцэж байгаа. Үнэхээр ажилдаа анхааралтай байлгахын тулд хангалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гэх мэт ажиллах нөхцөлөөр нь бүрэн хангаад ийм шийдвэр гаргаж байвал бид эсэргүүцэхгүй.
-Эмч хүн гэдэг хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг энхийн манаач. Гэтэл эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь эрсдэж байсан тохиолдлууд бас бий. Гэтэл та алдаа гаргадаггүй л гээд байх юм?
-Эмч нарыг алдаа гаргахгүй, хариуцлагатай ажилдаа ханд гэдэг үүднээс өндөр төлбөр тавих нь буруу биш. Харин ажиллах нөхцөлийг нь сайжруулаад өгөөч гэдэг хүсэлтийг шаардаад байна. Улсын төв эмнэлэг гэхэд өдөрт 1000-аас дээш хүн үйлчлүүлдэг. Гэтэл эдгээр эмч нар тус тусдаа өрөөнд өвчтөн үзэх ёстой. Гэтэл манай эмч нар нэг өрөөнд хоёр эмч, хоёр өвчтөн үздэг. Шаардлагатай багаж, тоног төхөөрөмжгүй бол өөр эмнэлэгт шинжилгээ хийлгэдэг. Эхо, цус зэрэг шинжилгээний лаборитори ачааллаа дийлдэггүй. Шинжилгээ өгөхөөр хандсан хүн хоёроос гурав хоногийн дараа шинжилгээ өгөх жишээтэй. Гэсэн ч бид дүүрэг, орон нутгаас ирсэн хүмүүстээ ачаалал үүсгэхгүйн тулд өдөрт хоёр ээлжээр ажиллаж байна. Тэгээд ч ачааллаа дийлэхгүй л байна. Эмчид хариуцлагаа тооцохоосоо өмнө ажиллах нөхцөл боломжоор нь хангаад дараа нь торгуулиа өндөр тавиач гэдгийг л хүсээд байна.
– Алдаа гаргахгүй л ажиллаад байвал тэр өндөр төлбөрийг төлөхгүй байж болно?
-Өндөр торгууль төлөхийг хүсэхгүйн тулд хариуцлагатай ажиллах нь зөв. Гэвч хариуцлага алдахад юу нөлөөлж байгааг бас бодолцох хэрэгтэй. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Цалин хангалтгүй, ачаалал ихтэй, шаардлагатай тоног төхөөрөмж, ажлын байрны нөхцөл нөлөөлж байна. Жишээ нь, нэг хүн өдөрт 36 хүн үзэх нормтой байдаг. Гэтэл манай эмнэлэгт орон нутаг, нийслэлийн хүнд өвчтэй хүмүүс ихэвчлэн ирдэг. Эдгээр хүмүүст цаг алдалгүй үйлчлэхийн тулд норм энэ тэр бол өнгөрсөн. Мөн тоног төхөөрөмжийн дутагдал ганцхан манай эмнэлэг биш бүх л эмнэлэгт хангалтгүй байгаа. Нийслэлийн Яаралтай түргэн тусламжид хүртэл машин дутагдалтай. Үүнээс болж өвчин хүндрэх, хүний амь нас эрсдэх аюул гарч ирнэ. Хэрвээ энэ бүхнийг нь сайжруулаад торгууль тавина гэвэл бид эсэргүүцэхгүй. Харин ч алдаа гаргахгүй ажиллах болно гэдгийг л хэлмээр байна.